http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дайнгүй улсын “дайчид” давуу эрх эдэлсээр байна


Жорж Оруэллийн алдарт “Амьтны ферм”-д амьтад өөрсдийг нь дарлан мөлжиж, амь залгуулах төдийхнөөр хүнд хүчир хөдөлмөрт нухлах эзнийхээ эсрэг бослого гаргаж буйгаар зохиол эхэлдэг. Үүний үр дүнд бүх амьтан тэгш эрхтэй, жаргалтай сайхан амьдрах мэт боловч өрнөл хэсэгт гахайнууд болон тэднийг дагалдагчид ноёлогч анги үүсгэн, илүү давуу эрх эдлэх замаар бусдыгаа дарангуйлан, эцэст нь нийтээрээ хөл, толгойгоо алдаж буйгаар зохиол төгсдөг. Монголын өнөөгийн нийгэм яг л ийм болчхоод буй. Хэн давуу эрхтэй нь хөлжин, их хөдөлмөрлөж, илүү татвар төлсөн нь эсрэгээрээ хамгийн ядуу амьдарч, нийгмийн бүх үйлчилгээг тэгш бусаар хүртсээр байна. Тэтгэвэр, тэтгэмжийн бурангуй бодлого, харалган тогтолцоо, тэгш бус хуваарилалт үүний тод жишээ юм.
ИРЭЭДҮЙГЭЭ ДААТГАДАГ САН НЬ “ХООСОН”
Монголд цэрэг, цагдаа, хил, онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тагнуулын байгууллагынхан бүгд тусдаа хууль, журмаар тэтгэвэр, тэтгэмж тогтоолгодог. Энгийн иргэд 20, 30 жил махийтлаа ажиллаад ч дөчин насандаа тэтгэвэрт “гарах” эрхгүй байхад ганцхан энх цагийн “дайчдад” л ийм боломж бий. Тэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажилладаг учраас гахай ба түүний нөхөд шиг үргэлж давуу эрх эдэлж, бусдынхаа боломжийг хулгайлсаар ирэв. Иргэд насаараа ажиллаж татвар, шимтгэл төлөөд эмэгтэйчүүд 60, эрчүүд 65 хүрч байж арайхийн өндөр насны тэтгэвэр тогтоолгодог. 2030 он хүртэл тэтгэврийн нас жилд гурван сараар уртассаар байгаа. Тэр хэрээр тэтгэвэрт “гарах” нас хойшилсоор байна гэсэн үг. Ингэн тэгэн ажилласны үр шимээ хүртэх гэсээр байтал Нийгмийн даатгалын сан (НДС)-г шүүх, хил, цэрэг, цагдаагийнхан “тоноод” дууслаа. Угаасаа ч тэтгэврийн сан “улайгаад” удаж буй. Иргэд ирээдүйд тэтгэвэр авна хэмээн итгэж найдан нийгмийн даатгын шимтгэл өндөр хувиар төлсөөр байдаг. Харин сан нь цөлмүүлсээр, үлгэн салган л ажиллах.
Дайн байлдаангүй хэрнээ хүчний байгууллагынханд хамаг байдгаа хуу хамдаг, гахайнаас ч давуу эрх эдлүүлдэг манайх шиг улсыг бөмбөрцгөөс хайгаад үзээрэй, олдохгүй л болов уу. Цэрэг, цагдаагийнхны сургуульд элссэн жилийг нь хүртэл ажилласанд тооцож, нас үл харгалзуулан тэтгэвэрт “гаргаж” байгаа нь насаараа хөдөлмөр эрхэлсэн хүмүүст яав ч шударга санагдахгүй нь ойлгомжтой. Тагнуулынхан хамгийн залуудаа 35, онцгойгийнхон 36, хил хамгаалахынхан 37, цэрэг, цагдаагийнхан 38, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан 39-42 насандаа сүүлийн таван жилд авсан дундаж цалингийнхаа 60-70 хувиар тэтгэвэр тогтоолгож, их хэмжээний тэтгэмж авч байгаа нь ариун явдал уу. Тэгсэн мөртлөө “ажилчин ангийнхан” буюу багш, эмч нарыг тэтгэвэрт суухад нь нэг удаа олгодог тэтгэмжийг нь өгөх гэж сайд, дарга нар, салбар, нийгмээрээ хэрхэн үхэн хатан тэмцэж, луу унждаг билээ. Гэтэл цэрэг, цагдаа, тагнуул, онцгой, шүүх, хил хамгаалахынханд огтхон ч гар татдаггүй нь хачирхалтай.
Энэ оны эхний арван сарын байдлаар өндөр настнуудын хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572, одоо авч буй дундаж дүн нь 787 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурджээ. Тэгтэл манай үеийн “баатрууд” тэтгэврээ ичих ч үгүй 1.2-1.7 сая төгрөгөөр тогтоолгож, ид хөдөлмөрийн насандаа гавьяаныхаа амралтад сууж байх ч гэж дээ. Цол, албан тушаал, нэмэлт урамшуулал, онцгой, нууц ажиллагааны хөнгөлөлт үүнд ороогүй гээд бод. Тэтгэврээ ингэж өндөр тогтоолгочихоод ханахгүй, бас нэг удаагийн тэтгэмж авах гэж нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй юм байна. Эмэгтэйчүүд нь хүүхэд ч төрүүлэхгүй “гүрийдэг” бол эрчүүд нь ажилласан жилээ гүйцээх гэж түмэн арга сүвэгчилдэг гэх. Энгийн иргэд хүртэл яаж ийгээд хүчний байгууллагад ажилд орж, “тэндээс” тэтгэвэр, тэтгэмж тогтоолгохын хүслэн болсон гэв үү.
ТЭГШ ЗАРЧМААР ТЭТГЭВЭР ТОГТООДОГ БОЛЪЁ
Гамшиг осол, гал, усны өөдөөс улаан нүүр, нүцгэн гараараа шахам “тулалддаг” өнөө муу онцгойгийн хэд нь л хамгийн бага урамшуулал, тэтгэмж авч, тэтгэвэр тогтоолгодог юм билээ. Тэгтэл бусад нь буюу цэрэг, цагдаа, хил хамгаалах, хууль, шүүх, тагнуулынхны нэг удаагийн тэтгэмж нь 50, 100 сая төгрөгөөр тогтохгүй өндөр байх жишээтэй. Хөөрхий ахмадуудыг тэтгэврээ нэмүүлье гээд жагсахаар улс мөнгөгүй хэмээн ам руунь алгадчихаад цаашаа хараад “тусгай ангийнхныг” ингэж хэдэн зуун тэрбумаар нь “угжиж”, урамшуулаад байгааг юу гэж ойлгох вэ. Цагдаагийн байгууллагын энгийн нэг хэрэг бүртгэгч хүртэл тэтгэвэрт “гарахдаа” 100+ сая төгрөгийн тэтгэмж авахаар энэ улс орны эдийн засаг хэрхэн яаж тэсэх билээ.
Уг нь тэтгэврийн доод хэмжээг нэмэхэд амархан баймаар. Нийтээрээ миний ажил хүнд, чинийх амархан гэж талцахгүйгээр, ялгаатай, давуу байдал бий болгохгүйгээр эмэгтэйчүүд 55-60, эрчүүд 60-65 насандаа тэтгэвэр тогтоолгодог болчихвол НДС “сэргээд” л ирнэ. Алдагдал нь ч дорхноо багасчихна. 40 нас дөнгөж даваад өндөр насны тэтгэвэрт “суугаад” даатгалын сангаа юутай хээтэй нь хоосолчихдог бүдүүн зүрхтнүүд ч цөөрнө.
Даанч манай улсын тэтгэвэр, тэтгэмжийн бодлого шударгаар хөдөлмөрлөсөнд нь огтоос үйлчилдэггүй. Зөвхөн хэний хөдөлмөрийг илүү үнэлэх вэ гэсэн ангид тогтолцоотой, тийм хууль, эрх зүйн орчинтой байгаа нь шударга бус юм. Цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8.1-т “Цэргийн алба хаагч нь алба хаасан хугацаагаар, нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, 20 жил “байлдажтоглон”, буу шийдэм шагайж, угсарч сурсан л бол 40 хүрээгүй байсан ч өндөр насны тэтгэвэрт “сууж” болно. Мөн хуулийн 9.1-т “Цэргийн алба хаагчийн тэтгэмжийг сүүлийн сард авсан цалингаар нь дүйцүүлэн тооцно” гэсэн байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний дундаж цалин цол хэргэм, ажилласан жил, онцгой нөхцөл зэргээсээ хамааран 3.8-5.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж буй. Тэгэхээр хурандаа цолтнууд 25 жил алба хаасан бол багадаа 125 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж авна гэсэн үг. Нэмээд НДС-гаас сар бүрийн 2.5-3 сая төгрөгийн тэтгэвэр “зулгаана”. Харин татвар төлөгч энгийн иргэд ямар нэгэн тэтгэмж, урамшуулалд хамрагдахгүйгээр сар бүр 787 мянган төгрөгийн тэтгэвэртэй. 3-5 дахин ялгаатай энэ зөрүү нь шударга бус зарчим, албаны давуу эрхээр бий болсон гажиг тогтолцооны урхаг юм.
НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖИЙН ЗАРДАЛ ИРЭХ ЖИЛ 111 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭХ НЬ
Цагдаагийн байгууллагад ч ялгаагүй тухайн алба хаагчийн тэтгэврийг ажилласан сүүлийн нэг жилийн дундаж цалингаар нь тооцон олгож буй. 20 жил алба хаасан цагдаагийн ахмад байлаа гэж бодъё. Тэтгэвэр тогтоолгохоос өмнөх жилд түүний дундаж цалин дөрвөн сая болж нэмэгдвэл нэг удаагийн тэтгэмж нь 100 сая төгрөг байх нь. Өнгөрсөн онд 43 настай, цагдаагийн ахмад гавьяаны амралтад суухдаа 96 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж авч, 2.8 сая төгрөгөөр тэтгэвэр тогтоолгосон нь олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулсан ч тэгсхийгээд мартагдсан. Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж буюу тэтгэмжид энэ онд 241 тэрбум төгрөг олгосон бол ирэх жил эл дүн 111 тэрбум төгрөгөөр нэмэгдэх гэнэ.
Улсын хэмжээнд энэ оны аравдугаар сарын байдлаар 531 756 хүн тэтгэвэр авч байна. Үүнээс зөвхөн цэргийн тэтгэвэр авагсдын тоо 22 мянга давна. Өнгөрсөн жил цэргийнхний тэтгэвэрт НДС-гаас 358 тэрбум төгрөг зарцуулсныг Үндэсний статистикийн хорооны тайланд тэмдэглэжээ. Тэтгэврийн ганцхан эл төрөл гэхэд л татвар төлөгчдийн шимтгэлээр санхүүждэг санд хэр хэмжээний дарамт учруулдаг нь харагдаж буй. Ирэх оны нэгдүгээр сараас онцгой байдал, цэрэг, цагдаагийнхны онцгой нөхцөлийн нэмэгдэл30-40 хувиар өснө. Тэр хэрээр төсөвт ачаалал үүсгэх нь ойлгомжтой.
Тагнуул, хил хамгаалахынхан ч улсын “халамжид” жаргаж буй. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 47.1-т “Тагнуулын байгууллагын алба хаагчийн тэтгэмжийг сүүлийн нэг жилийн дундаж цалингаар тооцож, Засгийн газрын тогтоосон нөхцөл, журмаар олгоно” хэмээн заасан билээ. Өндөр албан тушаалтнуудынх нь цундаж цалин багадаа 4.5-6 сая төгрөг. Тэгвэл 25 жил ажилласан тагнуулч гавьяаны амралтаа эдлэхдээ 125 сая төгрөгийн тэтгэмж нэг удаа, түүн дээр сар бүрийн 2.5-3 сая төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. Гэхдээ тагнуулынхны энэ мэт мэдээлэл тусгай, нууц гэдгээрээ хаалттай, ил тод байдаггүй. Үүний цаана тэд давуу эрхээ ч нууцлах нь гарцаагүй.
ОЛОН УЛСАД ОНЦГОЙ ЭРХ ЭДЛҮҮЛДЭГГҮЙ
Тэгвэл олон улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын тэтгэмжийг нийгмийн даатгалаас тусдаа биш, нийт тэтгэврийн тогтолцоонд нэгтгэсэн байдаг. Наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгох нь зөвхөн дайны, эрүүл мэндийн, онцгой үүргийн нөхцөлд хамаардаг. Дэлхийн олонх улсад, тэр дундаа хөгжиж буй болон ардчилсан орнуудад хүчний байгууллагынхны тэтгэмж нь иргэний албан хаагчдын системтэйгээ уялддаг. Жишээ нь, Германд цэргийн алба хаагчид 55 наснаас өмнө тэтгэвэрт “гарч” болохгүй. Тэдэнд олгодог нэг удаагийн тэтгэмж нь хамгийн ихдээ гурван сарын цалинтай нь тэнцүү байдаг аж. Япон Улс ч мөн онцгой болон цагдаагийн алба хаагчдын тэтгэврийн системийг төрийн албан хаагчдынхтайгаа уялдуулсан бөгөөд гавьяаны амралтад суулгах насыг 60 гэж хуульчилжээ. АНУ-д цэргийн алба хаагчид 20 жил үүрэг гүйцэтгэсэн ч 50 нас хүрээгүй л бол тэтгэвэр тогтоолгохгүй. Тус улсад нэг удаагийн тэтгэмж гэх ойлголт үгүй, энэ нь хуримтлалын хэлбэртэй гэнэ. БНСУ-д цагдаа, тагнуул, армийхны тэтгэврийн нас 55-аас эхэлж, нэг удаагийн тэтгэмжид жилийн дундаж цалинг нь хоёр “нугалж” өгөөд л болоо. Ийм л энгийн.
Харин манай улсын “тусгай ангийнхан” өөр өөрсдийн хуультай, түүгээрээ хамгаалагдаж, дархлагдсан. Даатгалын сан жил бүр алдагдалтай ажилласаар буйн 20 гаруй хувь нь тэтгэврийн тусгай сангууд, тухайлбал хүчний байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжээс шалтгаалж буй гэсэн судалгаа ч байна. Товчхондоо, идэвхтэй хөдөлмөр эрхлэгч, татвар төлөгч 1.2 сая иргэн энх цагийн “дайчдыг” тэжээн тэтгэж буй гэхэд хилсдэхгүй. Үүгээрээ хэв журам сахиулагч, хил манаач, гал сөнөөгчид, тагнуул, шүүхийнхний ажил хөдөлмөрийг үнэгүйдүүлж, тэдэнд тэтгэвэр, тэтгэмж битгий өг гэж байгаа юм биш. Гагцхүү тэдэнд гахайнуудын адил илт давуу байдал, онцгой эрх эдлүүлдгийг болиулах хэрэгтэй. Ядаж галын шугамд биш юм аа гэхэд офисст “зүгээр сууж” байдаг мөрдөстнүүдийн тэтгэвэрт гарах насыг дор хаяж 50-55 болгоё. Үгүй бол 40 насандаа энгийн ажилчдын төлсөн татварыг хээв нэг хумслаад, энд тэндхийн ажлын байр бөглөдөг бүлэг бий болох нь. Ингэж байж давхар стандарт аажмаар арилж, хүнлэг, хүн ёсны, шударга нийгэм бүрэлдэх бус уу. Нийт татвар төлөгчийн шимтгэлээр хэсэг бүлгийнхний “давуу эрхийг” санхүүжүүлж болохгүй биз дээ.

https://www.unuudur.mn/a/278745
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ