Монголчууд цахим хэрэглээнд нэвтрээд асар удаагүй. Гэхдээ л цахим соёлд суралцах хугацаа хэдийнээ өнгөрчээ. Цахим ертөнцийн тухай хууль батлан гаргаад ч хэрэг алга. Харин ч эсрэгээрээ цахим хэрэглээг өөрийн гомдол бухимдлаа тайлж, атаархсан нэгнээ харлуулдаг орчин гэж ойлгосон бололтой. Гэхдээ гол төлөв атаархал л давалгаалж байдаг ертөнц аж.
Нөгөө талаас хурган улстөрчид өрсөлдөгчдөө, айсан нэгнээ харлуулдаг хэрэгсэл болгожээ. Хоёр дарга муудахаараа тусгайлсан багаар цахим довтолгоо хийх юм. Ийм цахим дайн дундаас тэдний хамаг муу муухай, булхайг мэдэж авах юм даа. Яагаад гэхээр муудалцсан хоёр эрхэм нэг нэгнийхээ муу муухайг хамгийн сайн мэдэх учраас тэр. За тэгээд нэгнийхээ албан тушаалд шунасан нөхөд, авгай хүүхэнд нь тачаадсан хэсэг, амьдрал ахуйд нь атаархасан нэгэн, эсвэл өөрөө амьдарч чадахгүй байж хаа хамаагүй бухимдсан нэгэн гээд элдэв бузар булайг дэлгэдэг ертөнц бол цахим болжээ. Энэ ч дүүрсэн хэрэг охид бүсгүйчүүд хүртэл нэгнийхээ ор хөнжил рүү шургаж, муу муухайгаа дуудалцах талбар болсон. Сүүлийн үед өөрсдийгөө сэтгүүлч гэж нэрлэсэн нөхөд цахимаар хүн загнаж суудаг боллоо. Цахимд л санал сэтгэгдэл бичиж байвал сая болж байгаа мэт аашлах аж. Мэдээж хэрэг, тэдний мэдээлэл маш олон уншигчтай. Муу хэлээд байгаа ерээд оны үеийн шар сонинууд ч ийм байгаагүй шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН