Дуусаж өгдөггүй Дарханы зам дээр дахиад хүний амь эрсэдсэн байна. Өнгөрсөн хугацаанд хэдэн ч хүн эндэж, хэчнээн хүн эд хөрөнгөөрөө хохироод үлдсэнийг тооцох аргагүй. Ёстой л нөгөө нэг хүн нас барвал харамсалтай мэдээ, олон хүн нас барвал статистик болдог гээчийг Дарханы зам дээрээс харж болно. Нийтдээ 5-6 сайдын нүүр үзэж байгаа тус замын хоёр урсгалтай нэг эгнээг нь энэ жилдээ багтааж нээнэ гэдгийг салбарын сайд нь хэлсэн. Гэхдээ ингэж хэлсэн анхны сайд нь тэр биш.
Ажлаа аваад 20 хоноход 20 километр зам тавьсан гэсэн гарчигтай мэдээлэл хэвлэл мэдээллээр явсныг та бүхэн уншсан л байлгүй. Тэгсэн хэрнээ хэдэн хүн нас барсан, яагаад нас бараад байна гэдэг талаар ярьдаг, хэлдэг, сануулдаг хүн өнөөдөр алга. Монголчуудын амь нас энэ зам дээр сүйдсээр байхад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ асуудлаар хуралдсангүй. Үгүй ядахдаа, Хүний эрхийн үндэсний комисс ч ган хийж ганц дуугарсангүй.
Мэдээж манайханы амин хувиа бодсон, адгуу яаруу, алиа салан зан ч бусдын амь насыг аюулд түлхэж байгаа нь нууц биш. Гэвч зураг төслийнхөө дагуу дөрвөн эгнээ, хоёр урсгалтай замаа өчнөөн жилийн өмнө тавьчихсан бол адаглаад л гүйцэт түрүүлэхээс үүдэлтэй осол аваарын тоо тэр хэрээрээ буурч таарна. Тиймээс монголчуудын амь насыг авч одсоор байгаа Дарханы замын талаар төр засгийн хэмжээнд авч үзэж, шалтгааныг нь олж тогтоон, ар гэрийнхэнд нь тэтгэмж өгөх хэрэгтэй.
Хууль, шүүхтэй, тэр нь шударгаар хэрэгждэг орон бол өдийд Засгийн газар нь шүүх дээр ялагдаад, ар гэрийнхэнд нь тусламж дэмжлэг өгөхөөр болчихсон байгаа. Харамсалтай нь манайд хууль, шүүх нь хүний хүслийн дор байдаг шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин