Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяны зүүн шугамын багийнхан ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар Хорчин хошуу, Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошуугаар сурвалжлан явлаа. Эдгээр хошуу нь бэлчээрийн даацаас хэтрүүлэн маллах асуудлыг шийдэх туршилтын цэг учраас ихэнх малчид уламжлалт маллагааны арга хэлбэрээ өөрчлөн, бэлчээрийн даац ба малын тоо толгойны харьцлыг зөв зохистой шийдвэрлэж байгаа нь мэдрэгдэн, тал нутгийн эзэн хүний эрхэм үүргээ гүйцэтгэж яваа нь үнэхээр бахархалтай. Мөн орон нутгийн засгийн газраас малчдыг удирдан бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг шинэчлэх ажлыг дэмжин, шинэ арга зам эрэлхийлсээр байгаа нь сайшаалтай.
Мэдлэгээр саруулших малчин ухаан
Нар тунарсан намрын налгар өглөө Ар Хорчин хошууны Шуу суурингийн Манхан-Ар багийн малчин н.Хаштана сүү саалийн ажлаа дуусгаад цай ууж суух зуур цагаан идээний захиалгаа бүртгээд завгүй байлаа.
- Бид хурууд, шар тос, зөөхий, ааруул, өрөм зэрэг нийт 16 төрлийн цагаан идээ боловсруулдаг төдийгүй шар тосны найрлагатай уруулын будаг, үнээний сүүгээр боловсруулсан саван зэрэг арваад төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хийж борлуулаад жилдээ дунджаар 150 мянган юанийн орлого бүтээж байна гэж Хаштана бидэнд цай аягалах зуураа танилцууллаа.
Их сургуулиа дүүргээд нутаг буцсан Хаштана мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга хэлбэрийг шинэчлэн, ашиг орлогыг нэмэгдүүлэх талд хүч оюунаа сорьсоор иржээ.
Улмаар “Алтай Манх” гэр бүлийн эдлэн, “Сүүн Цацал” цагаан идээний хоршоо зэргийг үүсгэн байгуулж, сайн үүлдрийн адуу үхэр маллан, сүүний бүтээгдэхүүн боловсруулснаар жилдээ сая юанийн орлого бүтээдэг болжээ.
Бэлчээрийн мал аж ахуйг өөрчилж хөгжүүлэх явцад үйлдвэрлэлийн бүтцээ хэрхэн сайжруулах, менежментийн чадвараа яаж дээшлүүлэх, ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудал нь өнөөгийн малчдад тулгарч буй нийтлэг асуудал юм.
Энэхүү асуудлуудад чиглүүлэн Ар Хорчин хошуу нь арга бодлого хэрэгжүүлсээр байгаа тухай тус хошууны Хөдөө аж ахуйн товчооны ажилтан н.Гэрэлчимэг:
- Ар Хорчин хошуу нь үүлдэр сонгон хээлтүүлэг хийх, бордон тэжээж, малын өвчин халдвараас сэргийлэн хянах зэрэг мал аж ахуйн шинэлэг арга мэргэжлүүдийг малчны хотонд нэвтрүүлэн, малчдыг эрчимжсэн мал аж ахуйгаар ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь шинжлэх ухаан, технологийн удирдлага хангаж байна гэж хэллээ.

Мал аж ахуйд тулгуурласан мэргэжлийн сургалт нь малчдын хувьд мэдлэг чадвараа нэмэгдүүлж, зах зээлийн хөгжилтэй алхмаа нэгтгэхэд нь бат бөх тулгуур болдог байна. Хаштана бол энэхүү төрлийн сургалтаас ашиг хүртсэн нэгэн тод жишээ юм. Тэрээр ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимаас зохион байгуулсан хөдөө орон нутгийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх төслийн сургалтад оролцон, мэдлэг оюунаа тэлж, сургалтын хүрээнд хөгжил сайтай бүс нутгуудад хүрч туршлага суралцаж иржээ.
Үүнийхээ суурин дээр мал аж ахуйн онцлогт нийцэж, орон нутгийн бодитой нөхцөл байдалд тохирсон мал аж ахуй эрхлэлтийн шинэ арга барилыг судлан хэрэгжүүлснээр орон нутгийнхаа холбогдох төслүүдэд мэргэжилтнээр уригдан ажиллаж, нутаг буцсан оюутан малчдаа удирдан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замд жолоо сунган урагшилж байна.
Хөгжил хөврүүлсэн малчны хот
Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол суурингийн Баянбулаг багийн малчин бүсгүй н.Балам бол мал маллагааны арга барил, үйлдвэрлэлийн бүтцээ шинэчлэн, зах зээлийг зөв ашиглаж ашиг орлогоо нэмэгдүүлж чадсан ухаалаг нэгэн.
Тэрээр хошуун төв Балгаргол суурин дахь Малчдын гудамжинд “Даллага” нэртэй махны дэлгүүр ажиллуулж, жилдээ 20 гаруй үхэр, 70 гаруй хонь зарж борлуулан малын гаралтаасаа гадна, 150 мянга гаруй юанийн орлого бүтээдэг байна.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн малчид төрийн бодлого, зах зээлээр удирдуулан мал сүргийн бүтэцдээ тохируулалт хийж, малын гаралтын чанар, брэндийн бүтээн байгуулалт, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэг хүчин зүйлд илүү анхааран, хоол хүнс, хоног буудал, махны бүтээгдэхүүн, айл гэрийн аялал жуулчлал зэрэг төрөл бүрийн бизнес ажиллууллан ашиг орлого бүтээх ага замаа тэлсээр байна.
Нар жаргахын алдад бид Баруун Үзэмчин хошууны малчдын үүсгэн байгуулсан “Содон” мал аж ахуйн компанид зочиллоо. Компанийн том хашаанд холимог тэжээлийн үйлдвэр, өвс тэжээл нөөцлөх бааз, малын эмчийн тасаг гэх зэрэг барилга байгууламжууд жигдрэн, үйлдвэрийн тасгаас тэжээлийн машины чимээ хүржигнэн дуулдах нь сүртэй.
- Содон компани маань 2024 оны эцэст холимог тэжээл үйлдвэрлэж эхэлснээс хойш зах зээлийн үнээс 200 юанийн хямд үнээр 500 гаруй тонн тэжээлийг орон нутгийн малчдад борлуулсан гэж Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын орлогч нарийн бичгийн дарга, сумын засаг дарга н.Цэнгэлт танилцууллаа.

Баянхошуу сум нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, малын гаралтыг нэмэгдүүлэн, малын тоо толгой ба бэлчээрийн даацын тэнцвэрийг батлахын тулд ноднин жилийн 11-р сард Баруун Үзэмчин хошууны нийт 14 багийн малчдыг дайчлан, хоршоод хувьцаа эзэмших хэлбэрээр энэхүү “Содон” компанийг байгуулсан байна.
Түмэнд хүртээлтэй талын хишиг
Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошуу нь судалгаа, боловсруулалт, борлуулалт, биечлэн танилцах, дэлгэн үзүүлэхийг аялал жуулчлалтай уялдуулсан сүүний бүтээгдэхүүний цогц хотхон байгуулж, нийгэмд чиглүүлсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлэх болжээ. Тус жижиг хотхон нь цагаан идээ боловсруулж буй малчин өрхийг дайчлан оролцуулсан төдийгүй сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг нутагшуулсан аж.
- Энэхүү хотхон нь үйлчилгээ сайтай бөгөөд бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Манай компанийн хувьд тэжээл өвс тарихаас эхлээд мал тэжээн өсгөх, сүүний бүтээгдэхүүн боловсруулж борлуулах хүртэлх бүрэн бүтэн гинжин хэлхээ бүхий бизнесийн загвараар ажилладаг. Өдөрт 7-8 тонн сүүгээр цагаан идээ боловсруулдаг учраас урд хожид 488 малчдыг ажлын байраар хангасан гэж Хүө Шань Ван Мү сүүний бүтээгдэхүүний ХК-ийн ажилтан Хү Мин танилцууллаа.
Цахар Баруун Гарын Хойд хошууны цагаан идээний хотхонд өнөөгийн байдлаар цагаан идээ боловсруулагч 15 аж ахуйн нэгж нэгдээд байгаа бөгөөд уламжлалт цагаан идээ, өвөрмөц онцлогтой цагаан идээ зэрэг нийт 19 төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан, зах зээлд нийлүүлж байгаа аж.
Өвөр Монгол орны хэмжээн дэх бэлчээрийн даацаас хэтрүүлэн маллах асуудлыг шийдэх туршилтын цэг болсон эдгээр хошуунууд нь өвс тэжээл тариалах, мал маллаж тэжээх, тэжээл бордоо үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаа бүхий аж ахуйн нэгжүүдэд түшиглэн нийгэмд чиглэсэн үйлчилгээний системийг бүтээж байна. Бүрэн чадавхтай, шинэлэг бүтэцтэй, өргөн цар хүрээний эрчимжсэн мал аж ахуйн иймэрхүү үйлчилгээний систем нь бэлчээрийн мал аж ахуйн загварыг шинэчлэн хөгжүүлэхэд идэвхтэй түлхэц үзүүлэх нь гарцаагүй.
Малчдын өөрчлөлтөөс маргаашийн зам дурайна. “Даллага” махны дэлгүүр ажиллуулан, малын гаралтаа цахимаар борлуулж буй малчин бүсгүй Балам, “Алтай Манх” эдлэн, “Сүүн Цацал” хоршоог байгуулсан хөдөө аж ахуйн хөгжлийн “хошууч” Хаштана зэрэг зах зээлийн санаачилгатай нэгдэн, мэргэжил туршлагаа баяжуулж, хамт олноо уриалан дагуулж яваа “шинэ малчид”-тай танилцан, сурвалжилж явсан сэтгүүлч бидэнд тэднийг бишрэн хүндэтгэх сэтгэл эрхгүй төрж байлаа. Орон нутгийн нам засгаас бэлчээрийн даацыг харгалзан, малчин түмний үйлдвэрлэл эрхлэлтийн ойлголтыг шинэчилж, мэдлэг чадварыг дээшлүүлэн, бэлчээрийн мал аж ахуйн загварыг өөрчлөн хөгжүүлэхээр хүчин зүтгэж байгааг мөн сэтгэл зүрхээрээ мэдэрлээ.
Зохиогч: | С.БУЯНТ, Б.ӨНӨР, Ж.ГИЛБЭЭН, Ж.ХӨВЧИН |
Найруулагч: | С.УРЬХАН |
Эх сурвалж: | СОЛОНГО |





