Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил баг Юнителийн 4Gсүлжээнд холбогдож, малчид гэрээсээ интернэтэд холбогдон дэлхийн өнцөг булан бүрд байгаа ах, дүү хамаатан садантайгаа шууд холбогдох, хүүхдүүд цахимаар хичээлээ хийх, цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил багийн Ховсын оройд үүрэн холбооны дахин дамжуулах станц барьж, Юнителийн 4G сүлжээ нэвтэрлээ.
Өнгөрсөн жил Жаргалант сумын Цэцүүх багийн Цагаан уул, Цагаанбургас багийн Ганц модны дух хэмээх газрууд Юнителийн 4G сүлжээнд холбогдож, сумын төвийн зүүн талд Овоот толгойд 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээний өргөтгөлийн ажил хийсэн юм.
Тус аймагт өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны салбарт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн байр, өндөр хурдны шилэн кабель, үүрэн холбооны 3G, 4G сүлжээ болон дахин дамжуулах станцуудыг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн Цагаан-Уул, Тариалан сумыг Монголын цахилгаан холбоо ХХК-ийн цахим сумын төв төсөлд хамруулж айл өрхүүдийг IPTV-н гурвалсан үйлчилгээнд холбоод байна.
Мөн энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариалан сумын Ар тархи багийн Цоройдгийн орой, Их-Уул сумын Мандал багийн Баян-Өндөр уул, Цэцэрлэг сумын Зуунмод багийн Шивээтийн зоо гэх газруудад үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд 2023 оны эхээр ашиглалтад оруулах ажээ.