ЛОНДОН. /Sky News/. Их Британийн Засгийн газар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн худалдааны томоохон эвсэл болох Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт (Comprehensive and Progressive Agreement for Trans-Pacific Partnership) нэгдэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг хэлэлцээрт нэгдэн орох тухай протоколд Их Британийн Худалдааны сайд ням гарагт Шинэ Зеландад болсон CPTPP-ын комиссын хурлын үеэр гарын үсэг зурсан байна.
Энэхүү худалдааны эвсэл нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Австрали, Бруней, Канад, Чили, Япон, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, Сингапур, Вьетнам улсуудыг эгнээндээ нэгтгэдэг. Их Британи нь бүс нутгийн худалдааны эвсэлд нэгдсэн Европын анхны улс болж байна. Уг хэлэлцээрт нэгдсэнээр импортын тарифыг бууруулах замаар түншлэлд оролцогч орнуудтай хийх худалдаа нэмэгдэнэ.
Их Британийн Бизнес, худалдааны сайд Кеми Баденохын хэлснээр, энэхүү хэлэлцээр нь “олон тэрбум фунт стерлингийн нэмэлт худалдааг авчирч, мөн 500 сая гаруй хүн амтай зах зээлд нэвтрэх боломжийг нээнэ".
Энэхүү худалдааны эвсэлд Их Британийг нэгтгэх тухай хэлэлцээ хоёр жил үргэлжилжээ. Уг гэрээ 2024 оны хоёрдугаар хагаст бүрмөсөн хүчин төгөлдөр болох бөгөөд үүний дараа Их Британи санал өгөх эрхтэй гишүүн орон болно.