Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Алдаа оноотой ард хоцорсон 33 жил


ЗХУ-аар толгойлуулсан социалист лагерийн орнуудаас хамгийн буурай, хамгийн бөглүү Монголд 1990 оны өвөл ардчилсан давалгаа хуйларсныг гадныхан байтугай бид өөрсдөө анх талбай дээр очоод нүд чихэндээ итгээгүй. Арга ч үгүй. Тэр үед монгол хүн Улс төрийн товчоог огцор гэх лоозон бариад Ордон өөдөө орилолдох бүү хэл байгууллагынхаа хурал дээр даргыгаа нэр цохож шүүмжлэх аюул байв. Ихээхэн хуцвал нам засаг Ц.Лоохууз, Б.Нямбуу, Л.Цэнд нарын замаар цөлөх буюу даварвал Д.Төмөр-Очир шиг төгсгөнө гэдэгт эргэлзэхээ больсон үе. Гадны даалгавартай-ганц нам ганц хүн жанжилсан баргар нийгэм гээд бодчих.
90 оны өвөл яасан ч айхтар хүйтэрсэн юм. Уухилсан жагсагчдын булгилагч зүрхний буцлам халуурал идэр есийн жаврыг уятуулж дийлэхгүй, хөлдүү орчлонд тэдний амьсгал хэсэг зуур уур унтуу савсуулаад замхарна. Гэвч тийм их хилэн, тийм их нягтрал 70 жил зүрхээ зүсүүлсэн аймхай монголчуудын хаана бүгж байв аа? Овоо доо муу тэнэг ард түмэн минь! Дор бүрнээ ингэж бахархсан. Цуглаан ганц удаа болоод унтраагүй. Цааш юунд ч хоригдохооргүй өрнөсөн нь нийт олонд горьдлого бүү хэл итгэл төрүүлж, эх орноо, ард түмнээ гэсэн омогшил аяндаа амилан дүрэлзлээ.
Даварсан том санаатай бацаануудыг буриад Санжаасүрэнгийн Зориг хэмээх монгол орос холимог цустай хүү толгойлж буй нь тэгсгээд илрэв. Орос ахын коммунизмыг тонилгох хувьсгалыг монгол оросын эрлийз хүү толгойлсон нь хувь тавилангийн хоржоон гэлтэй. Далан жил дарлагдсан ард түмэнд монгол орос эцэг эх учиртай хүү хайрлажээ гээд далдуур залбирсан мухар шүтлэгтэн надаас эхлээд цөөнгүй.
Зөвлөлт империйн мөхөл, социалист системийн нуралтад адгийн муу Монгол хүртэл онгирсонд адгуус хэлд орсон мэт гайхаж ад нь хөдөлсөн зэвүүцэгч дотоод гадаадад бишгүй нь мэдрэгдэв. Найрамдал-дружбагийн нялуурлаас өнгөлөн далдалсан ядмагт дээрэлхүү нууц бүлтэрсэн нь тэр. Их задралыг далимдуулан эх орноо гадны дарамтаас салгаж, өөрсдийн хүсэл, өөрсдийн үзлээр өөд татъя гэх зорилгод бүгд нэгдсэнээс, ардчилал чөлөөт зах зээлийг хувийн хонжоо болгох шунал хараахан үүсээгүй нилэнхүйдээ эх оронч хөөрлийн зурвас үе байв. 
Нам засгийнхаа эсрэг ухуулах хуудас наах амиа хорлохтой дүйж байсан цаг. Намайг эсэргүү хуудас наа гэвэл эр зориггүй хулчгар би бээр айхдаа “за” гэхчихээд НАХ-д сэм матаж магад. Ухуулах хуудас нааж хэн хэн тэнэгтэв ээ гэвэл Бат-Үүл, Сосорбарам, Амарсанаа гэх зулдрайнууд тодорлоо. Тэднийг яах бол? Шоронд бол бат. Арай буудчихгүй байгаа. Цус урсгасан 70 жилээрээ хүн зоныг чичрүүлсэн араатны өөдөөс амиа анх дэнсэлсэн жаалуудыг мангар тэнэг гэж дотроо шоолж асан мань Зөвлөлт импер сэхэмгүй хазаймагц ханцуй шамласан ичгүүрээ нуугаад яах вэ. Аюул суларсанд зарим нь анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсан гээч.
Индэрт заларч үг хэлэх Брежнев Цэдэнбал хоёрт оногдсон тусгай хувь заяа гэх хатуу ойлголттой цаг. Юугаар ч хамаагүй овойлгосон индэр маягийн юман дээр бээрчихсэн хэдэн жаал дэлхийд дийлдээгүй аюумшигт хэрцгий коммунизмыг устгая гэж уухайлах нь инээдэмтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг харагдаж билээ. Хэлмэгдүүлж гаршсан коммунист оронд индэр дээр гарч эсэргүү үг донгосох бүү хэл эхнэртээ хөнжилдөө цуурах осолтой үе. Гэтэл аймаар тэрс үг тэр хэдэн бөөдгөр жаалаас дэлбэрснийг би хувьдаа Монголын бахархал гэж хэзээ ч үнэлнэ. Өөрийнхөө зохиосон “хонхны дуу”-гаар мэхлэгдсэн олноо сэрээсэн цоглог хөөрхөн С.Цогтсайханыгаа би мартахгүй. Бид хайртай ах дүү-багш шавь хоёр явав. Өдгөө хараал зүхэлд балбуулсан тэдэндээ би мэхийж явдаг. Социализмыг амьхандаа битүү егөх нууц санаа тээгч шог зохиолчид тэр үед тийм эр зоригбайгаагүй юм шүү. Үүрээр үстэй дээл өмссөн Баабар цуглаанд оролцох замдаа манайхыг дайрав. Ачигдвал үстэй дээл хэрэгтэй гэж аав нь захижээ.
Хоёр улаан хацар нь холцруутсан ч юм уу гэмээр малчин маркын хүү Ц.Элбэгдорж явил биедээ дэндүү ахадсан, империалист америк л хэлдэг эсэргүү үг индэр дээрээс цуурч соц. нийгмийн нүдийг орой дээр нь гаргав. Ихэмсэг дарга нар илтгэгч жаалыг басамжилж зэвүүцэхийн зэрэгцээ түүний ард индэрт зогссон Зориг Галсандорж Батсүх нарыг өөрсдийгөө нам засгийн удирдагчдын зиндаанд тавилаа гэж шоолсон. Цуглааныг дэмжигч, ажиглагч, эсэргүүцэгч нар алаглаж байв. КПСС-ын дээд курс Москвад дүүргэсэн Дарханы нэхий дээл, орос булган малгайгаар гангарагч илүүдэл жинтэй идэрмэг албан хаагчид дооглох өө сэв хайж, цуглааны араар хямсагнах нь содон. Хачирхалтай нь ардчиллын үр шимийг тэд хүртэж, индэрт гарч адлагдсан анхны хараацай нараас лав л миний дурдсан гурвын нэг нь алуулаад хоёр нь наслаагүй.
Жагсаал цуглааны цуурай гал цогтой бадарч өр зүрхэнд итгэл хуралдав. Иргэн баян бол өрх баян. Өрх баян бол улс баян. Хувийн бизнес, хувийн худалдааг дэмжинэ. Хэнд овсгоо байна, түүнд баяжих зам нээлттэй. Шинжлэх ухаанч үнэмшилтэй уриа, ардчиллын өлгий гүрнүүдийн онол, туршлага, амжилт найдвар төрүүллээ. Шар феадлууд зурагтаар ном хурж даврав. Чоймаа монгол бичиг заагаад цэнхэр дэлгэцээс салахаа больсонд үндэсний үзэлтнээр баалуулж явсан яруу найрагч анд минь уйллаа. Социалист лагерьт ардчилал цунами мэт давалгаалав. Манай хэдэн жаал ч хоцорсонгүй өлсгөлөн зарлаж, үр дүнд нь Улс төрийн Товчоо ухаалаг алхам хийж огцорлоо. Бөөн баяр.
Мэдээж бүгд баярлаагүй. “Даварсан бацаануудыг нялгадаад хаяхгүй огцордог нь яаж байгаа нь тэр вэ” гэж сүрийг бадруулагсад онголзож, зуйрган генерал Ж.Жамъян 1990 онд АИХ-ын чуулган дээр “Монголд өлсгөлөн зарлах гэдэг адал муухай явдлыг одоо үзэж байна. Ийм балмад этгээдүүдийг зэвгийн хүчээр дарах байсан юм” гэж томорсон ч аугаа Зөвлөлт нүдний өмнө сүйрч, Румыны удирдагч гэргийн хамт буудуулж буй нь, зүүн Германы толгойлогч амь хоохойлох нуувч олохгүй нүхээ алдсан огтоно шиг зугтаж яваа нь, Болгарын жолоодогч гэмт хэрэгтний сандалд сууж буй нь телевизээр цацагдмагц манай коммунистууд хийлсэн бөмбөлөг хагарах мэт шалчийв. 
ЗХУ болон Европын ах дүү соц. орнууд коммунист дэглэмээс эгнэгт татгалзаж коммунист намаа татан буулгаад хөрөнгийг хураав. Гайхалтай нь КПСС-ын үнэнч шавь-МАХН-аа Монгол аваад үлдлээ. Октябрийн хувьсгал-зэвсэгт төрийн эргэлт байсныг ах нар албан ёсоор зарлаж тэмдэглэхээ цэглэв. Октябрийн аугаа хувьсгалаас үсэрсэн “оч” гэж өргөмжилдөг ардын хувьсгал гэгч болъщевик үлгэрээ* бид тэмдэглэсээр.
*Ардын хувьсгал маань их хөгжилтэй
Нэг партизан өвгөн ам халаад үг алдсан тухай зохиолч Ж.Лхагва надад ингэж ярьсан юм: Хэдэн морьтой хүн нэг шөнө Алтанбулагийн ойролцоо хэний ч гэлээ (нэрийг мартаж) өвөлжөөн дээр хар үүрээр дурамчхан цугларчээ. Дурамчхан цугларсны учир гэвэл тэднийг тусгай зараар албадан цуглуулсан юмсанж. Сүрхий ч хүйтэн шөнө байж. Тэгтэл тэдэн дээр үүрийн жавраар лам хар монгол дээл давхарлаж өмссөн нэлээд хэдэн орос цэрэг пулемёт буугаа түрсээр ирж Наймаа суурин руу дөхөж очоод гал нээжээ. Монголд ардын хувьсгал эхэлж буй нь тэр. Жаахан базаахгүй нь лам хар монгол дээл өөрсдийнхөө цэрэг хувцасны гадуур давхарлаж нөмөрсөн оросууд манай домогт хувьсгалыг эхэлсэн ч юм шиг. Бас болоогүй, дотоод гадаад объектив субъектив тохироо нь бүрдсэн нийгмийн социалист хувьсгалыг шүү. Гамингууд оросуудын өөдөөс огт эсэргүүцэлгүй хойшоо хил даваад ундуй сундуй арилжээ. Үүнийг орос хятад хоёр урьд нь тохирсон жүжиг ч гэдэг. Хил давж зугтсан гамингууд Оросын вагонд сууж Манжуураар харьсан юм гэнэ лээ. 
Октябрийн хувьсгалын шууд нөлөөгөөр харанхуй бүдүүлэг Монголыг олон зуун жилийн нойрноос сэрээсэн ардын хувьсгалын анхны буун дууны тухай нулимс мэлтэлзүүлсэн нийтлэл бичихээр догдолсон Лхагва зохиолчийн урмыг өвгөн партизаны хууч гомдом унтраасан тул тэр бээр,
-Оросуудыг галлаж байхад монгол партизанууд юугаа хийж байсан юм бэ гэж аягүйцахад нөгөө партизан,
-Оросууд буудаж байхад буу зэвсэггүй бид юугаа хийхэв. Пулемётоороо шүршиж буй оросуудын ард-тэдний яаж бууддагийг, хятадуудын яаж үхдэгийг сонирхомчоо аядаад үүрийн жаварт морин дээрээ бээвийлдэж байсан гэжээ.
-Та нар зэвсэггүй ч гэсэн ядаж гардан байлдаанд ороогүй юм уу?
-Юун гардан байлдаан. Бид бүгдээрээ дах тэхдийтэй, хөдөлж чадахгүй шахам амьтад, тэгээд ч хятадууд хойшоо Оросын хил даваад арилсан юм чинь хэнтэйгээ гардан байлдах билээ гэж партизан өвгөн гоморхжээ. 
1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор би Сүх жанжны хөтөч явсан нэг өвгөн партизаны хөргийг зурж ярилцлага авч “Тоншуул” сэтгүүлд наадмаар нийтэлсэн нь эдүгээ архивт буй. Түүний ярьсан нь:
-Би жанжны хөтөч болохоор дэргэд нь цуг явна. Бид Да хүрээнд орж ирлээ. Бидэнтэй байлдах нь байтугай, биднийг угтах хүн ч ирсэнгүй. Биднийг хүрээнийхэн хүн гэж тоож анзаарсангүйд цөмөөрөө жаахан гомдолтой, хүрээний өндөр хог хавиар “Хаачъя даа байз хө” гэж хэсэг эргэлдсэнээ хаачихаа мэдэхгүй, хэнтэй уулзахаа оноохгүй баахан гиюүрээд сүүлдээ “Ерөөсөө Богдод бараалъя” гээд голын ногоон сүм рүү давхилаа. Бид бүгдээрээ хүүхэд. Жанжин хорь гарсан, би арван естэй байсан юм. Сүмийн гадаа очоод жанжин морио надад бариулаад өөрөө дотогш оров. Бид гадаа нэлээд хүлээлээ. Тэгтэл жанжин маань гараад ирэв. Сайхан шүдтэй хүн байсан юм. Яралзтал инээсээр гарч ирлээ. Бид ч баярлав. 
-За Богд юу гэж байна гэвэл жанжин,
-Богд надад өөрийн мутраар адис өгөөд намайг “Миний захиалгатай хүү дээ” гэлээ гээд жигтэйхэн их баярлачихсан байж билээ гэж Сүхбаатарын хөтөч хуучлав. Түүхэнд бичсэнээр бол Хүрээг чөлөөлөх ардын хувьсгалын шийдвэрлэх их тулаан болж, Богдоос тамгыг нь хурааж авсан биш билүү. Тийм кино олон агаад одоо ч гарсаар. Шар феодал богд Живзундамба, улаан коммунист Сүхбаатар хоёр чинь анги намын эвлэршгүй дайснууд биш билүү?
Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригдана. Асар уудам тал нутагтаа арвин сүргийнхээ аяыг дагаж, хээрээр гэр хэцээр дэр хийж, оторлон нүүж амьдарсан монголчууд зуны дэлгэр улиралд жилдээ ганц удаа чөлөө заваараа цугларч морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвадаг зан үйлээ эрийн гурван наадам гэж алдаршуулж өдгөөтэй золгуулжээ. Үүнээс харахад наадам бол анхнаасаа ямар нэг түүхт ойн өдөр байсангүй. Энгийн олны сайн дураараа тэнгэрийн сайхныг шинжиж байгаад аятай өдрөө зохиодог жирийн нэг баяр байж.
Тэгтэл малчдын овооны наадам-ноёд, лам, нударган гэгч дарлан мөлжигчдийг устгасандаа хөөрсөн барлагууд баярлан наадаж буйгаар улстөржив. Октябрийн хувьсгалын шууд нөлөөгөөр мандсан гэх зохиомол ялалтаа өргөн дэлгэр ёслон тэмдэглэхэд ард олны дуртай наадмыг ашиглажээ. Морь уралдаж бөх барилдахгүй бол ямар ч аугаа хувьсгалын баярт тархай бутархай малчид 30-40 км-ийн чанадаас цугларахгүй. Жир ардын наадмыг гуйвуулж “хувьсгал” гэгчдээ ашиглахыг эсэргүүцэгч олширлоо. Өөрөөр сэтгэхийг эсэргүүн гээд хөнөөдөг харгислал ардчиллаар шувтарч, айдас арилсан тул өөр өнцгөөс харагчид ил задгай маргаан үүсгэх хэмжээнд задарчээ. Аль ч намаас хол, ямар ч улс төргүй “Монгол наадам” хэмээн тэмдэглэж байя гэцгээнэ. 
Гэвч 100 жил аагтаа тулсан коммунист инерци унтарсангүй. Үзэлцэв. Хувьсгалт тогоонд чанагдсан гэж онгирогсод наадмыг өөрсдийнхөө ялалтын баяр гэж өмчирхөөд сүйд. “1921 онд үгээгүй ядуус ардын хувьсгалаар дарлан мөлжигч феодлуудыг устгасан” гэх тэдний сүржин омог цаанаа бядгүй л дээ уг нь. МАН-ынхаа ивээлд шургаж албан тушаалаа дархлах ялдамд ахиу хангамж хүртэх гэсэн бэртэгчингүүд нохойтож яваа нь тэр чааваас. Гэхдээ хөөрхийс минь эрх дархаа тэлэгч харгис улаан Оросоос айсандаа сэтгэхүй нь гэмтчихсэн удмын үлдэгдэл юм шүү тэд. Хүрээнд 1921 оны 7-р сарын 11-нд Гамин Барон аль нь ч байгаагүй. 7-р сарын 11-нд Хүрээнд юу ч болоогүй. Юун хувьсгал? Юун ялалт? Ардууд үндэсний баяртаа цэнгэж байснаас ардын хувьсгал гэгч худал ухуулгыг дотроо бол салаавчилна. Наадмаараа хурд, бяр, уран мэх, цэц мэргэнээ сорилцож явснаас аль нэг цус асгаруулсан ялалтыг магтаж, бахархах гэж цугларч байсангүй. Мянган жилийн түүхтэй ардын наадмыг МАН өөрийнхөө ялалтын ой болгодог. МАН төрсөн өдрөө гэдэг 3-р сарын нэгэндээ АН-ын жишиг, ХХI зууны соёлоор үрлэг багатай ёсолбол хуудуутай хувьсгалд чинь нийцтэй баймаар. Хэрэв тэгвэл хувьсгалт ялалтынхаа ойгоор бахархаж байсан Сталин, Мао, Ким, Брежнев, Цэдэнбал нарын сүр жавхааг гутааж золигтох уу. Тунгаацгаа хүүхдүүд минь. Энэ бол та нарын шийдэх асуудал.
Тойрон хүрээлэгчид ардчиллаар ширээнээс ширдэгт унавал зах зээлд олонтойгоо зэрэгцэн уралдах боллоо. Баялаг бүтээх чадваргүй коммунист хэнхгүүд нэг зураанаас хүн амтайгаа эрх тэгш өрсөлдөхөөс айв. Хувалзанд хурдлах хөл заяасангүй. Хувалзанд чөлөөт өрсөлдөөн-үхэл. Азаар тэдэнд мэхлэгдэх масс бэлэн байж. Зах зээлд бие дааж өрсөлдөх шалгуураас анхилгүйдээ хулчийсан, овсгоогүй, хуучнаа мөрөөдөгч шүдтэй тулмуудын, хөлс гаргахгүй цатгалан амьдрах бэртэгчин хүслийг пост коммунистууд дөрөөлж, хувьсгалт намаар бизнес хийсэн нь гялалзсан амжилтад хүрэв. Тэд жагсаагүй ч ардчилагчдаас туршлагатай нь яваандаа сонгууль бүрээр илрэв. Эрх мэдэл, мөнгөтэй болсон хувьсгалт намын зүг зах зээлийн ширвэлтэд ядуурсан нийгэм хошуурлаа. 
Болъщевик оросуудын бүтээл МАХН-аа монголчууд хөндөөгүйг шинэ Орос хайхарсангүй. Харин тэд бөглүү Монгол баруун гэж сэвсэнд эгдүүцэв. Бид ч гуравдагч хөрш гэж ангалзан орос ахынхаа эмзэг цэгийг хөндөнө. Тэд түүхэндээ мануусыг баруунд ойртуулаагүй дэндүү дээрэлхүү элэг баригчид. Монголыг нөлөөнийхөө хорио цээрийн бүсэд цагдахад болъщевикуудын бүтээл МАХН-ыг нөөцөлсөн байх. Яваандаа оросууд манай гуравдагч хөршийн бодлогыг унтраах нигуртэй. Америк Японтой дипломат харилцаа тогтоох гэж БНМАУ 20-30 жил ямар бартаа тууллаа. 
Төдөлгүй нялх ардчилал халдвар авч ёлцогнов
Би 90 оны хувьсгалын тухай л бичээд байна шүү дээ. Гудманд оросууд цөөрч лангуун дээр давснаас өөр юм харагдахаа болив. Соц. лагерийн нуралтаар зах зээлийн ёроолд унамагц танил бус сорилууд тулгарч барьц алдлаа. Алдагдлаа төсвөөр нөхөж хоосруулдаг ч орон тоогоор хангадаг улсын үйлдвэрүүд албан контортойгоо арилав. Ажилгүй хүн байгаагүй бол ажилгүйдэл хавтгайрчээ. 
Тэгтэл хогийн сав ухаж яс олоод мэрж буй хүүхдүүд нүдэнд өртөв. Цаана нь траншейны архичид. Нүд хальтарч яс хавталзам аймшигт би цочирдож, олон жил архи ууснаасаа болоод нулимс мэлмэрүүлэв. Миний уйлахыг авгай хараад “Архины чинь цагаан солио хөдөллөө” гэнэ. Би ч бас тэглээ гэж бодов. Архи янхан хар тамхийг ардчилал зах зээл бидэнд тулгаагүй. Бүдүүлэг нүүдэлчид эрхээ эдэлж буй нь тэр. Бөмбөрцгийн хөлдүү мухар уятсангүй. Цэвдэг голгүй гэсэхэд лут ухаан орох янзтай. Тийм ухаан бидэнд бийсэн билүү? Ардчилагчид дотроосоо өтөж нэг лидер нь гудамжинд овоохой босгоод хахир хүйтэнд хугацаагүй суулт хийв. Угтаа ардчилагчдын дунд удирдагч болох зодоон ассанаас гайтаж, 90 оны сэргэлт бузартлаа.
Хөгшрөх тусам цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч хачин юм олныг үзэх аж. Ленин багшийнхаа онолоор тэртээ дээгүүр соц. лагерийг толгойлж, капиталист баян лагерийг булшлах гэж улстөржсөн аугаа Зөвлөлт бутрахыг үзэв. Ажилсаг хятадуудад арилжаа ясных аж. Соёлын хувьсгал гэгчээр элэг доог болтлоо солиорч, өлбөртлөө хоосорсон тэд зах зээлд шилжсэнээр шоргоолж шиг дор дороо сэм шургуутсаар мөнгөжихийг үзлээ. 
ЗХУ аюулт зэвсгээрээ айлгасан ихэмсэг бардам омгоо дарж, унасан эдийн засгаа сэргээх гарц хайхдаа хөгжлийн хурдаар гайхагдсан БНХАУ-тай эвлэрч, асар том цэргийн баазаа манайхаас татаж, 70 жилийн хөөрүү боол-Монгол картанд орсноор орос мэргэжилтэн цөм буцав. Тэд монголчуудаас болж зайлж буй мэт үг хаяж, орос цэргийн баазыг бид хөөж гаргасан аятай гомдонгуй дүр эсэгсэн.
Үнэн байдал нүдний өмнө ил хөвөрч байсан ч “Ах нарыг минь ардчиллын бацаанууд гомдоов” гэж сурсан зангаараа долигоносон нь оросуудад биеэ цэвэрлэж, буруугаа маанаг бидэнд тохоход сайхан далим болж билээ. Орос юун Монголыг бодох манатай. Өөрсдөө хэцүүдэж барууны хөгжил өөд тэмүүлэв. Мань тэдэнд гомдоогүй-хэнд ч бэрхшээл ирдэг гээд. 
Ардчилал чөлөөт зах зээлд сайн муу холилддог ажээ. Мууг дуурайх хялбар, сайныг сурах хэцүү. Мэдлэг чадвар хомс-анхилгүй лазан залхуу бид ардчилал зах зээлийн муу руу гулсав. Нэг хүний дарангуйллаас ангижраад сэнтий булаацалдсан бүлгүүдийн хөлд чирэгдлээ. Амар баяжих, дураараа дургих-монгол араншин сэдэрч, өндөр сэнтийд хууль хүрэхээ болив. Хууль хүрдэггүй өндөр сэнтий өөд уралцлаа. Тэднийг зогсоож дийлсэнгүй. Нэг үгээр хаанчлах дон шүглэсэн хоёр нам бар болох өгөгдлийг шатаачхав. Тэднийг хазаарлах ганц арга бий. Тэр нь хаадын ширээнд хууль хүрч үйлчлэх. Хаад хуулиа өчүүхэн зөрчих төдийд ширээнээс нь ширдэгт буулгадаг, хүчирхэг ерөнхийлөгч бус, оюунлаг хүн амтай болохоос нааш төр засаг цэвэршихгүй, улс хөгжихгүй нь мэдрэгдэв. Ард түмэн оюунлаг болбол улс хүчирхэг болно.
Оюунлаг-хүчирхэг хүн амтай болох гарц бол гэгээрэл. Оюунлаг хүн амтай болсон цагт хөгжих ирээдүй гэрэлтэж буй. Бүгдээр гэгээрцгээ. Гэгээрэх боломж хүн бүрт олдсон. Гэгээрэх тусам хүчирхэг болно. Мэргэжлээрээ дэлхийд тэргүүлдэг атлаа даруу журамлаг-сахилга соёлыг дуурайж, үсрэнгүй хөгжлийг гүйц залуусаа. Лусаас заяасан баялгаараа цойл. Онгон дагшин нутагт бэлчдэг 70 сая малынхаа эко мах арьс яс үсийг дэлхийн стандартаар боловсруулж панзалбал валют уутална. Цэвэр экологийн аюулгүй хүнсний эрэлт өсөж буй нь 3 сая бидэнд баршгүй завшаан. Харин монгол хүн биеэ боловсруулж эс чадваас хувхайлах шунал тал талаас зулгааж дуусгана. Эрсдэл мэдрэх сэрэмжээ хурцал. 
Ардчилал чөлөөт зах зээлээр замнаад үсрэнгүй хөгжсөн улс байхад өрөнд унасан нь ч бий. Тэр нь бид. Бидний шившиг нуух аргагүй ил. Гэвч бид өөртөө хир халдаахгүй ардчиллыг зүхдэг. Үнэт зүйлсээ гутаавал муу юм сад тавьдаг жамтай аж. Солонгос Сингапурыг харвал ардчилал чөлөөт зах зээлийг магтмаар, Монголыг харвал ардчилал чөлөөт зах зээлийг зүхмээр. 
Дэлхийн дээвэр*
“Америк Хятадын аюул” гэх зөвлөлт номлолыг хүлцэнгүй зөвшөөрч 70 жил шороо хөдөлгөсөөр 1990 онтой золгуут яасан гээч. Нөгөө айдас хаачсан, нам засгаа буулгахаар боссон гэж байгаа. Нуулгүй хэлэхэд зоригтойдоо бус Зөвлөлт импер нурсныг далимдуулж бүгд эх оронч баатар болж онгирсон юм. Омогшил нь сүржин ч урт гар сунаж ирээд няслах гэвэл эхэлж жагссаныгаа барьж өгөх урвагчид мундахгүй гарах байв. С.Зоригийгоо яалаа? Э.Бат-Үүлийгээ яаж байна? 
ЗХУ бутарснаар бид эрх чөлөөтэй болсон ч зах зээлийн танил бус сорилтод барьц алдаж учраа олохгүй мунгинав. Зах зээлд үлийгээрээ өрсөлдөхөв. Толгойдоо мэдлэггүй, өвөртөө долларгүй-өрний бөөс. Байгаа нь газрын гүнд орших баялаг гэх сураг төдий чулуу шороо. Хүрзнээс өөр багажгүй. Хүрз-импорт. Ганц горьдлого-гадны хөрөнгө оруулалт. Манай кокс, төмрийн хүдэр, зэсийн ордууд аварга хэрэглэгч Хятадтай хиллэдгийг гадны бизнес эрхлэгчид шохоорхож, том том компани корпорациуд үүд тогшлоо.
Америкийн “Пийбоди”-нүүрсний аварга компани. Араас нь “Вале”-төмрийн хүдэр олборлолтоор нэгд жагсдаг бразил компани. Канадаас ураны “Денисен майнз”, “Хан ресурс”. Харамсалтай нь бүгд гараад явчихав. Бодлого тогтворгүй, хууль хувьсамтгай улсад хөрөнгө оруулагчид тогтдоггүй аж. “Хан ресурс”-ийг Оросын тулгалтаар хөөж гаргатал канадууд заргалдаад Арбитрын шүүх Монголыг олон сая доллароор торгов. Эцэст нь “ВНР ВiIIitоh”, “Англо Американ” ирж манай хууль эрх зүйг судалмар аядсанаа толгой сэгсрээд эргэж харалгүй арилав. Тэсэж үлдээд хараалгаж, хөөгдөж буй нь ердөө “Рио Тинто”, “Арево” хоёр. Цаана нь манай солиотууд яаж ч доромжилсон зайлдаггүй Хятадын жижгүүд.
Онгон дагшин уул усаа сэвтүүлэхгүй гэж цээжээ дэлдэж, гаднын хөрөнгө оруулагчдыг хөөдгөөрөө зартай поп улстөрчдөө “эх орончид” гэж сонгууль бүрээр сонгоод амтшуулав. Нөгөөдүүл нь давраад хөрөнгө оруулагчдаас авилга нэхэхдээ нүүр нь улайхгүй болтлоо зэсэрчээ. Авилга өгч орж ирсэн бага гарын хөрөнгө оруулагч бизнесээ эхэлмэгц нутгийн дарга нар дээдсээ дуурайж хахууль авахаар “эзлэгдлээ, устлаа” гэж харанхуй малчдаа тэмцэлд босгодог жүжиг дэлгэрэв. Төмөр хас сахиуст үлэмж биетнүүд нэмэгдвэл жижиг гарын бизнес будаа.
*Дэлхиин дээвэр. Бөмбөрцгийн хөлдүү дээвэрт эрдэс олборлоход хөрөнгө хүч асар их ордог бөгөөд ашиг гарах бүү хэл алдагдалд унах эрсдэл их. Үе үе улаан шороо хуйларсан дэд бүтэцгүй нүд алдам нүцгэн цөлд хөрөнгө оруулж мөнгөө алдахаас хэн ч хаширлана. Монголчууд газар дорх баялгаараа баярхахаас-олборлоход хичээн зоос орохыг төсөөлдөггүй. Уур амьсгалын таатайгаас таагүйг эрэмбэлсэн жагсаалтад Монгол сүүл мушигсан. Олон улсын судалгааны дүн тийм. Худал гэж заргалдлаа ч нутгийн хахир ааш нуух аргагүй догшин. Хэтлэшгүй аглаг хоосон зай, ангамал говь цөл, нутгийнхны “тусгаар тогтнолоо алдана” гэх эх оронч галзуу сэрдлэг нугаршгүй. Энэ бүхнээс хөрөнгө оруулагчид шантардаг. “Тусгаар тогтнолоо алдана” гэх айдас-өнгөрөгч зуунд Кремлээс дэврээсэн “Империализм, Хятадын аюул” гэх суртлаас үлдсэн эмгэг юм.
Нутгийн захиргаа, байгаль орчны яам хоёр хүсвэл “А” лицензийг цуцалдаг эрх зүйн орчныг Г.Занданшатарын хууль бүрдүүлчхэв. “А” лиценз эзэмшигчдийг дээрэмдэх боломжоор Г.Занданшатарын хууль хангаж, хөрөнгө оруулалт зогссон. Ингэж 90 оны тэсгим жаварт өрнөсөн тэмцэл утгаа алдлаа. Гадаад дотоодоос санхүүжилттэй, хийрхэл нь дэндсэн ТББ олонтой улсад гадны хөрөнгө орж ирдэггүй аж. “Гадны шууд хөрөнгө оруулалт их, гаднаас авдаг зээл бага” байхыг зохистой харьцаа гэдэг. Гэтэл манайх гадны хөрөнгө оруулалтыг зогсоогоод гадны өндөр хүүтэй зээлийг ихэсгэх замаар амиа зогоож, үр удмаа өрөнд унагаж буй. 
Уурхай эрхэлж үзээгүй, хуулиар амьдарч сураагүй малчны удам алтанд шунаж нутгаа энд тэндгүй сэндийлж сүйтгэв. Нүд алдам орон зайг сорчлон оторлодог нүүдэлчид нөхөн сэргээлт гэдгийг нулимна. Гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөдөг рейтингээрээ босоо Гамбаа золтой л ерөнхийлөгч болчихсонгүй. Ганцхан хуруу дутав. Эдүгээ “эзлэгдлээ шулагдлаа, ууслаа устлаа” гэх давчидсан эх орончид хот хөдөөгүй яасан ч их олширч, яасан ч их үнэд хүрээ вэ. Тусгаар тогтнол үнэгүйдлээ, аюулгүй байдлаа алдлаа гэж хийморьтойхон попорвол юманд хүрч байна. Мега төслүүдээ гурав дахь хөрш болон хятадуудтай хоршвол тусгаар тогтнолоо алдана гэдэг гишүүд олширч УИХ-ын буг болов. 
Тусгаар тогтнолоо алдах нь гэж сандарсан эрх баригчдыг харахаар “тусгаар тогтнолоо үнэхээр алдаж буй юм байж” гээд цочирдмоор. Манай аюулгүй байдал, тусгаар тогтнолыг устгахаар гаднаас тэгж их заналхийгээд байгаа юм уу. Үгүй байлтай. Их цөлийн дундахь ардчиллын бяцхан оазис гэгдсэн Монголд тусалъя дэмжье гэж хандсан гурав дахь түншүүд шилээ харуулав. Тусгаар тогтнолын дархлаа гэх-Чингисийн Монгол домгоороо багцаатай онгирмоор. “Дээдэс минь халуун амь, бүлээн цусаараа авч үлдсэн тусгаар тогтнол” гээд бид сүржигнэхдээ аймаар. Бөмбөрцгийн мөс цасан дээвэр өөд түүхэнд хэн ч довтлоогүй. Харин бид л гадны баян тансаг хот руу дайрч дээрэмддэг байж. Тусгаар тогтнолоо сэвтээхгүй гэх омог савангийн хөөс үү, чулуу юу. Эсвэл мөнгө, сэнтий юү? 
Том төслүүдээ бие даагаад хөдөлгөх тийм их хүч хөрөнгө бидэнд алга. Ганц боломж-гадны хөрөнгө, технологид дулдуйдан хамтрах. Гэтэл тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэж хийрхсэн эх орончид нөгөө ганц боломжийг маань үргээчхэв. Эх орончдын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэх баатарлаг тэмцэл ачир дээрээ амин хувьдаа сул ашиг олох шунал шүү дээ. Лиценз олгосон хөрөнгө оруулагчаа засгийн газар хамгаалах байтугай шулагч гэж сурталдана. Тийм сурталд дулдуйдсан малчид тэр жалганд, энэ довонд хятад хөрөнгө оруулалттай компанид лиценз олголоо. Ингээд байвал Хятадын нэг муж болж Монгол устана гэж улстөржинө. Тэд эх орноо хайрласандаа бус мөнгөнд санаархаж буй нь тэр. 
Найз маань баяжчихгүй бол би хувхайрсандаа яахав гэх атаач зангаар хөгждөггүй юм байна. Хөршөө дажгүй ашиг олох бизнес хөдөлгөвөл түүнийг унагах шалгарсан зэвсэг бол “тусгаар тогтнол, аюулгүй байдалд хор учрууллаа” гээд хамар хашаан дээгүүрээ өнгийгөөд орилоход нөгөө муу хөршийнх нь бизнес дашин шог болно. Малаа жилд хэдэн саяар Орос руу тууварлахаа больсны ачаар 20 сая мал 70 саяд хүрэв. Арьс ширээ бүгдийг боловсруулах үйлдвэргүй учир илүүг илжрүүлж хаядаг. Хятад ченжид зарвал тусгаар тогтнол устах гэнэ. Эрүүл улс итгэмгүй танк их буу гэх мэт онигоо 30 жил юунд ч дийлдэлгүй дэгэллээ. Баялаг бүтээхийн эрлэг-тусгаар тогтнол болов. “Тусгаар тогтнолоо алдана” гэх хоосон айдсаар хөгжүүлэхгүй атгах орос геополитик мануусын гэмтсэн тархиар тоглож буйн нэг үзүүлэлт.
Барууныг “дайсны тал” гэх хоцрогдол ардчиллын зуунд мануусын гавалны мухарт буглан өмхийрсөөр. Баруунд муу хүн бий. Дайсан ч байгаа. Гадныхантай түншилсэн мулгуу зальдуулж хохирно уу гэхээс сэргэлэн монгол түнштэйгээ адил хожоод чинээлэг амьдрах үүд нээгдсэн. Нээлттэй үүдийг олж шургаад баяжсан компани, группын жишээ манайд бий. Тэнэг бол гадныханд бүү ойрт. Ухаантай бол хорш. Бизнес эрхлэх чадваргүй, мулгуу атлаа түншлэгчээ шулагч гэж үргээдэг нөхөд Монголын нэрийг хөөдөж буй. Баялаг бүтээх уран гаргүй, хоосон толгойт даргамсгуудын хэт өндөрт цойлсон улстөрийн боловсрол эдийн засгаа балладаг. Чамламгүй баялаг заяажээ. 90 оны хувьсгалаар жингүйдсэн улстөржилт газардсан бол баян орны чинээлэг иргэд болох байлаа.
Харийнхныг сохроор шүтсэндээ түншлэх гэж чармайгаад буй юм биш. Тэд мөнгөтэй, бид мөнгөгүй учраас шаагдаад байна. Гадны түншээсээ авилга горьдоод өгөхгүй бол эдийн засгийн алуурч гэж хөөдөг ханилгаагүй зожиг авир чинь бизнес эрхлэх дүйтэй бусад монгол нөхдөд чинь гай тариад буйг дүнхүү минь анзаар. Түншдээ хулхидуулахгүй адилхан ашиг хүртэгч-оюунлаг монгол залууст баялаг бүтээж амьдралаа өөд татахад нь мулгуу минь бүү саад хий. Гүйх нохойд баах нохой саад. ХХI зууны зах зээлийн менежментэд гологдохооргүй боловсорсон монгол залуус олширч байна. Энэ бол Монголыг өөд татах хүч.
Өндөр технологи эзэмшсэн харийн чинээлэг агаад овжин ноёдтой түншлэх-чамд боловсрох олдошгүй сургалт. Олзонд шунасан ховдог түншид холгуулахгүй хорших мэдлэг монголчуудад чухал болов. Тийм мэдрэмж тархиндаа суулгавал хөгжинө гэж мэд. Рио Тинтог шулагч гэж хөөлгүй ухаанаар уралдаж, зальдах гэвэл дор дор нь чихдэж, газраас хамтдаа ашиг ууталж хоёул хож. Шулмагц гялс илрүүлдэг мэдрэмж, хөдөлбөргүй нотолдог мэдлэгээ хөгжүүл. Коммунист хүмүүжлээр өв тэгш төлөвшсөн Монголын “кремль сортууд” орос олигархиудын хатгаасаар мега төслүүд гацааж, өм цөм хохироож чадахаа болих цаг айсуй. Гадны аваргуудтай хамтарч том олз олдог менежмент эзэмш. Их Хятад хүртэл хөрөнгө оруулагч дуудаж, тэдэнд хууль эрх зүйн таатай орчин нээж, эрсдэлээс хамгаалдаг. Цөөн буурай бэл бэнчингүй гэнэн хөөрүү малчдыг өмөөрөх гүрнүүд бөмбөрцгийн баруун зүүн бөөрөнд байгаа нь том боломж. 
Жингүйдсэн боловсрол
Өнгөрөгч зуунд МАХН их ба бүгд хурлынхаа илтгэлийг албадан судлуулж, шалгалт байнга авч, нам эвлэл үйлдвэрчний дугуйлан, өглөөний сонин уншилга, дөрөвдөх өдрийн лекцээр хүн амынхаа улстөрийн боловсролыг нисгэжээ. Буух шатгүй жингүйдсэн коммунист боловсрол газардаж чадахаа болив. Эдийн засгийн мэдлэггүй бол эсэн мэнд буушгүй халилд дан ганц улс төрийн боловсролоор дүүлжээ. Социализм коммунизмээс газардахад шүхэр хэрэгтэй аж. Тэр шүхэр нь чөлөөт зах зээлийн менежмент юмсанж. Улс төрийн боловсролоор дагнах-үрж чаддаг, олж чаддаггүй болдог аж.
Улстөрийн боловсролоор зөвхөн дарга нар жингүйдсэн гэж бодож байна уу?Үгүй шүү. Хуучнаа магтаж, ардчилал чөлөөт зах зээлийг зүхэж буй жингүйдсэн массыг хар. Тэд сонгогчдын дийлэнх учир МАН ялдаг. Цагаан мангаруудыг мэхлэхэд хялбар агаад эрсдэлгүйг МАН анзаарчээ. Улстөрийн хийрхэлд сэтгэц нь гэмтчихсэн хөөрхийс залидагчаа “аврагч багш минь” гэж бурханчлан мөргөсөөр мажийдгийг соц. нийгмийн бидний намтар хэлээд өгнө.
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрээрээ олсон ялимгүй ашгаа Оросын эрчим хүч, шатахуунд хамж өгснөөр хөлжих нөөц үлддэггүй. Эрчим хүч, шатахууны хэрэгцээ (хязгааргүй хоосон аглаг орон зайд) асар их. Хэт өндөр үнэтэй шатахуун, эрчим хүчний импортод соруулсаар сажилбал ямагт алдагдалд унаж өр тавьсаар сэхэхгүй нь тодров. Ядуу Монголыг өдий хүртэл өндийлгөөгүй гол дарамт энэ. Хөрөнгө хүртэхгүйд эхлээд хамгийн өгөөжтэй 267 км төмөр замаа хөдөлгөж бэлжих гэтэл оросууд гацаачхав.
Эдийн засгийн өгөөжийг улстөрөөс доош эрэмбэлэгч манай дарга нарт “орос ахын өөдөөс сөрж болохгүй” гэж жингүйдсэн архаг боловсрол нь номлоно. “Ахын заавраас зөрөх аюултай” гэж түүх бас сануулна.Гаалийн татвар худалдааны дайнтай Америк Хятадын хооронд 12 хувь байхад ОХУ 1990-ээд оноос Монголын бараанд 40-60 хувийн татвар тогтоож, сүүлийн 30 жилд ОХУ-тай хийсэн худалдаанаас Монгол 20 тэрбум доллар алджээ. 1990 онд сонгосон ардчилал чөлөөт зах зээлийг, жингүйдсэн улстөрийн боловсрол 30 жил чөдөрлөөд муу нэрийг АН-д (харанхуй массыг дөрөөлөн) тохож дөнгөснийг сонгуулиудын дүн хэлээд өгнө. Олноо гэсэн сэтгэлтэй, ХХI зууны боловсролоос хүртсэн хэдийг маань хорлон сүйтгэгч гээд хорчихов. Жингүйдсэн улстөрийн боловсролоосоо бууж суусан газраасаа шороо атга. 
Хуйлраан
УИХ-ын сэнтийд залрах өрсөлдөөн баячуудаас эхлээд ядуусыг хуйлруулав. Арга ч үгүй. Тэр сэнтийн өгөөж дэндүү. Тендерүүдийг хуу хамна. Хулгай луйвар авилга эрсдэлгүй. Дархлаатай. Эргүүлэн татах, хариуцлага хүлээх, ял эдлэх-өөрсдийнх нь зохиосон хуулиар гишүүдэд үйлчлэхгүй. Нэг үгээр халдашгүй байдлын дархан цаазтай сэнтий. Ийм ид шидтэй сэнтийн төлөө уралцахад ичих жижигдэнэ. Амь эрсдэхгүй л бол дээдийн заяа. УИХ-ын гишүүнийг үйлдсэн гэмт хэргээр нь ялалбал шүүгч халагдах эрсдэлтэй. Шүүчийг гишүүдийн лоббигоор томилдог. Томилсон юм чинь халах эрх далдуур эдлэх ёстой гэсэн бичигдээгүй хууль Монголд хүчтэй. 
Хойт насандаа бурхан болох гэж залбирч буй сүсэгтэн, УИХ-д сонгогдох гэж өрсөлдөж яваа нэр дэвшигч хоёр харахад ижил. Гэвч бурхан болж төрөх магадлал хоосон чанарт тулаад юу болсон нь хэзээ ч мэдэгдэхгүйгээр замхардаг бол гишүүн болсон эсэх санал хураалт дуусмагц шөнөөр зарлагдана. Шамбалд мэндлэхээс УИХ-д сонгогдох энэ насанд нүдэнд ил агаад баяжих ирээдүй бодиттой. Сонгуулийг монголчуудын хардаг өнцөг ердөө энэ.
Бурхан болох уу, гишүүн болох уу гэвэл би л лав “бурхан болох эргэлзээтэй” гээд “гишүүн болъё” гэнэ. Хамгийн гол нь бурхан хулгайлах луйвардах эрхгүй, гишүүний хажууд жижиг гар. Мохошгүй тэвчээр, цөхөршгүй энэрлээр шамбалд төрөх гэж насан турш гүрийснээс хэдэн саяын өр тавиад гишүүн болохоор азаа шодох амар. Гишүүн болбол зээлээ төсвөөс хулгайлаад төлчихнө. Буян бус нүгэл үйлдэж байж гишүүн болдог нь жаахан тийм. Гэвч коммунист зуунд буян нүгэлээ дэнслэх биширлээ ор тас орхисон ленинист монголчуудад бурхныг нулимаад гишүүний төлөө алалдах зам шулууджээ. Бүгд гишүүн болохоор нэр нүүргүй хуйлраад байдаг. Сонгуульд өрсөлдөнө гэж арай л нохой хуцсангүй. Хуцсан ч байж магадгүй. Нохойн хэл мэдэх биш.
Улс гүрнийг жолоодоход уг нь онцгой гавал, өндөр мэдлэг, арвин туршлага, журамлаг ёс зүй хэрэгтэй. Утоп коммунизм, анарх капитализмын дунд алиа алдсан массыг эргүүтүүлж санал бөөндөхөөс амьдралд яв цав тохирч биелэгдэх бодит нөхцөл бүрдсэн хууль зохиох ондоон. Энэ нь онцгой гавлын үнэ цэнэ. УИХ-ын сэнтий уг нь галзуу-шизо, булчинлаг-мангарууд заларч тонгочдог суудал арай биш байлтай.
Би ард түмнээсээ хол түрүүлсэн тул сонгуульд өрсөлдөхөөр шийдлээ гэж олонд зарлах даруу монгол зангаар бол ичмээр үйлдэл. Миний зүрх бусдын зүрхнээс илүү эх оронч гэх нь ярьдаг үг мөн үү? Ард олны оюун ухаан дотроос миний оюун ухаан тасархай. Өрөнд унасан Монголыг зөвхөн би л хөгжүүлж чадна. Өөр хэн ч чадахгүй гэх тэнэг бардамнал бүтэн ухаантай хүмүүсийн элэг доог хэдий ч гайхалтай нь тийм солиот сонгуульд хаалтгүй ялдаг. Түүнийг хэн сонгоод байна аа? Дүнхүү нь сонгогчдын дийлэнх болохыг анзаарсан нэр дэвшигчид тэднийг дөрөөлж ялдгийг сэргэлэн жаалж байна гэхээс өөр юу гэхэв. Сонгогдвол хуулиар тоглож зад баяжна. Хуйлрааны гол шалтгаан энэ. 
Саналаа мөнгөөр өгдгөө тооцохгүй бол бид сонгох эрхээр бүрэн хангагдав. Өөрийн үзлээр Төрд төлөөллөө сонгоод зогсохгүй ямар ч галзууд Төр түшилцэхээр сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн. Ерөнхийдөө эрх дархтай жанжин болох өрсөлдөөнд монголчууд бөөндөө өргөн фронтоор давшлаа. Төр түших амархныг Б.Наранхүү мэтийн дуугардаггүй гишүүдээс анзаарч зоригжсон мангарууд хушуучлав. Б.Наранхүү гишүүний мөнгөтэйг тооцох сэхээ тэдэнд төрсөнгүй. 
Хуйлрах өвчин монголчуудад эртнээс угшилтай. Богд хэмээх төвдийн шээсэн газрын шорооноос авах гэж хуйларч, хөлдөө унасан хөгшдөө гишиглэн гэмтээж асан түүхээ сана. Хуйлрах донтой хүмүүсийн нийтлэг шинж гэвэл тэд ядарсан зовсонд тусалж, буян үйлдэх нинжин сэтгэлгүй цэвдгүүд байдаг. Тиймээс гишүүн болох гэж хуйлрагчдын мөс чанарыг сайтар тунгаан ялгаж салгана буй зээ. Хуйлраан дунд сайн хүн байгаа. Гагцхүү тэднийг олж сонгох. Сонгох эрх зуун хувь өөрт бий гэдэг чинь хэрэв мөнгөөр зарчихгүй бол чамлах ардчилал биш шүү. Хуйлрагчдын дундаас авилгач, хулгайч, луйварч, харанхуй, мунхаг, солиот нарыг сонголгүй тойрох эрх сонгогч болгонд зуун хувь бий.
Гэхдээ УИХ-ын гишүүн болохыг хорвоо дээрх цор ганц гайхамшиг гэж бүү итгэ. Авъяас чадвараа нээж сайхан амьдрах боломж хөл дор чинь хөглөрч буй. Хараал зүхлийн бай-УИХ-ын гишүүнд өчүүхэн хүмүүс тэмүүлдэг. Мулгуу хэрнээ хэрүүлд гаажтай, хор найруулахдаа адтай хүмүүс улс төрд хуйлардаг. Бас хуйлрааны дүйвээнд хөгийн хөгийн цагаан мангарууд нэрээ дэвшүүлж хөөрцөглөөд ялна гэж итгэж буй нь өрөвдөлтэй. Хоолныхоо мөнгөгийг үрчих вий дээ. 
Өндөр хөгжилтэй орнуудад оюунлаг эрдэмтэд баян бизнес эрхлэгчдэд мэдлэгээ зарж хамгийн их орлоготой амьдардаг. Тийм боломж Монголд үүсэж буй. Ашиг уутлах нээлтээ үйлдвэрлэгч нарт өндөр үнээр зарах нүгэлгүй. Учир нь чиний нээлтээр үйлдвэрлэсэн брэндүүд баяжуулна. Шинжлэх ухааны салбарт гоц нээлт сэтгэсэн толгой цойлдог. Шинэ нээлт санал хураалтаар шалгардаггүй. Давуу үзүүлэлтээр бярддаг. Гавлаараа тэргүүлэгч сод ухаантан баяждаг. Шинжлэх ухааны өрсөлдөөн эрдэмтдийг хурцалдаг. Брэнд бүтээж бизнес цэцэглэх ч нээлт. 
Залуус минь УИХ-ын гишүүн ба дарга тушаалтныг үл тоогоод, эрдэм мэдлэгийг эд баялаг болгон хөрвүүлдэг энтрепренер-сэхээтнүүд болохын төлөө хуйлар. Шинэ нээлтээр хүртдэг патентын тоогоор дэлхийд өрсөлдөхийн тулд уралд. Академи хүрээлэнгийн тааз ширтээд, төсөв хөхөж суудаг эрдэмтдийн арми улсыг хоослохоос гадна сод оюуныг ширгээдэг. “Эх орны хамгийн сайн хамгаалалт бол бэлтгэгдсэн иргэд” гэх үгийг эргэцүүл. 
Хөсрий яс цагаатгах хүсэмгүй өршөөл
МАХН-ын паян. Гэмгүй хүмүүсээ хилсээр яргалсан нь цагийн урсгалд үнэнд гүйцэгдэж, бултах гарцгүй ял нэхэгдмэгц тэвдэхдээ булш ухаж, ил гаргасан хэнийх нь тодорхойгүй бүрлээчдийн араг яснуудад цагаатгасан зарлигаа уншин сонсгож байв даа тэд. Сонсголдоо “Цагаатгал бол энхрий хайрт МАХН-д л байдаг өршөөл” гэж өөрсдөөрөө бахархахаа голлоод, хилсээр үрэгдэгсдэд зүрхнээсээ гашуудалгүй хуурамч дүр эсгээд мартсан.
Ардчиллыг дэмжигчид С.Зоригийг алаагүй. Араандаа зуугчид түүнийг хөнөөсөн гэх сэрдлэг их. М.Энхсайхан нарыг сулласны дараа баривчилгаа намжив уу гэтэл Э.Бат-Үүлийг шоронд хийчхэв. Олон жил мөшигсөн занал даа. Өө хайгаад л явсан. Э.Бат-Үүл С.Зоригийг хөнөөсөн нь нотлогдоосой гэж байж ядсан этгээдтэй би таарч явлаа.
Бат-Үүлээ, чамайг өмөөрч дэмждэг минь хэврэгшиж буй ардчиллаа л хайрласан алхам гэж ойлго. Чи Ц.Элбэгдорж, Х.Баттулга шиг ерөнхийлөгч, Н.Алтанхуяг шиг ерөнхий сайд, З.Энхболд шиг УИХ-ын дарга байтугай шилэн Цогоо шиг орлогч сайд ч болоогүй. Болгоогүй. Чамайг голсон юм биш. Чамаас айсан юм цаадуул чинь. Чи ардчиллын онолд бузгай нэвтэрсэн бөгөөд үнэт зүйлсээ хамгаалах ёс зүйгээр тууштай нь. Энэ үгийг минь зөнөг өвгөний хувийн үнэлгээ гэж голохгүй чамд атаархагчдын хор буцалж магад. 
Баривчлагдан ачигдаж байгаа болон аавынх шигээ цагаан халимгаа зулгаалгаж буйг чинь телевизээр хараад чамайг хайрладаг. Өрөвддөг. Зохиолч ааваас чинь болж би чамайг өмөөрөөгүй. 30 гаруй жил дүү минь чи өөрийгөө үзүүлсэн. Чамайг УИХ-д сонгодоггүй. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэдэг хөндүүр сэдэв болж. Сонгогчид гэгээрвэл хулгайчид бус лидерүүд ялна. Сонгогчид харанхуй бол Будда ч дэвшээд нэмэргүй. 
Хэрэв ардчилал коммунизм шиг нурж, нэг намд атгуулбал Бат-Үүлийн хийсэн ажил Бат-Үүлдээ хаяглагдана. Ардчилал сүйрвэл ардчиллаар эхэлсэн бүх ажил буруудаж таарна. Бурууг санаачилсан этгээд хэн бэ гэнэ. Өмч хувьчлалыг санаачлагч нар хэн бэ? Бат-Үүлийн нэр дуун дээр гарна. Иргэддээ гадаад паспорт олгохыг хэн сэдсэн бэ? Бат-Үүл. Нэгдлийг хэн тарааж, малыг малчдад хэн өгсөн бэ? Орон сууцыг хувьд өгсөн шийдвэрийн мөрөөр яллах эздийг хайна. Буруудагч нарын эхэнд шоовдор Бат-Үүл ял сонсоод цагаан халимгаа хийсгэж зогсох бий. Тариачдыг газартай болгох-тракторчдын самууныг хэн турхирлаа. Бат-Үүл. Эх орноо хоосолж, иргэдээ ядуурлын балчиг руу түлхсэн хамгийн том гэмт хэрэгтэн-ардчилагч бол Бат-Үүл гэж бичихэд сошиалаар уухайлж гарна. Ардчилал нурвал Бат-Үүлийн амжуулсныг хэн ч булаацалдахгүй. Энэ өнцгөөр харвал Бат-Үүл ардчиллын бүх өөрчлөлтийг сэдсэн этгээд мөн нь нотлогдоно. 
Зориг Бат-үүл нарыг хийтэй жаалууд гэж дотроо басамжилж, хумсаа нууж явсан мань мэт Зөвлөлт импер сэхэмгүй хазаймагц ханцуй шамалснаа нуудаг. Аюул сулармагц зарим нь анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсан. Ардчиллын тугийг булаасан тэд эргээд Бат-Үүл нарыгаа намнах гэж 33 жил өмхийрлөө. Гэмгүй хүнийг хилсдүүлбэл өршөөгдөх бус цагаадах учиртай. Тиймээс цагаадсан лидерүүд хилсдүүлэгч шүүх прокуророос ял нэхэх ёстой. Шоронд хоригдсон М.Энхсайхан нар өөрсдийгөө гэмгүй учраас бүү өршөө, харин цагаатга гэсэн. Юутай ч бүгд суллагдсан. Өршөөл үү цагаатгал уу? Цагаатгасан бол хилсдүүлэгчдийг ядаж зарлаач.
Үүлэн чөлөөний нар
30 жил ээсэн нар үүлний цаагуур гэнэт шургавал бид цагийн аятайд юу ч амжуулсангүй гээд амаа барина. Угаасан нүүрс, баяжуулсан зэс, хүдрээ галт тэрэгний цуваагаар тээж экспортолсон бол олон арван тэрбум доллар олж, чинээлэг улс болох байв гэж халаглах хүн бишгүй гарна. Хайран өгөгдлийг минь хэн бусниучихав гээд хэргийн эзнийг наргүй улсдаа хайна. Багануурын ЦС-аа царцаалгүй, Эгийн УЦС-д БНХАУ-ын нэг тэрбум долларын нэн хөнгөлттэй урт хугацааны зээлийг орос олигархиудын шахалтад бууж өгч зогсоолгүй, V ба Таван толгойн ДЦС-аа гүрийсээр барьчихсан бол үүлэн чөлөөний нар далд орсон ч барьц алдахгүй. Цойлсон өсөлтөөрөө тансаг дэд бүтэц сүндэрлүүлж хараат бус чинээлэг улс болсон. Хот аймгаа орон сууцжуулж утаанаас даяараа салах байв гээд гаслалдана. Тэгж дөнгөсөн бол эзлэгдэнэ үү, уусна уу жийрэг болох учиртай. Юу юу ч үгүй эзлэгдэх, юу юу ч үгүй уусах-эмгэнэл. Төслүүдээ хөдөлгөөд айдгаа авдартаа хийчвэл нэг улсын хамааралд автахаа хумих тэнхээ сууна.Үүлэн чөлөөнийх бус үүрдийн нар гээд мангарлаж явтал нээрэн нэг мэдэхнээ хуучиндаа орчихвол яах вэ?
Манж чин гүрэн унаж, ХХ зууны үүрээр ёлтойсон гэгээг эх оронч-ноёд лам нар ашиглаж дөнгөжээ. Оростой наалдаж тусгаар улс болсон маань их аз. Төлөөсийг нь ч айхтар төлсөн. Одоо ч төлж буй. Оросын ач тусад зуун жил мөргөлөө. Зөв. Цаашдаа ч мөргө. Гэвч дан мөргөлөөр духаа цоолсон ч хөгждөггүйг бид шарын шашнаас ойлгосон. Юу гэх гээв гэвэл Оростоо, бурхандаа мөргөх ялдамд хөдөлмөр-бизнесээр баяжъя гэх гэсэн юм. Нар ивээсэн 30 жилийг харамсалтай нь ашиглаж чадсангүй. Эх орноо ядуурлаас суга татах төслүүдээ яагаад гацаав гэвэл орос магнатуудаас айж, тэдэнд долигоноод! Юм нэгээр дуусдаггүй. Оросын ард түмэн Путингээ дэглэвэл Х.Баттулга, З.Энхболд нар аль талд орох бол. Удах ч үгүй байж магад.
Манай эрх баригчдын үнэ цэнэ навс унажээ. Тэд эх орноо сайхан болгоё гэж тэмүүлсэн нь үнэн хөөрхий. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгоод зүтгэсэн юм зайлуул. Гэвч 30 жилийн бөгсөнд юу болов? Улс хөгжих сайхан ч явцын дунд өөрөө баяжих бүр гоё нь солиоруулав. Мөрөөдөл ид шид шиг бүтсэнгүй. Өр зээлд унав. Авилга хяналтаас гарч хууль гууль болж хуйвалдагч-монжигчид оодорч баян хоосны ялгаа гаарч танил бус сорилт халиранхай залхуучуудыг шогнойлгов. Өрсөлдөөнөөр баяждаг ганц гарцтай чөлөөт зах зээлийн жамыг эрх баригчид зальдахаар сул олзонд хошуурлаа. Өөртөө хайргүй хүн байдаггүй ч олондоо хайртай нь бас л алга. Улсаа хөгжүүлэх хүслийг хувиа хичээх шунал дийллээ.
Хятадын ханадаггүй хэрэглээ, тэдний хөрөнгө оруулах бэл бинчингээс олз уутлах гэж Монголоос бусад улс хошуурав. Аварга зах зээл, үсрэнгүй хөгжлөөс хаяа нийлсэн бид л 30 жил зугтав. Мөрөөрөө ч зугтсангүй. Оросод таалагдах гэж 70 жилийн зуршлаараа зүхэж доромжилно. Эдийн засаг голлосон өмнөд хөршийн хаялгыг өндийх гэж ядаж буй бид гарааны бизнес болгож, нэг хэсэгтээ овжноор ахиу хүртэж тамиржмаар. Тэнэгтээд тэгсэнгүй. 
Валют олох ховор боломжийн нэг бол “Замын үүд” чөлөөт бүс. Хүн ам цөөн эл хуль нутагтаа зах зээлгүйн хяслангаас бэлжиж чадахгүй мухардсан манай муусайн бизнес эрхлэгч нарт минь ашиг хүртэх үүд энэ. Монголд валют цутгах энэ чөлөөт бүсийг 25 жил УИХ гацаав. Чөлөөт бүсээс хятад иргэд манай руу бөөн бөөнөөр сэм урсана гэж 25 жил айлгаж дөнгөсөн л байгаа юм даа. 25 жил гэдэг хөгжих хангалттай хугацаа. “Замын үүд” чөлөөт бүсэд 60 сая долларын дэд бүтэц 10 гаруй жил элсэнд булагдаж хэвтсэн гээд бодчих. Энэ тэнэглэл ардчиллын 33 жилийг чимэхгүй гэж үү. 
Дэлхийн дээвэр дээр зөдгийрч төрсөн тавилантай цөөн буурай маньд урд хөршийн хаялгаас өөр дөхүү боломж заяагаагүй тул тэдэнтэй харьцахаас өөр яалтай. Хэт наалдвал уусна гэж орос ах шивэгнээд байдаг. Олон улсын хууль байна, НҮБ байна. Тусгаар улс шүү юм бол уусахгүйгээр айлсахаа тааруулахаас өөр зам алга. Ах араандаа зууна гэх айдас-эдгэшгүй эмгэг болсон коммунист боолын сэтгэхүй илааршихдаа ужиг аж. Хөрш Япон Солонгос Хятадын үсрэнгүй хөгжлөөс зүүгдэх завшаан 1990 оноос нээгдсэнийг хулчгартаа Оросоос айгаад ашигласангүй.
Тайваний хятадууд Монголыг алдсан нутгаа гэдэг. Тийм үзэлтэй хятадууд эх газарт нь байдаг л биз. Тэглээ ч Хятад манай тусгаар тогтнолыг 1946 оны 1-р сарын 6-нд, Орос мөн оны 2-р сарын 27-нд 52 хоногийн хойно зөвшөөрсөн гэдэг. Манай тусгаар тогтнолд маргаан үүсэх үндэсгүйг олон улс хүлээсэн тул зөрчигдөх ёсгүй. Энэ чухал баримт бол үүлэн чөлөөний нар гээд буйд үйлчлэх олон улсын хууль-эрх зүйн хамгаалалт юм. Зөрчигдвөл дэлхий шуугиж НҮБ шүүнэ. Тэгээд ч хар нүүрсэнд шунаж нэрээ хөөдөх гүрэн ХХI зуунд гарахгүй. Хятадаар айлгах угтаа ядуу биднийг экспортоор хожих орос магнатуудын заль юм.
Оросод 70 жил хөтлөгдсөн БНМАУ хоцрогдож, өрөнд баригдсан нь үнэн. Дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон Хятад ядуу хөршөө харамгүй дэмжиж гялс хөгжүүлье гэхэд мануус өөдөөс нь “хужаа” гэж салаавчилдаг. Хамтаръя тусалъя гэвэл манай эх орончид хужаа нар Монголын ард түмэнд “Орос хэн бэ, Хятад хэн бэ” гэдгээ үзүүлж орос ахаас биднийг холдуулах далд муу санаа гэж цэцэрхдэг. Үүнд өмнөд хөршийн дургүй хүрч бидний голоо зогоодог нүүрсийг авахгүй гэвэл орос магнатууд инээд алдахад бэлэн. 
Кремлийн аварга улаан нударга дор сөхөрч байсантайгаа жишихэд хөгжих зөрөг бидэнд нээгдээд 30 жил өнгөрөв. Энэ ховор өгөгдлийг монгол хүн бүр үүлэн чөлөөний нар гээд хөгжлөө яаравчлан гялалзуулах байжээ. Хэрэг хартай нь дээр юу ч тохиолдоо билээ гэж яарсангүй. АНУ, Орос, Хятадын дэргэд Монгол улс Тува Якут анзааны хөөрхий орон. Өчүүхэн Монгол их улстөрд хутгалдалгүй эдийн засгаа бөөцийлсөн бол хожих байж-үүлэн чөлөөний наранд. Тэгсэнгүй. Тэнэгийн ухаан үдээс хойш гэдэг. Хэдэн том төслөө хөдөлгөх Төр сонгогдох байгаа.
Аврал сүйрэл хоёр хоорондоо өрсөлдөн, амдан отож байна. Монгол улсаа “аз”, “эз” хоёрын алинтай золгуулахыг шийдвэрлэх хувьтай иргэн болж төрсөндөө залуус та нар баярла. Эрин зууны түүхэнд эгзэгтэй үеийг олж төрсөн та нар учиртай монголчууд. Бүх юм өнгөрчихөөгүй байна. Яг одоо шиг ийм үнэтэй агшин бидэнд эргэж заяахгүйг ухаар! Боломжоо эгүрт алдчихаад амаа барин харамссаар өлбөрч ядуурснаас алдаагүй, алдах онохыг шийдэх гээд тунгааж буй энэ торгон агшин яасан үнэтэй вэ. Алдвал энэ агшин хоосон дурсамж болно. Аврал уу, сүйрэл үү? Авралд хүрэх боломж дүүрэн байна. Буруу алхвал сүйрэх ангал ёроолгүйг мэд. Дүүрэн боломжийг бүрэн ашиглахад нэг хүний зүтгэл ганцдана. Хүн ам нийтээрээ-нэг хүн шиг нэгдсэн чармайлт гаргавал лусын агуу хишгээр баян орон болно. Энэ бол үлгэр биш. Сүйрэл ч үлгэр биш. Хар цагаан хоёр зам өмнө чинь дурайж байхад үр хүүхэд минь-та нар алинаар нь морилох гээд байна? Онгон догшин лус савдгийн элэнц хулинцаас цээртэй ордуудад гар хүрэх эгзэгтэй түүхэн хариуцлага та нарт тохиов. Гараа, санаагаа сайн ариулаарай.
Дээрдэв үү, дордов уу?
Социализмын үед телевизээр олны өмнө гарсан хэн боловч “амьдрал ямар байна?” гэхэд “амьдрал маш сайн, бид жаргаж байна” гэж бахархдаг сан. “Манай улс хөгжиж байна уу?” гэхэд “дэлхийн хоёр дахь социалист орны иргэн бид капитализмыг алгасан харайлгаж явна” гэх. Өөр хариулт өгдөг иргэн байгаагүй. Нам засгаа тахин шүтнэ үү гэхээс муулах хүмүүжилгүй өв тэгш коммунист ухамсартай иргэд гэж магтагдаж явав аа хөөрхий. Тэгвэл өдгөө олны өмнө гарсан хүн бүхэн “амьдрал ямар байна?” гэхэд “амьдрал аймшигтай байна” гэж халагладаг болжээ. Бүгд нэгэн дуугаар өлсгөлөнд нэрвэгдэж эх орон элгээрээ хэвтлээ. Урьд социализмд ингэж ядуураагүй гэж ам булаалдан хэлээ билүүднэ.
Яг үнэндээ ямар байснаа ямар болчвоо. Албаар муулалгүй, албаар магталгүй үнэнээр нь дүгнэж болохгүй гэж үү. Уг нь тэнэг хүн тэг дундуур гэдэг сэн. Тэнэг толгой эзэндээ хэрэг болох-ховор л доо. Амьдрал дээрдсэн үү, дордсон уу гэдгийг голоор нь буудахад чухамхүү тэг дундуур сажилдаг дүнхүү толгой л ономоор. Тэгтэл тэнэгээ гадарладаг мулгуу алдахаас хаширлаад-тэг дундуур нь туудаг болохоос тэнэгээ мэдэхгүй усан тэнэгүүд туйлширдаг аж. Гол гайг бидний тэнэгээ мэдэрдэггүй мангуу толгой л тарьж байна. Лусаас заяасан гайхамшгаа талцаж булаацалдаад хөгжил болгож чадалгүй хоосров. Үүнд мулгуугаа мэддэггүй монгол толгой л буруутай. Хужаа, гурав дахь хөрш энэ тэрээс гайтлаа гэж биеэ өмөөрвөл мунхаг чинь ардчилалд гүнзгийрч буйн илрэл.
Эхлээд социализмд идэж ууж байсан хүнсээ одоогийн хүнстэйгээ жишээд үз. Өмсөж явсан хувцсаа эдүгээ өмсөж буйтайгаа зэрэгцүүл. Хотод мах сүүн дээр хахалдсан очер-бөөн хэрүүл байсан. Бүх үнээгээ “сүүн завод”-д бөөгнүүлээд сүүг тугалд нь ч хөхүүлэхгүй гуд сааж улсад тушаана. Улсад тушаасан сүү масло хаачдаг байсныг бүү мэд. Лав л халуун зунаар хар цайтай малчдад түгээж байгаагүй. Нэгдлийн дарга гишүүддээ цохолтоор өгдөг эр сувай хоньгүй, бүгдийг хуу хамаад Орос руу туучихсан. Эмнэлэгт үзүүлэх тасалбар авахын тулд урьд орой нь очиж хонуутаар дугаарлана. Никельдсэн цагаан ор үзээд янхир төмөр ороо голж, дэлгүүрийн үүд сахиж, хүйтэнд гадаа хонох амьдрал сайжирч буйн үзүүлэлт гэнэ. Унтах оргүй байгаа биш монголчууд социализмд дэндүү даварч байна гэж өөрсөддөө бурууг тохож нам засгаа хаацайлна. 
Хилийн дээс алхахыг Төв Хороо шийднэ. Гадаад явсан төлөөлөгч шамфун бохь мэтийн хог түүж ирээд авгай хүүхэд, ах дүүстээ тараагаад заримд нь хүртэхгүй нүүрээ улайлгана. 5 жилд нэг удаа тохиодог Зохиолчдын их хурлын төлөөлөгчөөр сонгогдвол дэлгүүрт тусгайлан оруулж хивс авах завшаан олдоно. Саравчтай бажгар цагаан малгай өмссөн гангачууд бусдын жөтөөг асааж, цагаан малгайн булаалт дэлгэрснээс үүдэж, “амины цагаан” нэршил үүсч байлаа.
“Хөршийнх орос дэлгүүрээс масло авчихаж. Хүүхдүүд нь масло түрхсэн элсэн чихэртэй талх идэж байна. Тэгэхэд манай байж байгааг. Заваан талханд хүүхэд хоолшихгүй юм. Хамт сургууль төгссөн найз Москва яваад булган малгайгаар гангараад ирж. Зайтай хог амжаад Америк кино хүртэл хэдийг үзчихсэн байгаа юм даа” гэж жөтөөрхнө.
Жил бүр хэдэн саяар Оросын хил давдаг туувар зогссоноор 20 сая мал 70 сая болов. Зах зээлийн малчид нэгдлийн гишүүдээс дор амьдарч байна уу дээр амьдарч байна уу хар. Орон байр, дэлгүүрийн лангуу, очер дугаар, унаа, замаа харьцуул. Ажилсаг сортоотой хэсэг баяжив. Компани групптэй боссууд дунд хулгайч цөөнгүй. Гэхдээ бүгд хулгайч биш. Монголчууд дундаас өнгөтэй өөдтэй яваа үр хүүхэд минь тэд. Тэднийг зүхэгчид тэдний улсад тушаадаг татвараас хүртдэг. Ингээд амьдрал дээрдэж үү дордож уу гэдгээ дэнсэлье. 
Дордсон дээрдсэн юм алаглаж байх шиг. Дүн нуруугаар дээрдэж үү дордож уу? Өмнөх нийгмийнхэн өнөөгийнхнөөс сийлээтэй байж. “Хөгжил эрчтэй байна”, “амьдрал хангалуун-жаргаж явна” гэх хүлцэнгүй зангаар албан тушаал, ажлаа баталгаажуулна. Зарим сэргэлэн нөхөд тоталитар тогтолцоог магтан хэнхэглэж, тушаал дэвшиж цалингаа нэмүүлнэ. Одооныхон эрх чөлөөтэй гэх хийрхэлдээ сагаж хараал зүхэл жагсаал цуглаан өвөл зунгүй өрнүүлээд намуудаас юу ч олж долоохгүй. Тэмцэл нь ямар ч өгөөжгүй хоосон улстөржилт болж нэр нүүрээ барна. 
Хятад Зөвлөлт Монгол ер дэлхий нийтээрээ (өмнөд Солонгос хүртэл) жигд ядуу байлаа. Социализмын гажгийг өнгөрөгч зуунд шүүмжлээд хэлтлээ ч үгүй. Нийгмийн өмчийг хувийнхаа өмчөөс илүү хайрлах, хамт олныхоо эрх ашгийг өөрийн эрх ашгийн дээр тавих зэрэг лоозон хэзээ ч бүтэхгүй нь мэдрэгдсэн. ХХI зуунд технологийн гайхамшиг энд тэндгүй сад тавьж, бараа материал хаа сайгүй хөглөрч, ЗХУ толгойлсон социалист лагерь гэгч хаалттай импер нурсны ачаар хил хязгааргүй чөлөөт худалдаа тэлж улс гүрэн дамнав. Энэ бүхэн дэлхий нийтэд өсөлт авчирсан юм биш үү. Аль ч нийгмийн сайныг сайн, мууг муу гэж зааглаад, сайныгаа хөгжүүлээд саарыгаа засаад өөдөлдөг аж. Тиймээс сайн муугаа шүүх өгөөжтэй гээд үүнийг онцоллоо. 
Улсын ажил бүтвэл иргэн-миний амьдрал сайжирна. Төр засгийнхаа сэдсэн болгоныг унагах гэж хийрхдэгээ цэглэ. Хавтгайрч улиг болсон эсэргүүцлээ хумьж, оновчтой болгоод буруутнаас юун түрүү хохирлоо тоо ёсоор төлүүлэн авч заншъя. Бүхнийг харлуулсан гүжир дайралт том бага төслийг нурааж ядуурлыг нэрмэв. Бүтээх гэж хуруу хумсаа хуйхалж яваа зөв санаатай гишүүд сайдуудаа таньж, хөгшид-бид ядаж амаараа ч болохноо дэм өгвөл яасан юм бэ гэх гээд байна би.
Хөгшид-бидний яршиг адармаа мундахгүй. Бидний тархины атираа нугачаанд өнгөрсөн зууны үзэл суртлын хар үүл хургасаар буй. Настангууд эрин зууны алхаатай хөл нийлүүлэх учиртай. Хэний ч дур хүслээс гадуур хорвоогийн жам ёсны урсгалыг мугуйдлан сөрөх мунхаглал. Үр удмаа буруу зүгт уруу татах амьдын хар нүгэл. Шинэ тархи толгойг дагацгаая. Хүн амын дийлэнх хуучин руугаа ил далд хургаж байхад Монголд ардчилал чөлөөт зах зээл гацах нь зүй. 
Амьдрал дээрдэв үү дордов уу? Худал муулах, худал магтах хоёул буруу. Дээрдсэн нь дордсоноосоо жин дарах байх гэж өвгөн би банждаг. Дээрдсэнээ нийтээр дэмнэвэл босоод ирнэ. Хоёр аварга хөршийнхөө итгэлийг даахын ялдамд гурав дахь хөршүүдтэй лавхан түншилж хөгжлөө шуурхайлах торгон боломжийг 1911 оноос эх орончид сүвэгчилж явсан түүхтэй. Тэр замд Монгол 1990 онд ороод дээрдсэн байх шүү. 
Ц.Доржготов /baabar.mn/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ