УИХ-ын дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, холбооныхоо гишүүдийн хамт мэдээлэл хийлээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Шашны сүм хийдэд хүүхдийн хүчирхийллийн асуудал гарсан. Энэ бол нэг сүм хийдтэй холбоотой асуудал биш. Зөвхөн ганц хоёр тохиолдол бас биш. Үүнд нухацтай хандах шаардлага үүсч байна. Бусад боловсролын байгууллагуудад сонголт бий. Харин шашны сургууль сонголтгүй. Тиймээс сургуулиасаа хасагдвал өөр сонголт байхгүй учраас олон хэрэг, хүчирхийллийн асуудал нуугдмал байдалтай байгаа. Хууль хяналтын байгууллага үүнийг нэг мөр таслан зогсоох ёстой. Хүнлэг, энэрэнгүй байхыг заадаг, номлодог хүмүүс нь өөрсдөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа нь жигшмээр асуудал.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Р.Оюун-Эрдэнэ: Энэ асуудал манай нийгэм ямар хэмжээнд байгааг харуулж байна. 2022 оны байдлаар Монголд үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн тоо 346, хийдэд шавилан сууж байгаа суралцагчийн тоо 244 байна. Хуралд оролцсон лам нарын тоо 1500 гэсэн тоон баримт бий. Хүний эрхийн үндэсний комисс шашны байгууллагуудад жил бүр шалгалт хийдэг юм байна. Гэвч дотуур байранд нь хэзээ ч шалгалт хийж байгаагүй юм байна.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Үндэсний бодлогын хорооны гишүүн, Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний зохицуулагч Э.Цэцэгсайхан: Энэ асуудалтай холбогдуулан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Мөрийг мөшгөе" аян эхлүүлэх шийдвэр гаргасан. Лам нартай холбоотой иймэрхүү асуудал үе үе гардаг ч удалгүй дарагддаг. Харин энэ удаад үнэн зөвийг нь тогтоох хүртэл анхаарлаа салгахгүй байхаар энэ аяныг зарлаж байна. Олон нийт маань энэ аяныг дэмжиж, өмнө нь ийм асуудалд орж байсан, энэ тухай мэдээлэлтэй хүмүүс маань зоригтой гарч олон нийтэд бодит байдлыг хэлж өгөөсэй гэж хүсэж байна. Өмнө нь 15 настай охины заслыг нь хийх нэрээр хүчиндсэн хэрэг гарч байсан. Гэвч нь хэрэг яаж шийдэгдсэн нь тодорхойгүй байна.