Тус аймгийн Хөгжимт жүжгийн театр “Асарын өндөр” түүхэн жүжгийг тайзнаа амилуулна.
Монгол Улсад Хүннүгийн хаад язгууртны дурсгалт газар арваад бий. Эдгээр нь Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Дуурлиг нарс, Гол мод-2, ОХУ-ын Буриадын нутагт байдаг.
2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан уснаас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илрээд байна. Хангайн нурууны баруун биеэс анх удаа олдоод буй уг дурсгалт газар Хүннүгийн Шаньюн алтан ураг, Баруун гарыг захирах томоохон язгууртны булш байх боломжтой байгаа нь үндэсний бахархлыг төрүүлж байна.
Мөн Ямаан усны дурсгалт газраас 20-иод км-ийн зайд хот суурины туурь болон Хүннүгийн энгийн иргэдийн булш дурсгалууд олон тоотой байгаа нь Хүннүгийн гүрний үеийн суурьшлын томоохон бүс байсныг батлан харуулж буй.
Тиймээс дээрх түүхэн үйл явдлыг улс, орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, эх орныхоо түүхийг дээдлэх. Хойч үедээ энэхүү түүхийг сурталчлан таниулах, бахархуулах, соён гэгээрүүлэх, зорилгын хүрээнд Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан Б.Цогнэмэхийн зохиол “Асарын өндөр“ түүхэн жүжгийг тайзнаа туурвиж үзэгчдэдээ өргөн барихаар ажиллаж байна.
Энэхүү жүжгийг тайзнаа амилуулах ажлыг Огторгуйн цагаан Гарьд сан, УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр хамтран зохион байгуулж байна.
Манай хөгжимт жүжгийн театрын хамт олон, мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театртай 2023 оны 3-р сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу мэргэжлийн уран бүтээлчдийг “Асарын өндөр” түүхэн жүжгийн багт урьж оролцуулснаар жүжгийн бэлтгэл сургуулийг эхлүүлээд байна гэж Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго мэдээлэв.
Ташрамд энэхүү төслийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн санаачилгаар туурвиж буй бөгөөд жүжгийн ерөнхий продюсероор Огторгуйн цагаан гарьд сангийн ТУЗ-ын дарга Б.Ойгонжаргал, гүйцэтгэх продюсероор, Хөгжимт жүжгийн театрын дарга соёлын тэргүүний ажилтан Г.Солонго, жүжгийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар нар ажиллах аж. Жүжгийн нээлт Завхан аймгийн 100 жилийн ойн өмнөхөн болно.
Мөн жүжгийн ерөнхий зураачаар, соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор, Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр, хөдөлгөөний найруулагчаар, Соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир, түүхийн зөвлөхөөр Ж.Мөнхдэлгэр нар тус тус ажиллаж байна.
Жүжгийн "Асарын өндөр" хэмээн нэрлэсний учир нь:
-Алдархаан сумын нутаг Ямаан уснаас олдсон, Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газрыг бэлгэдэж, энэхүү сууринг асар хот, өндөр хэмээсэн нь хүний өндөр их хувь заяаг бэлгэшээж, уран сайхны зүйрлэлээр нэрлэсэн. Мөн энэхүү жүжиг нь Хүннүгийн үеийн түүх, өв уламжлал, ёс суртахуун, хүмүүсийн амьдралыг харуулахын учир Хүннүгийн үеийн "Асарын өндөр" уртын дуугаар нэрлэсэн гэж жүжгийн гүйцэтгэх продюсер нэмж дуулгав.
Сонирхуулахад, "Асарын өндөр” хэмээх айзам уртын дууны нэрийн тухайд” Асарын өндөр, их заяатай” гэсэн утга агуулгыг илэрхийлсэн байна. Уртын дууны нэр нь ихэвчлэн дууныхаа түрлэг, эхний мөрөөр нэрлэгддэг.Энэ нь монголчуудын гүн ухааны сэтгэлгээтэй холбоотой. Хүмүүний хувь заяаг олж төрөөд ёс бусыг бодох, санах, үйлдэхийг хэн ч байсан цээрлэвэл зохилтой, эс бөгөөс Тэнгэрийн гэсгээл хүртэх учиртай гэсэн сургаалын шинжтэй дуу юм.“Хүний хувь заяаны ер бишийн сайн сайхныг АСАР ӨНДӨР хэмээх үгээр илэрхийлсэн гэдгийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам тайлбарлажээ.
Харин бас нэгэн баримтыг өгүүлэхэд,
-...“Уртын дуу бол, бидний баримжаалж байгаагаар монгол хүн үүсэхэд л үүссэн. Байгальтай харьцаад, ахуй амьдралаа цэгцлээд эхлэхэд уртын дууны уриа дуудлагын элементүүд бүрэлдэж эхэлсэн бололтой. Археологийн шинжлэх ухаанд дулдуйдаад үзвэл, гурван газрын сав газар буюу одоо бидний шүтээн болсон Хэрлэн Онон Туулын эх, Хэнтийн уул орчмоор үүссэн. Тал дээр үүсээгүй шүү. Тал дээр байгалийн үзэсгэлэн ховор. Харин уул тал хээр хосолсон байгалийн төгс төгөлдөр газар уртын дуу үүссэн гэж судлаачид таамаглаж байгаа. Харин тал нутаг уртын дууны хөгжилд өндөр хувь нэмэр үзүүлсэн.
Мөн уртын дуу Хүннү гүрний үед нэлээн хөгжсөн. Мэдээж хүмүүс амьдрах таатай нөхцөлд ахуй амьдралаа зохицуулна. Өсөж үржинэ. Түлээ түлштэй, ан гөрөөтэй, өвс ургамалтай газар хүн амьдарна. Тэгээд өсөж үржээд уудам тал руугаа бууна аа даа. Тэр үест уртын дуу нэлээн хөгжсөн. Тэр үе нь Хүннү гүрний үе таарсан болов уу. Эндээс уртын дуу төрт ёсны зан үйлийн хэмжээнд хөгжин гарч ирсэн учраас л Хүннүгийн үеийн нийгмийн язгууртнуудтай холбоотой үүссэн гэдэг домгийг үлдээсэн болов уу" гэж Уртын дуу судлаач, уртын дуучин, өв тээгч, М.Дорждагва хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хүннүгийн уртын дууны домог нь:
Зарим хүн ярихдаа: "Гаогуй нарын дээдэс нь хүннүгийн зээгээс гаралтай. Хүннүгийн Шаньюйд гоолиг сайхан хоёр охин төрсөн гэдэг. Улсын эзэн тэднийг тэнгэрийн охид гэж боджээ. Шаньюй хэлсэн нь: “Би энэ охидыг хүнд яаж өгөх вэ?” тэнгэрт өргөе гэжээ. Чингээд улсынхаа умардад хүнгүй газар өндөр асар босгон, түүнд хоёр охиноо суулгаад тэнгэр минь та өөрөө аваарай гэж мөргөжээ. Гурван жил өнгөрсөн ч тэнгэр авахгүй байсан тул нь очиж авъя гэтэл Шаньюй зөвшөөрсөнгүй.
Дахин нэг жил өнгөрөхөд хөгшин чоно асрын хажууд ирж ульсаар, сүүлдээ асрын дор хонгил ухаж түүнээсээ ер гарахаа болив. Дүү нь хэлсэн нь: Эцэг минь биднийг тэнгэрт өргөхөөр энд суулгасан. Гэтэл эдүгээ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээж хэмээн доош буун очтугай гэхэд эгч нь имээн очсонгүй. Харин дүү гарч очиж чононы гэргий болон хүү төрүүлсэн байна. Түүний удам нь өсөн үржсээр байгаад улс болжээ. Ийм учир энэ улсын иргэд чоно улих лугаа адил уртын дууг дуулах дуртай болсон гэдэг" гэж уртын дууны домогт өгүүлжээ.