
Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сард Ховд аймагт оршин суух иргэн Б.Т нь Монгол улсын ховор амьтны жагсаалтад багтсан Алтайн хойлог шувуу тээвэрлэсэн үйлдлийг илрүүлж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тодруулбал, ховор амьтны жагсаалтад багтсан Алтайн хойлог шувуу тээвэрлэсэн иргэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 5-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор Хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 217 мянган төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх хуулийн заалтын дагуу хохирлыг нөхөн төлүүлсэн аж.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-ын ховор шувууны төрөлд багтсан “Алтайн хойлог” шувуу нь тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй гэх ангилалд хамаардаг, тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглосон шувуу юм.
Эрүүгийн хуульд зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4- 27 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.







