Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргалаа.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.
Цаг уурын байгууллагын шинэчилж гаргасан (5 дахь удаагийн) зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их (35% нэн их, 41% их), 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.
Аймгийн дүнгээр үзвэл Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгууд нийтдээ зудын эрсдэл ихтэй гарлаа. Өмнөх зурагтай харьцуулахад зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байна.
Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлсэн.
Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байна.
Цасан бүрхүүлийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 21-23 см.
Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат, Төвийн Баян, Мөнгөнморьт, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг, Жаргалант, Улаанбаатарын Налайх, Хэнтийн Норовлин, Батширээт, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Баян-Овоо, Сүхбаатарын Асгат, Халзан, Дорнодын Булганд 11-20 см, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-60 см зузаан цастай байна.
Ус цаг уурын улсын сүлжээн дээр цасны ажиглалт, хэмжилтийг 4 янзаар буюу өдөр тутам (цаг уурын ажиглалтын талбайд, өглөө бүр 08 цагт), 10 хоног тутам (хээрийн цасны хэмжилт, сар бүрийн 10, 20, 30/31-нд), өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаа (жил бүрийн 01 дүгээр сарын дунд арав орон даяар, багийн нутгаар), цаг үеийн нэмэлт ажиглалт (цас ихтэй хүндэрсэн газарт) гэсэн хөтөлбөрийн дагуу хийж байна.
Эдгээр мэдээллээс үзэхэд зарим газраар зузаан цастай, цасны өнгөн хэсэг мөстөж хатуурсан (шилэн зуд), нягт ихтэй байгаа нь мал бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байна.