Мянган эмэгтэйг ажлын байраар хангаж, Монголын савангийн хэрэглээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой “Mongol Made” нэгдэл Ховд аймагт өнөөдөр салбараа нээлээ.
Хоногт 1000 саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн үйлдвэр Ховд хотод ашиглалтад орсноор гар нүүрийн болон барааны савангийн хэрэгцээгээ тус аймаг өөрсдөө бүрэн хангах боломж нээгдэж байна. Ховд аймгийн Засаг Дарга Э.Болормаа аймагтаа ажлын байр шинээр бий болгож, савангаа өөрсдөө үйлдвэрлэн аймгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй цаашлаад хилийн боомт бүхий аймгийн давуу талаа ашиглан саван экспортлох чиглэлд анхаарал хандуулан ажиллана гэлээ.
Ховд аймаг цаг агаарын хувьд хүйтэн урт өвөл, аагим халуун богино зунтай, агаар нь хуурай, унах тунадасны хэмжээ нь бага байдаг тул чийгшил, тэжээл өгдөг органик савангийн хэрэглээ харьцангуй өндөр гэдгийг саван үйлдвэрлэгчид хэлж байна. Хоёр дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж буй “Mongol Made” нэгдэл арьс арчилгаа, ариун цэвэр, ахуйн хэрэглээний 25 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэн ажиллаж байгаа ба аймгууд дэмжвэл арав хүртэлх хүнийг нь ажлын байраар хангаж, аймгуудын нэрийн саванг нутагт нь үйлдвэрлэх боломжийг ийнхүү Ховд аймгаас албан ёсоор эхлүүлж байна.