http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй


Сошиал орчин “Хөдөөний айл” хаягаар контент бэлтгэн хүргэдэг Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох нарын 11 настай хүү Е.Сүбээдэйн монгол гэрийг англи хэлээр танилцуулж буй бичлэг инстаграммд хэдийнээ 11 сая гаруй үзэлт авч, олон улсын үзэгчдийг сувагтаа нэгтгэж байна. Тэрээр англи хэлийг монгол ахуй соёл, өв уламжлалаа дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хэрэглэж, өөрийн гэсэн үзэгчидтэй контент бүтээгч болжээ.

“Хөдөөний айл” бол өчигдөрхөн бий болсон цахим хуудас биш. Ч.Ерөөлтүвшин, түүний гэргий С.Буянтогтох нар хотын амьдралаас орон нутагт шилжин суурьшиж, хөдөө нутагт ч тав тухтай, боловсролтой, идэвхтэй амьдрах боломжтойг олон нийтэд харуулахыг зорьсон гэр бүл юм.

Ч.Ерөөлтүвшин нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй бол гэргий С.Буянтогтох нь олон улсын хоол зүйч, иогийн багш ажээ. Анх эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, хүүхэд хүмүүжлийн талаарх мэдээлэл түгээж эхэлсэн тэд аажмаар хөдөө амьдрал, нүүдэл суудал, гэр бүлээрээ бүтээж буй орчин, хүүхдүүдийнхээ өдөр тутмын амьдралыг контент болгон хүргэх болсон юм

Улмаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд шилжин суурьшсан нь тэдний амьдралын томоохон өөрчлөлт байв. Хосууд хөдөө нутагт амьдрахын зэрэгцээ цахим орчин, англи хэлний мэдлэгээ ашиглан ажиллаж, орон нутгийн хүүхдүүдэд англи хэл сурах боломж олгох чиглэлээр ч ажиллаж байжээ.

Энэ тухай Ч.Ерөөлтүвшин 2023 онд “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганы үеэр ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд хөдөө өснө гэдэг боловсрол, хэлний мэдлэг, дэлхийтэй харилцах боломжоо орхино гэсэн үг биш гэдгийг өөрсдийн амьдралаар харуулж байна.

Чихрийн реклам биш, ааруулын сурталчилгаа

Хүүгийн бичлэг сошиал орчинд олон сая үзэлт авч, гадаадын томоохон компаниас хүртэл ажлын санал, хамтран ажиллах хүсэлт илгээжээ. Энэ тухай аав Ч.Ерөөлтүвшин цахим хуудсандаа хүүгээ ямар нэгэн бүтээгдэхүүний сурталчилгаанд оролцохоос илүүтэй өөрийн гэсэн үзэл санаа, зорилготой, өв соёлоо дэлхийд сурталчилдаг контент бүтээгч гэдгийг онцолжээ. Тэрээр хүүгээ чихэр биш ааруул сурталчилдаг, бургерээс ч илүү амттай Монголын таван цулын мах, байцааны салаттай хуушуур гэж хоол байдгийг танилцуулдаг хэмээсэн юм. Энэ бол энгийн нэгэн аавын бахархал төдий зүйл биш. Хүүхэд ямар агуулга түгээж, юуг бусдад таниулах вэ гэдэгт гэр бүлийнх нь баримталдаг үнэт зүйл хэрхэн нөлөөлж байгааг харуулсны илрэл юм.

Өнөөдөр дэлхийн цахим орчинд хүүхдүүдийн оролцоотой контент олон төрөлтэй болсон ч өөрийн үндэсний хоол, уламжлалт хэрэглээ, гэр бүлийн хүмүүжил, ахуй соёлоо гол агуулгаа болгож буй нь тэдний ондоошил, бахархал болж байна.

Мөн хүүгийн хувьд англи хэл нь зөвхөн хичээлийн мэдлэг бус, Монголынхоо тухай дэлхийд ярьж, тайлбарлах хэрэгсэл болжээ. Хөдөө нутагт амьдардаг хүүхэд ч хэл сурч, олон улсын үзэгчдэд хүрч, өөрийн бүтээсэн контентоороо сонирхол татаж чадна гэдгийг тэр харуулж байна. Мөн саяхан тэд “Говь кашмер” ХК-тай хамтран контент бүтээж, Монголын ноолуур бол мал аж ахуй, малчдын хөдөлмөр, байгалийн онцлог, үндэсний үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой бүтээгдэхүүн. Гадаадын хэрэглэгчдийн хувьд ноолууран бүтээгдэхүүн нь тансаг хэрэглээний нэг төрөл байж болох ч түүний цаана ямар мал, ямар нутаг, ямар хөдөлмөр байдгийг тэр бүр мэддэггүй. Тиймээс ноолуурын тухай хүүхдийн оролцоотой, ойлгомжтой контент хийх нь Монголын бүтээгдэхүүний гарал үүсэл, үнэ цэнийг таниулах нэг хэлбэр болж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Эндээс “Хөдөөний айл”-ын контентын нэг чухал давуу тал харагдана. Тэд өв соёлоо музейн үзмэр мэт холоос тайлбарлахгүй, харин өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, идэж, өмсөж, хийж буй зүйлээрээ дамжуулан харуулдаг. Ааруул идэх, хуушуур хийх, монгол гэрт амьдрах, ноолуурын тухай ярих нь тэдний хувьд тус тусдаа сэдэв биш. Харин монгол хүн гэж хэн бэ, монголчууд хэрхэн амьдардаг вэ гэдгийг дэлхийд таниулах нэгэн цогц өгүүлэмж юм.
 


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ