Хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ жилийн хувьд цаг агаар эрт дулаарч, нэмэх хэм рүү орж буй үед тариаланчдад техникийн засвар үйлчилгээ хийх зэргээр бэлтгэл ажлыг хангах таатай нөхцөл бүрджээ.
Цаг уурын нөхцөл байдлаас хамаарч тариалалтын технологи өөр өөр байдаг. Үүний дагуу зөвлөмжүүд гаргаж буйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр, тариалалт эхэлж буйтай холбоотойгоор салбарын яамнаас Тариаланчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулахаар бэлтгэж байгааг дуулгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан дэвшүүлж, улс орон даяар өрнүүлж буй Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөдөлгөөний хүрээнд энэ жил мөн хүнсний ногооны тариалалтыг эрчимжүүлэх ажил үргэлжлэх аж.Өнгөрсөн жил тариаланчдад урамшуулал олгож, үрээр дэмжиж ирсэн. Ингэснээр иргэд, тариаланчдын хүнсний ногоо тариалах санаачилга, идэвх өрнөж ургацын хэмжээ 27.8 хувиар нэмэгджээ.