Өвөлжилтийн нөхцөл байдал болон салбар яамнаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуунаас тодрууллаа.
-Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөгийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь нэлээн цастай байна. 10 дугаар сард баруун таван аймаг, Архангай, Өвөрхангай, Баянхонгор болон говийн гурван аймаг гээд нийт 11 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр дээрх 11 аймгийн 82 сум нэн их эрсдэлтэй, 83 сум дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. 12 дугаар сар гарснаас хойш эдгээр 11 аймаг дээр нэмэгдээд Хэнтий, Төв аймагт хүндэрч эхэллээ. Хэд хэдэн удаагийн их цас орсны улмаас малын бэлчээр дутагдах нөхцөл байдал руу шилжиж байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 13 аймаг буюу нийт нутгийн 70 орчим хувь нь хүндэрч эхэлж байна.
-Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гарсан аймгууд бэлтгэлээ хэр базаасан бэ?
-Говийн аймгуудын хувьд малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл тааруу, аймаг, сумын аюулгүйн нөөцийг сайн бэлтгэсэн. Харин баруун аймагт малчид өөрсдөө бэлтгэлээ сайн хангасан. Аймгийнх нь нөөц сайн боловч сумдын нөөц тааруу гэх зэрэг байдалтай байсан. Энэ нөхцөл байдлыг Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаануудад танилцуулж, нэгдүгээрт өвс, тэжээлийг нэмж бүрдүүлэх, хоёрдугаарт улсын нөөцийн өвс тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгох шийдвэрүүдийг гаргуулсан.
-Малчдад олон улсын байгууллагуудаас ямар тусламж дэмжлэг үзүүлж байна вэ?
-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн кластер гэж байдаг. Энэ кластерын хуралд хоёр удаа эрсдэлийн үнэлгээ болон нөхцөл байдлыг танилцуулсан. Өнөөдрийн байдлаар Монголын улаан загалмайн нийгэмлэг 1000 өрх тус бүрд 100 ам.долларын мөнгөн тусламж, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 1770 өрхөд 300 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэх гэж байна. Цаашдаа олон улсын байгууллагууд руу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас болон Онцгой байдлын ерөнхий газраас хүсэлт уламжилсны үр дүнд тусламж үргэлжлээд явагдана. Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамгийн хүнд байгаа 51 суманд ямар тусламж үзүүлэх талаар төслийн бичиг баримт боловсруулж байна.
-Энэ жил отор нүүдлийг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?
-Улсын хэмжээнд 21 мянган өрхийн 9.5 сая мал отроо өвөлжиж байгаа. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээнд тулгуурлан отор нүүдлийн зохион байгуулалтыг хийсэн учраас маргаан харьцангуй бага гарлаа. 11 дүгээр сар гараад Өвөрхангайн цөөхөн малчид Сэлэнгэ, Хэнтий, Төв аймаг руу дураараа нүүж орох маргаан өрнөсөн боловч тухайн үед нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрууд газар дээр нь очиж малд нь үзлэг хийж, нутаг зааж өгөх зэргээр зохицуулалтын арга хэмжээнүүдийг авсны үр дүнд өнөөдрийн байдлаар ямар нэгэн маргаангүй байна.
-Нэг аймагт гаднаас хэчнээн мал өвөлжиж, хаваржих талаар нарийн тоо байдаг уу. Ямар зохицуулалт хийдэг вэ?
-Тогтсон тоо байдаггүй. Тухайн жилийн зуншлага болон 9, 10 дугаар сард тухайн нутаг орныг харна. Мөн аймаг, сумдын Засаг дарга нар хоорондоо гэрээ хэлэлцээр хийнэ. Энэ гэрээ болон малын гарал үүслийн гэрчилгээ нь эрүүл бүсээс эрүүл бүс рүү орох эрхийг нь олгож байна гэсэн үг. Гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр малчид ямар нэгэн байдлаар өөрсдөө мэдэхгүй байж байгаад малын гоц халдварт өвчний голомт руу орох тохиолдолд бий. Эсвэл сэжигтэй бүс рүү орох ч тохиолдол байдаг. Тэгэхээр энэ бүгдээс урьдчилан сэргийлэх зорилгоор малын гарал үүслийн гэрчилгээг шаарддаг. Мөн очсон үед нь мал эмнэлгийн тархвар зүйн асуумжаар шалгадаг. Тухайн аймаг, бүсэд сүүлийн 3 жил малын гоц халдварт өвчин гарсан эсэх, малд нь одоогийн байдлаар ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг тодруулдаг. Түүнчлэн мал сүрэгт нь клиникийн үзлэг хийдэг. Ингэж байж оруулдаг л даа. Энэ үйл ажиллагаанууд сүүлийн жилүүдэд харьцангуй тогтворжиж байна. Түүнээс гадна бүртгэл мэдээллийн нэгдсэн санд орж байгаа учраас заавал гарал үүслийн гэрчилгээ авах нь малчид өөрсдийнхөө эд баялаг болох мал сүрэг, хөрөнгөө хамгаалах үндэс суурь болж байдаг. Тийм учраас малчид ямар нэгэн байдлаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр аль нэг орон нутаг руу шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөж байна.
-Отроор яваа малчин өрхүүдийн нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Засгийн газраас өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт 7 автомашин олгоод байна. Үүнийг отроор яваа малчдад болон хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор олгосон. Мөн 11 аймаг улсын нөөцийн өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах шийдвэр гарлаа. Олон улсын байгууллагуудаас одоогийн байдлаар 250 мянган ам.долларын дэмжлэг гаргаад байна. Цаашид аймаг орон нутгаас дэлгэрэнгүй мэдээлэл авах, нэгдсэн мэдээ, мэдээлэлтэй байх, тусламж, дэмжлэгийг нэг цонхны бодлогоор үзүүлэх зорилгоор Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагууд нэгдэн олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ