Хэдхэн жилийн өмнө “Улс төрийн нууц мэдээллүүд Төрийн ордны тамхины цэг дээр яригддаг” гээд бөөн л яриа болж байв. Тэр үнэн бололтой. Сүүлийн өдрүүдэд тэр тамхины цэг хавиар сүрхий сүрхий мэдээллүүд нэлээд л яригдаж байна. Нэгийг нь онцолъё.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой нэг зүйл нэлээд газар авч тарж буй ажээ. Сарын өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл түүний үйлдлүүд шүүхэд халдсан гээд арга хэмжээ авахуулах талаар хэлэлцсэн. Бид мэдээлсэн. Үүнтэй холбоотой асуудал хэдэн хүний хооронд яригдаж, тэр нь улс төрийн хүрээнд задраад, улмаар тамхины цэг рүү гарсан бололтой.
Саяхан шүүхийн нэг том хүн хүмүүст хэлж байна гэнэ. “Л.Оюун-Эрдэнэ рүү Шүүхийн ерөнхий зөвлөлөөр хийсэн дайралт бүтэлгүйтчихлээ. Одоо ямар ч хийгүй хийх хэрэгтэй байна. Олон улсын байгууллагатай хамтарч хийх 2-3 санал байна. Тэд биднийг дэмжиж, хамгаална гэсэн. Тэндээс ерөнхийдөө гурван арга зам байна гэсэн зөвлөмж өгсөн. Би бэлдэж боловсруулаад явуулъя. Хамгийн зөвийг нь сонгоё. Тэгэхгүй бол хүндэрлээ. “Шүүр” ажиллагаа нь манай дээр яваад эхэллээ. Энэ хүрээнд одоо шүүгчдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг энэ тэр гээд шалгаж байна. Тэр нэлээд юм болох байх. Цаашаа шүүх дээр байгаа хэргүүд шалгагдана гэсэн үг. Удахгүй дарж байгаа хэргүүд гээд баахан юм зарлана. Үүнээс өмнө Л.Оюун-Эрдэнийг зайлуулах хэрэгтэй байна. Бүх зүйл ил болно” гэжээ.
Тамхины цэг хавиарх энэ мэдээлэл дунд яригдаж буй “Шүүхийн ерөнхий зөвлөлөөр хийсэн дайралт” гэдэг нь тус зөвлөлийн 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны хурлыг хэлж байгаа бололтой. Тэр хуралдаанаар дөрвөн “үйлдэл”-ийг авч хэлэлцсэн. Үүний гурав нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй, нэг нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай хамаатай байсан гэдэг. Нэгдүгээрт Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзсан. Тэгэхдээ “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн. Хоёрдугаарт, 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй” гэж ярьсан. Гуравдугаарт, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө “Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог. Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно. Би өөрөө Шүүхийн сахилгын хороонд хандана” гэж мэдэгдсэн. Дөрөвдүгээрт 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн байна. Улмаар “Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” гэсэн асуудлыг хэлэлцжээ.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны тавдугаар сарын 1-нд “Тус зөвлөлийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг огцруулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн мэтээр зарим хэвлэл мэдээлжээ. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар шинэчлэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шинэ зохицуулалт тусгагдсан. Тус хуулийн 73.2. дахь хэсэгт “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг.
Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй” гэсэн тайлбар мэдэгдлийг гаргасан байдаг.
Ө.Бааст