Өнгөрсөн жил зуншлага тааруу, хур бороо муу байснаас гадна цаг агаар эрс хүйтэрч байгаа учир өвөлжилтийн нөхцөл хүндэрчээ.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх “Одоогоор баруун аймгуудад хүнд байна. ХХААХҮЯ, Улсын онцгой комиссын ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Ховд аймгийн баруун, Баян-Өлгийн өмнөд хэсгээр, Увсын хойд хэсгээр, Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудад хойд хэсгээрээ маш их цастай байна.Газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан дүнгээс харвал Ховдын Булган, Үенч, Алтай гэсэн сумдад тал газраар 50 см, уулархаг газраар 120 см хүртэл цас орсон.Баян-Өлгийд 40-60 см цастай. Тус хэсгүүдэд цагаан болон харын зуд болж байна. Бид өнгөрсөн жил нэг сая гаруй тонн өвс бэлтгэсэн ч өнөөдрийн байдлаар 50 хувийг нь зарцуулаад байгаа. Мөн аймаг, сумын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийн 40-50 хувийг зарцуулаад байна. Тэгэхээр эдгээрээс үзэхэд нөхцөл байдал хүнд түвшинд шилжсэн гэж хэлж болно. Зөвхөн Баян-Өлгий аймгийн тухайд авч үзвэл нийт малын 23 хувь нь байнгын тэжээлд орсон, 33 хувь нь нэмэлт тэжээлд орсон байна” гэв.