Тус сумын 80 гаруй газар тариалан эрхлэгч зөвлөлдөж, тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцжээ. Тариалалтыг хугацаанд нь эхлүүлэх, хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх. Газар тариалангийн техникийн механикжуулалтыг сайжруулах зэрэг асуудлуудыг энэ удаагийн зөвлөгөөнөөр ярилцлаа.
Улиастай суманд газар тариалангийн үйлдвэрлэлийг 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж эрхэлдэг. Жилдээ 410 гаруй га талбайд төмс хүнсний ногооны тариалалтыг хийж, сумын иргэдийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг нь хангаж байна.
Энэ жилийн зөвлөгөөнийг Улиастай сумын Засаг даргын тамгын газар, Best хөтөлбөр, Завхан аймаг дахь тариалан эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан. Зөвлөгөөний үеэр газар тариалан эрхлэгчид тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, зөвлөгөөний үеэр холбогдох шийдвэр гаргах түвшний мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран оролцсоноороо онцлогтой боллоо.
Завхан аймгийн газар тариалангийн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, хэрэгжилтийн талаар ХХААГ-ын үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны дарга А.Батсуурь мэдээлэл өгч, тариаланчдад тулгамдаж байгаа асуудлуудын талаар хариулт өглөө.
Мөн үеэр аймгийн цаг агаарын урт болон богино хугацааны мэдээлэл, газрын тухай багц хууль, цахим шилжилтийн мэдээлэл, Best хөтөлбөрийн танилцуулга, хоршооны тухай ойлголт, хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллүүдийг холбогдох байгууллагын мэргэжилтэн, ажилтнууд өгсөн нь тариаланчдад чухал мэдээлэл болж чадсан.
Мөн аймгийн брэнд болох улаан хальст саримсны тариалалтыг нэмэх, саримсны үйлдвэрлэл, савлалт, сав баглаа боодол, хаяг шошгыг өнгө үзэмжтэй, нэг загвараар хэрхэн хийх талаар тариаланчид санал солилцсон юм.
Генийн өөрчлөлтгүй сонгомол үрээр тариалалт хийж байгаа тариаланчдыг дэмжих, хурааж авсан үр тариа, хүнсний ногоогоо хадгалах байргүй зоорийн дутагдалтай байна. Газар тариалангийн техникийн шинэчлэлтийг хийж, механикжуулалтын техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхийг тариаланчид дуулгалаа.
Өнгөрсөн онд Улиастай сумын тариалан эрхлэгчдийн гаргасан уриалга, бодлого төлөвлөлтөө дүгнэлээ. Ингээд уриалгаа бүрэн хэрэгжүүлж, тариалан эрхлэгчдийг хоршоо, бүлгийн зохион байгуулалтад оруулж хамтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн нь үр дүнтэй болсон. Түүнчлэн өнгөрсөн жилийн төлөвлөлт, уриалгыг энэ жил үргэлжлүүлэн, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг өвлийн хүлэмжтэй болохыг дэмжих, хөрс хамгаалал, ойн зурвас байгуулах зорилтуудаа хэрэгжүүлж, хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өнгөрсөн жилээс улс даяар эхлүүлсэн.Энэхүү хөдөлгөөнийг Улиастай сум дэмжиж, гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр иргэдийнхээ хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөж байна.
Тодруулбал, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд төмс хүнсний ногооны тариалалтыг нэмэх. Төмс хүнсний ногооны чанар, эрүүл ахуйд хяналт тавих, иргэдийг аюулгүй, эрүүл ахуйн шаардлга хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг зорьж байна. Дээрх зорилгуудыг ажил хэрэг болгохын тулд хамтын ажиллагаа чухал. Тиймээс малчид, тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдтэйнягтхамтран ажиллахын тулд тэдэнтэй уулзаж, тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож,гарц гаргалгааг эрэлхийлж,хүнсний үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдалд хамтран ажиллахыг зорьж байгаа юм гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Завхан аймаг энэ жил газар тариалангийн салбарыг илүү дэмжиж хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.Тодруулбал, энэ жил усалгаатай газар тариалнг дэмжих хөдөө аж ахуйн төслийн хүрээнд Тэлмэн сумын Хүрэн тал, Улиастай сумын Ногоон хашаанд услалтын системийг сэргээн засварлана. Төмс хүнсний ногооны механикжсан зоорьтой болох. Улаан хальст саримсны үрийн нөөцийг нэмж, тариаланчдад хөнгөлөлттэй зээлийг эхний ээлжид олгохоор ажиллаж байна.
Мөн Аймгийн хэмжээнд энэ онд 3700 га талбайд малын тэжээл, 1650 га талбайд үр тариа, 210 га талбайд төмс, 193 га талбайд хүнсний ногооо тариалахаар төлөвлөж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.