Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны тусгай хамгаалалтын газарт хүний гараар бүтсэн нарсан ойд шинэ цамхаг ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрч байна.
10м өндөр, 6м урт, 5 м өргөн, нийт 144м2 талбайтай энэхүү цамхагийг БНСУ-ын “Юүхан Кимберли” компани байгуулж өгсөн бөгөөд 200 гаруй сая төгрөгийн өртгөөр боссон аж.
Тус цамхаг нь хүүхэд багачуудад таримал ой, түүний арчилгааг таниулах, экологийн боловсрол олгох, цаашлаад жуулчдын очих дуртай газрын нэг болжээ. Тодруулбал 2018 онд ашиглалтад орсон энэхүү цамхаг дээр гарч, хүний гараар бүтсэн нарсан ойг харахаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт давхардсан тоогоор 20000 мянган хүн очжээ.
1986-2002 онд Тужийн нарсанд 7 удаагийн их хэмжээний түймэр гарахын зэрэгцээ иргэдийн эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр 70 орчим хувь нь устсан. Харин 2001 оноос эхлэн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг Тужийн нарсыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зориулсаар ирсэн юм. Түүнчлэн 2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Зүүн Хойд Азийн Ойн форум хамтран ойг нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ. Тэд 3250 га талбайг нөхөн сэргээсэн нь нийт талбайн 32,3 хувийг эзэлдэг байна.
Тужийн нарс бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумдын нутгийг дамнан оршдог экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхэн дурсгалт газар юм. МОНЦАМЭ