Орхон аймагт Улсын биологийн 33 дугаар олимпиад эхэллээ. Уг олимпиадад Улаанбаатар хот, 21 аймгаас 31 багш, 60 сурагч оролцож байна. Улсын биологийн олимпиадыг нь 1989 онд анх зохион байгуулж байсан бөгөөд түүнээс хойш хөдөө орон нутагт хоёр дахь удаагаа болж байгаа юм.
Биологийн шинжлэх ухаан нь 21 дүгээр зууны хамгийн чухал шинжлэх ухаан буюу аливаа улс орны хөгжлийн гол суурь нь ч гэж хэлж болно. Учир нь биологийн шинжлэх ухаан нь анагаах ухаан, газар тариалан, хөдөө аж ахуй гээд чухал салбарын суурь болж өгдөг. Иймд улс орны ирээдүйн хөгжлийн төлөө чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн тулд Улсын олимпиадыг зохион байгуулдаг.
Энэ удаагийн олимпиадыг Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, БШУГ, Улсын Олимпиадын хороотой хамтран зохион байгуулж байна.
Олимпиадын нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат хэлэхдээ, “Орхон аймаг монгол хэл, бичгийн улсын 49, химийн улсын 29, газар зүйн улсын 25, нийгмийн ухааны улсын 24, биологийн улсын 33 дугаар удаагийн олимпиадыг зохион байгуулж байна. Эдгээр шинжлэх ухааныг хүүхэд, залууст сурталчлан таниулах, ирээдүйн боловсон хүчнийг орон нутгаасаа бэлдэх гол зорилготой ажиллаж байна. Шинэ зууны биологич, экологич, биотехнологич нар Орхон аймгаас гарна гэдэгт итгэж байна” гэлээ.
Орхон аймаг хими, физик, биологийн улсын олимпиадад үргэлж амжилттай оролцсоор ирсэн. 2007 онд болсон Улсын биологийн 17 дугаар олимпиадад Орхон аймгийн 8 дугаар сургуулийн багш н.Минсэл алт, 2014 онд Индонез улсад болсон Олон улсын биологийн олимпиадад “Орхон-Эмпати” сургуулийн сурагч н.Эрдэнэболд хүрэл медаль хүртэж байсан.
2022 онд болсон Улсын 32 дугаар олимпиадад Орхон аймгийн 14 дүгээр сургуулийн сурагч н.Баярмаа алтан медаль хүртэж байсан түүхтэй. Орхон аймаг нийт 4 алт, 19 мөнгө, 23 хүрэл медаль хүртжээ.
Энэ удаагийн олимпиадад 9,12 дугаар ангийн сурагчид дадлага, онолын шалгалт өгч байна.