Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч О дотуур байрнаасаа алга болж, бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг жилийн өмнө гарсан. Талийгаач охиныг нутгийн малчин залуу Б гэгч нь ууланд аваачиж, амийг нь хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэсэн юм. Талийгаач охины биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт хэрэг гарснаас 60 гаруй хоногийн дараа гарч, дүгнэлтээр охины биед гэмтэл үүсээгүй, тархиндаа буудуулснаас үүдэлтэйгээр амиа алдсан, охины биеэс эр бэлгийн эс илэрсэн юм. Түүнчлэн хэргийн газраас хураан авсан буунаас охины найз залуу гэх Б-ийн хурууны хээ олдсон байдаг. Харин талийгаач охины хурууны хээ олдоогүй бөгөөд буунд хүрээгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Талийгаач охин сумынхаа дотуур байранд амьдардаг байсан, байрны болон ангийн багш нь охиныг дарамт, хүчирхийлэлд байсныг мэдсээр байж арга хэмжээ аваагүй. Сургуулийн захирал нь ар гэрийнхэнд худал мэдээлэл өгч, эрлийн ажиллагааг хожимдож эхлүүлсэн. Талийгаач Б гэх залуугийн ар гэрийнхэн буу авч явсныг мэдэж байсан ч арга хэмжээ аваагүй, сумын дэлгүүрийн худалдагч хууль бусаар сум зарсан гээд ноцтой олон асуудал байсан билээ.
Талийгаач охины аав Б.Өлзий УЕП, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хандаж, өргөдөл гаргасан байдаг. Тодруулбал, тэрбээр “Охиныхоо нэр төрийг сэргээж, хариуцлага алдсан сургуулийн удирдлага, ангийн багш, дотуур байрны багш, жижүүр болон бусад холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг хүсэж байна” гэсэн юм.
Тэгвэл бид талийгаая охины аавтай холбогдож, уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар тодрууллаа.
Тэрбээр “Охины минь хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Алуурчин нас барсан учраас хэргийг шийдэх боломжгүй гэсэн. Бид угтаа охиныхоо нэр төрийг сэргээж, хариуцлага алдсан хүмүүст үүрэх ёстой хариуцлагыг нь үүрүүлэхийг л хүссэн. Гэвч хуулийн өмнө бид мөчин мөхөстөж, үхсэний хохь болоод л хоцорлоо. Миний охин амьд байсан бол өнөөдөр их сургуулийн оюутан болчихоод эгчтэйгээ хамт алхаж явах байлаа. Төдийгөөс өдий хүртэл нандигнаж, хайрлаж өсгөсөн цэцэг шиг нялх үрээ араатны гарт алдаж, бусдын доог тохуу болж явах хэцүү л юм. Алгын чинээхэн охин хүүхдийн минь нэр төрийг сэргээж өгөхийг гуйсан өргөдөлд минь тоймтой хариу хэлээгүй байна лээ. Хэн ч хариуцлага хүлээгээгүй, ажлаа хийцгээгээд л урьдын адил инээж хөхрөлдөөд л явж байна. Эхнэр маань эмнэлэгт хэвтсэн. Хүү маань сумын төвд сурч байгаа” гэлээ.
Эргэлт.мн