http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өгөөжийг өөрт нь үлдээхгүй бол уурхайтай нутагт хөгжил ирэхгүй


“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд V байр эзэлсэн сэтгүүлч З.Цэлмэгийн нийтлэлийг хүлээн авч уншина уу.
•     •     •
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд олон уурхай ажилладаг ч хөгжилд нь нүдэнд харагдаж, гарт баригдахаар дорвитой нэмэр болдоггүй. Нийт нутаг дэвсгэрийнх нь 14 хувьд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбай бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэг суманд олгох тусгай зөвшөөрлийн нийт талбайг газар нутгийнх нь 15 хувиас илүүгүй байх зөвлөмжийг 2022 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн. Харин Даланжаргалан суманд өдгөө 56.6 мянган га талбайд 80 орчим тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тогтоосон хязгаарт бараг тулжээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг харвал “МАК Цемент”, “Улаанбаатар чулуун завод” зэргээс бусад нь жижиг, дунд уурхайнууд зонхилдог.
Тус сумын газар нутгаар өдөр бүр хэдэн зуун хүнд даацын автомашин, галт тэрэг нүргэлэн өнгөрдөг. Сая сая тонн нүүрс, цемент, жоншийг эндээс олборлож экспортолдог. Дорноговь аймагт ч тэр, улс оронд ч тэр эдийн засгийн болоод стратегийн ач холбогдолтой сум. Цагтаа Оросын агаарын цэргийн бааз байршиж байсан, нутаг дэвсгэрээр нь Ази, Европыг холбосон авто болон төмөр зам дайран өнгөрдөг, дөрвөн аймгийн газар нутгийн зааг дээр байдаг их хөлийн газар юм. Хэдийгээр албан ёсны бүртгэлтэй хүн амын тоо 3500 орчим боловч уурхайн ажилчид, дамжин өнгөрдөг хүмүүсийг тооцвол 10 мянга давна. Эдгээр сүүдрийн хүн амын үзүүлж буй ачаалал нь сумын эдийн засгийн чадавхыг шавхаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг тарамдуулдаг. Улс болон аймгийн төсвийг зузаатгахад ачаа үүрдэг тус сумын хувьд сүүлийн таван жилд Дорноговь аймагт 20 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Ердөө таван жилийн өмнө Даланжаргалан сум аймгийнхаа төсөвт 200 орчим сая төгрөг төвлөрүүлж байсан бол 2025 онд 10 тэрбум хол даваад байгааг Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Отгонбаяр 2026 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр мэдээлэв.
Харамсалтай нь тус сум өгдөг шигээ өгөөж хүртэж чаддаггүй. 2026 онд Даланжаргалан сум аймгийн төсөвт 10.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, ОНХС-аар 493 сая төгрөг хүлээн авахаар болжээ. Энэ талаар тус сумын иргэдийг аймгийн ИТХ-д төлөөлдөг Н.Отгонбаяр “Уул уурхайн компаниудын хамгийн их нөлөөлөлд байдаг сумын ард иргэдэд ОНХС-аар хуваарилдаг санхүүжилт үнэхээр хангалтгүй байна. Иргэд ОНХС-аар хийх ажилд маш их санал өгдөг ч хуваарилсан мөнгө нь хаана ч хүрдэггүй. Яаж хуваарилдаг зарчмыг нь хэлж өгөхгүй бол ард иргэдэд хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна. Цаашид аймгийн болон улсын төсөв бүрдүүлдэг сумдыг бодлогоор яаж дэмжих вэ” гэв. Хариуд нь аймгийн Засаг дарга О.Батжаргал “ОНХС-ийн санхүүжилтийг боломжийн хэмжээнд өгч байгаа. Даланжаргалан, Хөвсгөл, Мандах, Хатанбулаг, Замын-Үүд, Сайншанд зэрэг сумынхан ийм асуудал тавьж байгаа нь үнэн. Төвлөрүүлж байгаа орлогыг буцаад хуваарилахад хүндрэл бэрхшээл их байдаг. Нөгөө талаар, улсын болон аймгийн төсвөөс зөрүүлээд хөрөнгө оруулалт хийгддэг. Цаашдаа орлого бүрдүүлдэг, орлогын эх үүсвэрээ дэмждэг сумууд боломжоо илүү эдлээд явах нь зөв гэдэгтэй санал нэг” хэмээв. 
Гэвч засаг даргын хэлсэн шиг хөрөнгө оруулалт Даланжаргалан суманд бараг л байхгүй аж. 2020-2025 онд Дорноговь аймгийн хэмжээнд хийсэн хөрөнгө оруулалтын 1 хувийг   Даланжаргалан хүртжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэхээр зүйл ч алга. 2022 онд эрүүл мэндийн төвийн барилгад 2.8 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 300 саяыг л олгожээ.
undefined
Зургийн тайлбар: Даланжаргалан сум 3500 хүний багтаамжтай Эрүүл мэндийн төвийн барилгаа 2023 онд ашиглалтад оруулжээ. Хэдийгээр тус төвийг байгуулахаар улсын төсөвт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан ч 300 саяыг л олгосон байна. Тиймээс барилгын газар шорооны ажлыг уул уурхайн компаниудын дэмжлэгтэй, барилгын цементийг сумын цементийн үйлдвэрээс хангуулж, аймгийн төсвөөс болон ОНХС зэрэг эх үүсвэрээр үлдсэн санхүүжилтийг шийджээ.
Хөрөнгө нь арвижсан ч хуваарилалт “шог” хэвээр
Нээлттэй эх сурвалжаас харахад 21 аймгийн хэмжээнд 2020-2024 онд ОНХНС болон ОНХС-аар дамжуулан 1.4 их наяд төгрөгийн хөрөнгийг хуваарилжээ. 2020 онтой харьцуулахад 2024 онд уг сангийн хөрөнгө 2.5 дахин нэмэгдсэн байна. Жил ирэх тусам тус сангийн хөрөнгө зузаарч байгааг доорх графикт харууллаа.
Гэхдээ сангийн орлогыг бүрдүүлдэг эх үүсвэрийг харвал ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр багасаж, АМНАТ-ийн эзлэх хувь улам бүр өссөөр байна. Үүнд гадаад зах зээл дэх түүхий эдийн үнэ, нүүрсний экспортын биет хэмжээ зэрэг нэмэгдсэн нь нэг талаас нөлөөлж буй. Нөгөө талаар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт саарсан нь орон нутгаас бүрддэг эх үүсвэрүүд багасахад нөлөөлсөн гэж үзэж болохоор аж. Үүнээс гадна, 2021 онд Төсвийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын болон мега төслийн АМНАТ-өөс таван хувийг төвлөрүүлдэг байсныг болиулснаар ОНХС-ийн эх үүсвэрийн нэр төрөл цөөрчээ.
Графикаас харахад ОНХС-ийн эх үүсвэрийн нэр төрөл цөөрч, АМНАТ-ийн эзлэх хувь нэмэгдэж байна. 2020 онд 8 төрлийн эх үүсвэртэй байсан бол 2024 онд 5 болж цөөрсөн ч үүний 80 гаруй хувийг АМНАТ бүрдүүлжээ.
Ийнхүү ОНХС-г бүрдүүлдэг эх үүсвэрийг хуульд өөрчлөлт оруулах замаар цөөрүүлсэн хэдий ч одоо байгаа орлогуудаа ч хангалттай цуглуулж бас эргэн хуваарилж чадахгүй байна. Үүний нэг тод жишээ бол, ОНХНС-д төвлөрдөг газрын тосны нөөц ашигласны төлбөр (ГТНАТ)-ийг бүрэн цуглуулж чадахгүй байгаа явдал. Дорнод аймгийн Халхгол, Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монголын талд алдагдалтай тул ГТНАТ төсөвт маш бага ордгийг Дорнод аймгийн “Буйр нуур, Халхгол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Ганцогт ярилаа. Тэрбээр “Газрын тос олборлодог “Тосон уул XIX” талбайгаас бол нөөц ашигласны төлбөр авдаггүй, “Тамсаг XXI” талбайгаас 7.5 хувиаар нөөц ашигласны төлбөр тооцож авдгийг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УУХҮЯ-ны эрх бүхий албан тушаалтан тайлбарласан” гэлээ. Төсвийн тухай хуулиар ОНХНС-д ГТНАТ-ийн 30 хувийг төвлөрүүлдэг бөгөөд 2020-2024 онд уг төлбөр сангийн нийт хөрөнгийн ердөө 4-5 хувийг бүрдүүлсэн байна.
Ийнхүү 21 аймагт хуваарилагдах ОНХС-ийн хөрөнгө жилээс жилд өсөн нэмэгдэж буй ч уул уурхайн нөлөөлөлд хамгийн их өртдөг сумын очих хуваарилалт шог байна.
undefined
2020 оноос хойш ОНХНС болон ОНХС-ийн эх үүсвэр бүрдүүлэлт, хуваарилалт хийх хууль журамд  маш олон удаагийн өөрчлөлт оржээ. Тэр бүрд сангийн хөрөнгийн хуваарилалт хэрхэн зохицуулсныг эрэл сурал хийж учрыг нь олж ойлгоход түвэгтэй болжээ. Ийм ойлгоход түвэгтэй байгаа нь тус сангийн хуваарилалт, зарцуулалтыг эрх мэдэлнүүд өөрсдийн үзэмжээр хийх, олон нийт хараа хяналт тавих боломжийг хязгаарлаж буй нэг хэлбэр юм. Энэ бүх хууль журмын хэрэгжилт, хөрөнгө мөнгөний зарцуулалтад хяналт тавих ёстой төрийн “төмөр” аппарат бол уг нь Үндэсний аудитын газар юм. Жил бүр Үндэсний аудитын газраас аймаг, сум, нийслэл, дүүргийн ОНХС-ийн үйл ажиллагаанд хяналт шалтгалт хийдэг ч тэдгээр нь зөвхөн хуваарилагдаж ирсэн хөрөнгийн зарцуулалтыг л хууль журмын дагуу, хугацаандаа зарцуулсан эсэхийг шалгадаг аж. Харин эх үүвсэр бүрдүүлэлт, хуваарилалт талдаа хууль журмын хэрэгжилт бол үнэхээр баларч байна.
 Иргэд биш, дарга зарцуулдаг сан
Аймгийн удирдлагууд ОНХС-ийн хөрөнгийг сумддаа хэр зэрэг хуваарилдгийг 21 аймгийн хэмжээнд харьцуулж харав. Ингэхэд уул уурхай төвлөрсөн, тусгай зөвшөөрөл олонтой, улсын төсөв бүрдүүлдэг аймгууд сумынхандаа гар татуу ажээ. Ялангуяа, хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй, уул уурхай төвлөрсөн Дорноговь аймаг ОНХС-ийн хөрөнгийн дөнгөж 31 хувийг сумддаа хуваарилдаг нь анхаарал татав. Үүний шалтгааныг лавшруулж үзвэл үнэхээр Даланжаргалан сумыг нийтлэлийн эхэнд тодотгохоос аргагүй байлаа.
2020-2024 онд нийт 5 жилийн хугацаанд аймгийн удирдлагууд ОНХС-ийн хөрөнгийн дунджаар 52%-ийг сумддаа шилжүүлжэ. Харин Дорноговь аймаг хамгийн их санхүүжилт авдаг ч үүний 31%-ийг л сумддаа хуваарилдаг байна.
Дорноговь аймгийн хувьд ОНХС бол дарга нарын аясаар шийдэгддэг сан болчихож. Уг нь энэ бол ард иргэдийн саналыг авч эрэмбэлээд, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрээ хангахад зориулан зарцуулах учиртай уул уурхайн орлогыг дахин хуваарилдаг механизм билээ. Гэвч бодит байдал дээр хэн илүү нөлөөтэй, хэн илүү дэмжлэгтэй, даргад хэн илүү “хөөрхөн” харагдсан нь ОНХС-аас ахиу авдаг аж.
Даланжаргалан сумын ИТХ-ын дарга асан Н.Болдбаатар “Манай сум албан ёсоор 3000 гаруй хүн амтай. Аймгийн дарга нарын сонгогдсон 1500 хүнтэй суманд ОНХС-аас тэрбум гаруй төгрөг хуваарилж байхад, манайд 600 орчим саяыг л өгдөг. ОНХС-ийн хуваарилалтыг хэрхэн боддогийг би аймгийн ИТХ байхдаа удаа дараа асууж байсан. Тодорхой аргачлалаар боддог гэж ярьдаг. Гэхдээ би тэр тооцоог нь олж хараагүй. Бас 1+1=2 гэдэг шиг тодорхой хууль байдаггүй” гэлээ. 
undefined
Харин Дорноговь ХОХБТХ-ийн дарга Ч.Мөнх-Эрдэнэ “Суманд санхүүгийн эрх мэдэл хэтэрхий их өгвөл жижиг улс төрийн амбиц нь хөрөнгийг үр ашиггүй болгох эрсдэлтэй. Сумын удирдлагууд урсгал зардал хүрэхгүй байна, гэрэлтүүлэг, ариутгах татуургын үйл ажиллагаа болохгүй байна гэх мэтээр ярьдаг ч яг өөрсдөө хийхээр энэхүү нөхцөл байдлаа улам дордуулаад байдаг. Өөрөөр хэлбэл, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийдэг. Суманд өгсөн мөнгө сургалтын төлбөрт, үржлийн мал сайжруулах буюу хувийн өмчид зарцуулах гэх мэтээр ОНХС--ийн хөрөнгө, малын хөлийн татварын зориулалтыг ялгаж салгахгүй зарцуулдаг” хэмээн тайлбарлав.
Дорноговь аймгийн ОНХС-ийн нийт эх үүсвэрийн 81%-ийг ОНХНС, үлдэх 19%-ийг орон нутгаас бүрдүүлжээ. Үүнээс Замын-Үүд, Сайншанд, Хатанбулаг зэрэг сум нь газар нутаг томтой, хүн ам ихтэй тул ахиу санхүүжилт авчээ.
ОНХС-ийн хуваарилалтын талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж “Манай аймаг бол улсын төсөв бүрдүүлдэг таван аймгийн нэг. Сайншанд, Замын-Үүд суманд ОНХС-ийн хөрөнгө сайн хуваарилагддаг. Бусад суманд бол бага. Үүнд яалт ч үгүй нэгдүгээрт, улс төрийн шалтгаан бий. Гарцаа байхгүй. Аль нам нь олон суудалтай, засаг барьж байна, аль суманд АН эсвэл МАН засаглаж байгаагаас хуваарилалт шалтгаалж байгаа. Тухайлбал, Дорноговь аймгийн 14 сумын тав нь АН байлаа гэж бодоход мэдээж хэрэг тэдгээр суманд төсөв бага л хуваарилагддаг. Аймгийн төсөв батлах үеэр ОНХС-аас тэр суманд тэдийг өгье гээд зарчмын саналуудаа хайрцаглаад, намын бүлэг дээрээ тогтчихоод орж ирдэг” гэсэн юм.
Харин өөр нэгэн эх сурвалж “Бодит амьдрал дээр тэр мөнгийг хэнд хуваарилахаа Засаг дарга өөрөө мэддэг. Бусад сумын удирдлагууд эсэргүүцсэн ч Засаг дарга бараг л бие дааж шийддэг дээ. Амьдрал дээр Даланжаргалангаас илүү их орлого төвлөрдөг. Гэтэл Хатанбулагийг илүү хөгжүүлэх хэрэгцээ байхад Сайхандулаан суманд ахиу төсөв хуваарилагддаг” гэсэн юм. Тэрбээр ОНХС-ийн хуваарилалт хийдэг аргачлалыг өөрчлөх бодит хэрэгцээ байгааг онцолсон юм. Хэдийгээр сумдад хэд оногдохыг тодорхой итгэлцүүрээр боддог ч хуваарилалтаа хийхдээ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хөгжлийн үндсэн чиглэлээ л баримталдаг аж.
 Үндсэндээ дарга нар нэг бол тойрогоо услах, үгүй бол хүн ам олонтой сумдад ахиу хуваарилах сонирхолтой байдаг нь олон нийтийн саналыг авч эрх мэдэлд суудаг улстөрчдөд л ашигтай хувилбар болдог байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг том улстөрчид тойрогтоо хувааж “тонодог” шиг ОНХС ч эрх мэдэлтнүүд барьцаа ахиулахад ашигладаг ивээс болчихож.
 Сангийн яамны эх сурвалжийн хэлж буйгаар ОНХС-ийн тухайн онд зарцуулж амжаагүй эх үүсвэрийг бусад төсөв шиг эргүүлж татдаггүй. Аймаг, орон нутгийн эрх мэдлийнхээ хүрээнд зарцуулдаг сан аж. Хууль журмаар зохицуулдаг сангийн үйл ажиллагаанд Сангийн яам ч тэр бүр оролцоод байх боломж байдаггүй гэнэ. Нэг ёсондоо ОНХС бол нутгийн өөрөө удирдах ёсыг тарамдуулдаг аймаг суманд бол томчуудын тохойгоо нөхдөг сан болжээ. 
Хэдийгээр улсын төсөвтэй харьцуулахад ОНХС-ийн мөнгө их дүнтэй биш боловч том агуулгатай систем билээ. Тиймээс ч үе үеийн Засгийн газар нэг талаас, иргэдэд газрын баялгийн өгөөжийг хүртээх, нөгөө талаас уул уурхай болоод иргэд хоорондын ойлголцлыг сайжруулах үүднээс ашигт малтмалын тодорхой орлогуудыг ОНХС-д төвлөрүүлэх шийдвэрүүд гаргасаар ирсэн. Энэ дагууд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг, уул уурхайн компаниудын орон нутагтай байгуулсан гэрээний төлбөрийг тухайн сумын ОНХС-нд нь шууд төвлөрүүлдэг болгосон. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2024 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ОНХНС-нд АМНАТ-ийн орлогыг ялгаатай байдлаар олгох өөрчлөлт оруулжээ. Ирэх зургадугаар сараас хэрэгжих тус өөрчлөлтөөр ОНХНС-нд төвлөрсөн АМНАТ-ийн орлогоос 10 хувийг нь энэхүү орлогын 20-иос дээш хувийг бүрдүүлсэн аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр, 20 хувийг нь 0-20 хувийг бүрдүүлсэн аймаг, хотод хувь тэнцүүлж олгохоор болсон. Тэгэхээр нэгдсэн сангаас аймаг, нийслэлд хуваарилах аргачлал АМНАТ-ийн орлогыг төвлөрүүлж буй байдлаар нь ялгавартай олгох зарчимд  шилжиж байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “АМНАТ-өөс орон нутагт үлдэх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэлээд олон жил энэ асуудал яригдсан. Суманд 10 хувь, аймагт 20 хувь гэдэг шинэ томьёолол орж ирсэн. Гэхдээ миний байр суурь бол үүнийг бүр эсрэгээр нь, 20 хувь суманд, 10 хувь аймагт байх ёстой. Дээрээс нь АМНАТ-ийг төвлөрсөн байдлаар хуваарилахдаа огт уул уурхайгүй, уул уурхайг хөгжүүлэхгүй гээд зарласан аймгуудад хүртээх хувь нь бүр бага байх ёстой” хэмээв.
undefined
Гэвч ил тод байдал нь алдагдсан, хяналтгүй явж, засаглалын хямралд орсон ОНХС-ийн хөрөнгө ачаалал авдаг сумддаа очиж чадах эсэх нь үнэхээр бүрхэг байна. Орон нутгийн улс төржилт, ил тод байдлаас гадна засаж залруулах зүйлс их байгааг экспертүүд хэлж байна. 
Уул уурхайтай сумдыг “гомдоосон” аргачлал 
ОНХС-г сүүдэр мэт дагаж байгаа гомдол маргаан, завхрал хийдэл аймгаас суманд хуваарилах мөнгөн дээр үүсдэг. Засгийн газрын 2023 оны 457 дугаар тогтоолоор аймгийн ОНХС-ийн мөнгийг сумдад хуваарилахдаа гурван шалгуур тавьдаг аж.
Тус тогтоолын 7.3-т “Аймаг, нийслэл нь орлогын шилжүүлгийг энэ аргачлалын 7.2-т заасны дагуу хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, ашигт малтмал болон газрын тосны ашиглалтын талбайн хэмжээнээс хамаарах үзүүлэлтийн хувийн жинг дараах байдлаар тооцно.
  • 7.3.1. хүн амын тоо – 33 хувь;
  • 7.3.2. нутаг дэвсгэрийн хэмжээ – 34 хувь; 
  • 7.3.3. ашигт малтмал болон газрын тосны ашиглалтын талбайн хэмжээ – 33 хувь байна гэж заажээ.
Тэгэхээр итгэлцүүрээр хуваарилах мөнгөнд уул уурхайн нөлөөллийг онцгойлон харгалзаж үздэггүй гэсэн үг. Хүн амын тоо, газар нутагтай тэгшитгэж үздэг тул уул уурхайгүй, уул уурхайн нөлөөлөл нь бага ч хүн ам ихтэй хот, суурин газарт ОНХС-ийн хөрөнгө ахиу хуваарилагдаад байгаа юм.
Сайншанд сумын засаг дарга Ч.Түвшинтөр “Манай сум газар нутаг багатай, уул уурхай ч бараг байдаггүй. Доншен л ажилладаг. Бусад нь хайгуулын тусгай зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмал л бий. Манайд хуваарилагддаг хөрөнгөнд жин дардаг үзүүлэлт нь хүн амын тоо, итгэлцүүр байдаг” гэв. Харин Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр “Уул уурхайг хэн илүү их олборлуулж, хэн илүү ашиглуулж байна тэр аймаг, сум л үр шимийг нь хүртэнэ. Гэтэл өнөөдөр Өмнөговь, Дорноговиос ихэнх мөнгөө төвлөрүүлээд 21 аймагтаа ялгаагүй цацчихаж байна. Уул уурхайгүй аймгууд ч их татаас авдаг. Монгол Улсын төсвийн бодлого ийм. Бид үүнийг л орон нутагтаа хэрэгжүүлээд явж байна” гэж ярилаа. Төсвийн орлогыг төвлөрүүлээд тэгшитгэх коммунист зарчим орон нутгийн төсөвт ч үйлчилж буй нь энэ бөгөөд уул уурхайн ачаалал авдаг сум орон нутагт хамгийн шударга бус хуваарилалт юм. Үүн дээр орон нутгийн улс төрийн амбиц, эрх мэдлийн төлөөх тэмцэл нэмэгдсэнээр зөвхөн ОНХС гэлтгүй уул уурхайн орон нутагт өгөөжгүй, баялгаа соруулж буй ард иргэд юу ч үгүй үлддэг гэсэн домог үүссэн бөлгөө.
ОНХС-ийн хуваарилалт тооцдог аргачлал, итгэлцүүр асуудалтай, зайлшгүй сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ энд үүнээс илүү онцлох нэг зүйл бол улс төрийн сэдлээр хуваарилалт хийж буй явдал. Улс төрийн ашиг сонирхол байгаа цагт ямар ч сайн аргачлал байгаад нэмэргүй. Хэрхэн, яаж, ямар сэдлээр хуваарилж байгааг нь төрийн аудит хянадаг баймаар юм.  
 Хэдий ОНХС-ийн сумдад хуваарилах аргачлал учир дутагдалтай ч энэ нь сумдаа хоосон үлдээх шалтаг биш гэдгийг аймгийн жишээ харуулдаг. Доор графикт уул уурхай бүхий аймгуудын сумдын ОНХС-ийн эх үүсвэрийг тусгай зөвшөөрөлтэй харьцуулан харууллаа.
Баялаг багаслаа ч хөгжил тэлэх учиртай
Экспертүүд, уул уурхайн нөлөөллийн үнэлгээний мэргэжилтнүүд ОНХС-ийн одоогийн аргачлал, хэрэгжилтэд шүүмжлэлтэй хандаж байна.  Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоолд заасан шалгуур үзүүлэлтүүд бүхнийг тодорхойлогч биш юм. Хөгжлийн индекс, газар нутаг, хүн амын тоо бол зөвхөн тэр орон нутгийг л харсан үзүүлэлт. Харин нийт иргэдийн хөгжлийг хэрхэн хангах вэ гэдэг үндсэн зорилгоо бодох нь язгуур эрх ашиг билээ. Энэ нь ОНХС-ийн хуваарилалт шударга, хөрөнгийн зарцуулалт нь үр ашигтай байх учиртай гэсэн үг.
Уул уурхайн нөлөөллийн үнэлгээ, стратегийн өмгөөллөөр мэргэшсэн “Хил хязгааргүй алхам” ТББ-ийн тэргүүн Н.Баярсайхан “ОНХС анх байгуулагдсанаасаа маш өргөн хүрээтэй болсон. Иргэдийн оролцоотой, иргэдийн эрэмбэлснээр зарцуулах замаар эрх мэдлийг шилжүүлсэн гэж шийдвэр гаргагчид хардаг. Гэтэл анхан шатан дээр Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдсан нөхвөр сан болоод байна. Тиймээс эргэж харах цаг болсон” гэж анхаарууллаа.
ОНХНС-ийн хуваарилалтыг тооцдог хөгжлийн индексийг ч сайжруулах шаардлагатайг тэрбээр ийн тайлбарлав. “Засгийн газрын 2018 оны 20 дугаар тогтоолоор орон нутгийн хөгжлийн индексийг тооцдог. Үүнд үндэслэн ОНХНС-аас аймаг, нийслэлд хуваарилдаг. Гэтэл бэлчээрийн даац, ургамлын гарц, уул уурхайгаас болж эвдэрсэн газрын дата нь үнэн зөв, байнга шинэчлэгдэж чадаж байгаа юу, түүнийг орон нутгийн удирдлага үнэхээр авч үзэж, тэр дагуу ОНХС-ийн хөрөнгийг хуваарилж байгаа юу гэвэл эргэлзээтэй. Жишээ нь, судлаачид, экспертүүд ядуурал хөдөө багийн түвшинд байгаа гэж хэлдэг бол Засгийн газрын 20 дугаар тогтоолоор бүсийн түвшинд ядуурлыг тооцож гаргадаг. Байгаль орчны үзүүлэлт ч гэсэн говийн бүс нутагт бүхэлдээ маш дорой байгаа. Энэ үзүүлэлтээ харгалзвал говийн аймгуудын хөгжлийн индекс яагаад ч өөдтэй гарахгүй” хэмээв.
 Уул уурхайн нөлөөллийн коэффициент гэх ойлголт байдаг. Уул уурхайтай аймаг сумын иргэдэд тулгарч буй дэд бүтцийн ачаалал, экологийн сөрөг нөлөөлөл, нийгмийн үйлчилгээний ачаалал гэсэн үзүүлэлтээр коэффициент тогтоож, ОНХС-ийн хөрөнгийн хуваарилалтад тооцох боломжтой юм. Үүнийг нэвтрүүлж чадвал одоогийн тэгшитгэн хуваарилах шударга бус жишгийг халах боломжтой.
undefined
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, СЭЗИС-ийн дэд профессор, доктор Ж.Дэлгэрсайхан ОНХС-ийн хуваарилалт, хөрөнгийн зарцуулалтыг үр дүнтэй болгоход хоёр асуудалд анхаарах шаардлагатайг хэлж байна.
“Юуны өмнө Монгол Улсад хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн цогц бодлого алга байна. Өнөөг хүртэл таван удаа хөгжлийн томоохон бодлого гаргасан ч иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татах тал дээр хатуу зогсож чадаагүй. Тиймээс хөгжлийн бодлогоо тодорхойлоход орон нутгийг хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн бодлого дээрээ эргэлзэхгүйгээр бат зогсох ёстой.  Хөгжлийн нэгдсэн бодлогод аль аймагт, хаана, алслагдсан сумдад юу хэрэгтэй вэ, хэрхэн хөгжүүлэхээ тодорхойлж байж түүнд нийцсэн хөрөнгө оруулалтуудыг орон нутагт хийх шаардлагатай” гэж ярилаа.
undefined
Тэрбээр цааш нь “Хөгжлийн бодлогоо анхаарахаас гадна орон нутагт зөв хуваарилж байна уу, хуваарилсан мөнгөө зөв зарцуулж байна уу гэдэг засаглалын асуудал чухал байна. Орон нутагт зөв хуваарилна гэдэг нь бүгдийг тэгшитгэхийг хэлээд байгаа юм уу үгүй юу. Хуваарилалт бол нэгт, байгалийн баялгаа дагах ёстой. Хоёрт, эдийн засгаа хаана илүү зөв хөгжүүлэх нэн шаардлагатай вэ гэдгээ дагах ёстой. Үүнээс гажиж, улс төрийн нөлөө болон бусад хүчин зүйлээр ОНХС-ийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалт шударга бус яваад байна. Нөлөө бүхий улстөрчдийн аймаг, сумдад илүү хуваарилагдаж байгаа нь илт харагддаг” хэмээв.
 Сангийн яамны ОНХС-ийн нээлттэй мэдээллийн системийн датаг харвал 2020-2024 онд ОНХС-ийн зарцуулалт нэг их наядыг давжээ. Үүний 40 орчим хувийг уул уурхай бүхий таван аймаг эзэлж байна.
Канадын эдийн засагч Жон Харвик байгалийн баялгийг бусад төрлийн капитал руу хувиргах стратеги буюу Харвикийн дүрмийг 1977 онд үндэслэсэн. Норвеги, Африкийн Боствана, Баруун Авсрали, Чили зэрэг байгалийн баялгаар хөгжсөн орнуудад Харвикийн дүрэм сайн хөгжсөн байдаг. Манай ОНХС-ийн тогтолцоог энэ цонхоор харвал хөгжилд зориулагдаагүй ахуйгаа л аргацаасан байдалтай олон жил явж иржээ. Хөрөнгө оруулалтаа иргэдийн саналаар бус албан тушаалтнуудын үзэмжээр эрэмбэлдэг, хүний хөгжлийг дэмжих, байгаль орчноо нөхөн сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт тун бага, дийлэнх зарцуулалт хатуу дэл бүтэц, баяр наадмын санхүүжилтэд зарцуулагддаг үзэгдэл хавтгайрсан. 
Дээрх дүрслэлээс харахад, хамгийн их үнийн дүнтэй гэрээний дийлэнх нь иргэдийн саналыг аваагүй, ИТХ, Ажлын хэсгийн эрэмбэлснээр шийдвэрлэгдэж байна. Энэ байдал 2024 онд бүр түгээмэл байна.
Өнөөдөр уул уурхайтай сумдад хэчнээн хүүхэд шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай сургуульд сурдаг вэ, иргэд нь чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч байна уу, алслагдсан бүсүүд төвтэйгөө холбогдох зам харгуй тавигдсан уу, байгаль орчны доройтлыг бууруулж чадаж байна уу, түүнд уул уурхайгаас олсон мөнгөө зарцуулж байгаа юу гэдэгт ОНХС-аас хариулт хайвал эерэг хариулт өгөх газар цөөхөн байх биз ээ.
Дүрслэлээс харахад, ОНХС-ийн гэрээний нийт дүн 2020-2024 онд 1,04 их наяд төгрөг болсон бөгөөд үүний 39%-ийг уул уурхай бүхий таван аймгийн ОНХС-ийн гэрээний дүн эзэлж байна. Эдгээр аймагт барилгын салбарт зарцуулсан дүн нийт гэрээний дүнгийн талаас дээш хувийг бүрдүүлжээ.
 ОНХС-ийн хөрөнгө жилээс жилд өсөж, их дүнтэй болсон. Өмнө нь худаг ус, хашаа хороо гэх зэрэг иргэдийн саналд тулгуурлан ойр зуурын зүйлд зарцуулдагдаж ирсэн. Харин одоо сангийн хөрөнгө нэмэгдэхийн хэрээр сумд тэр хөрөнгийг хэрхэн шингээх нь чухал болж байгаа аж. Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Н.Энхбаяр “Өмнөговь аймагт одоо хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд маш зөв байна. Хэрэгтэй замуудаа хатуу хучилттай болгож холбож чадаж байна, сургууль цэцэрлэгүүдийн ариун цэврийн байгууламжуудаа бүгдийг орчин үеийн шаардлагад нийцүүлж, хөв цөөрөм байгуулах зэргээр маш зөв хөрөнгө оруулж байна. Ямартай ч уул уурхай төвлөрсөн аймгуудаас Өмнөговь аймагт хамгийн сайн жишээ байна. Тиймээс яг энэ жишгийг бусад аймагт нэвтрүүлэх талаар бодох ёстой. Үүн дээр тулгуурлаад мөн зохицуулалтын алдаа оноо ямар байвал зөв бэ, шийдвэр гаргалт дээр аль талын оролцоо илүү байх вэ, орон нутгийн хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах вэ гэх мэтээр зөв шийдлээ олох хэрэгтэй” гэж ярилаа.
Уул уурхайн орлогоо иргэдийнхээ амьдралд наалдуулж чадахгүй бол орон нутгийн иргэд шинэ төсөл, шинэ уурхайг эсэргүүцдэг хэвээрээ л байна. ОНХС бол эрх мэдэлд хүрэх саналын тоог “амилуулдаг” бялуу биш харин баялгийн хорогдлыг хөгжлөөр нөхдөг үзэл санааны илрэл юмсан. Энэ үзэл санаа гажвал Даланжаргалан шиг өдөр бүр газрын доорх баялгаа дундалж байгаа орон нутгууд баялгийнхаа дээр ч хоосон хоцорно. Тэр цагт уул уурхайд тулгуурласан Монголын эдийн засгийн өсөлт чимээгүй түүх болж, тогтвортой хөгжил гэх хүсэл эвдэрсэн газар, эзэнгүй нутагт хоосон цуурай болж хоцрох биз ээ.
undefined

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ