Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нас барсан иргэдийн нэрээр 100 саяын хахууль авсан 14 албан тушаалтан хэн бэ?


Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд  хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг  гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Авлигатай тэмцэх газрын цахим хуудаст тайлагнаснаар “Эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, гурван  хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байгаагаас өнгөрсөн долоо хоногт нийт гурван объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн” гэжээ.
Мөн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэд хэдэн хэргүүдийг дурджээ.
Эдгээр хэргүүдээс Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийнхөн холбогдсон авлигын асуудал анхаарал татлаа.
Дээрх хоёр байгууллагын нийт 14 албан тушаалтан нь гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх мэдээллийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
Мэдээж гэмт хэрэг мөн эсэхийг шүүх тогтооно. Гэхдээ л нас барсан иргэдийн нэрээр 100 саяын  хахууль авсан байж болзошгүй асуудалд нэг биш бүр 14 төрийн албан хаагч холбогдоно гэдэг өөрөө том асуудал. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн илрүүлсэн “Шударга бусын хонгил” гэдэг шиг төрд үүрлэсэн “сүлжээ”, нэг тийм хар мафи бүхий л салбарт, түүнээс эрүүл мэндийн салбарт их байна гэж иргэд сүүлийн үед ярих болсон нь үйлдлээрээ батлагдаж байна хэмээн үзэж болохоор.
 
ЭМЯ болон НЭМГ-ынхан “мэдэхгүй” гэв
 
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс дээрх үйл явдал нь цаг хугацааны хувьд хэдэн оны үеийг хамаарч байгаа болон бусад мэдээллийг тодруулахаар хандахад “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Тайлан мэдээнд  дурдсанаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн.
Дээрх асуудал  хэзээ гарсан нь тодорхой бус байгаа тул Эрүүл мэндийн сайд хэн байсан, мөн тухайн байгууллагуудыг ямар албан тушаалтнууд удирдаж байсан. Улмаар нэр, албан тушаал нь ч бүрхэг юм. Мөн ковид-19 буюу цар тахлын эрчимтэй дэгдэлтийн үед иргэд гэртээ нас барах тохиолдол олон гарч байсантай дээрх асуудал холбоотой юу гэдэг асуулт ч таавар, хардлагаас хэтрэхгүй байна. Учир нь ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад “Бидэнд ямар ч мэдээлэл алга” гэсэн бол Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мөн ийм хариуг өгсөн юм.
 
 Б.Айболат: Нийслэлийн түргэн тусламжийн төв  нь буяны компанитай хамтарч ажилладаггүй 
 
Нийслэлийн түргэн тусламжийн төв рүү манай сурвалжлах баг очиход тус газрын дарга байсангүй. Ажилтнууд нь  “Дарга НЭМГ руу хуралд  явсан” гэсэн юм. Иймд тус газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга  Б.Айболатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн  нийт 14 албан тушаалтан нас барсан иргэдийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож,  энэ үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх суудлыг  АТГ шалгаж,  прокурорт шилжүүлжээ. Танай байгууллагаас хэдэн хүн холбогдсон бэ?
-Миний хувьд одоогоор энэ талаар  мэдэх юм алга. Мэдэж байгаа зүйл гэвэл, надтай хамт ажиллаж байгаа удирдлагууд, хамт олноос ийм асуудалд холбогдсон нэг ч хүн байхгүй. АТГ юм уу, цагдаа, хууль хяналтын аль нэг байгууллагаас надтай болон манай удирдлагуудтай холбогдож тайлбар, мэдүүлэг авсан зүйл байхгүй. Надад энэ талаар мэдэх юм огт байхгүй.
-Та энд хэзээнээс эхлэн ажиллаж байгаа вэ?
-Би 2022 оны хоёрдугаар сараас энд томилогдон ажиллаж байгаа, эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар.
-Танай байгууллага дээр шалгалт хийж, нэгжлэг явуулаагүй гэсэн үг үү?
-Тийм зүйл болоогүй.
-Тэгвэл танай байгууллагаас  буяны үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай хамтарч ажилладаг уу?
-Нийслэлийн түргэн тусламжийн төв бол төрийн  байгууллага. Тиймээс ямар нэг  буяны компанитай  хамтарч ажилладаггүй. Тэгэхээр та бүхэн  ийм мэдээлэл гаргасан АТГ, хуулийн байгууллагуудаас  асууж тодруулах нь зүйтэй байх.
 
Т.Пүрэвдаш хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж, С.Ариунболд “шарил”-аар наймаалцсан гэх мэдээлэл гарч байжээ
 
Ер нь бол “Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үе үеийн удирдлагууд хууль, шүүхийн шатанд асуудалтай явж ирсэн. Тухайлбал, тус газрын даргаар олон жил ажилласан Т.Пүрэвдашийг, эмчилгээ эрхэлсэн С.Ариунболд, автотехникийн албаны дарга Ц.Орхонсүрэнгийн хамтаар албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагынхаа дансаар олон улсын байгууллагаас 80 мянган ам.доллар шилжүүлэн авч хувьдаа завшсан. Мөн төсвийн хөрөнгө, эд зүйл завшсан гэх үндэслэлээр ЭЦА-ны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж, шүүхэд шилжүүлэх гэж  байгаа гэсэн мэдээлэл 2020 онд гарч байсан.
Тэгвэл 2021 оны долоодугаар сард С.Ариунболдтой холбоотой “Гэртээ нас барсан үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компаниудад өгч шарилыг буяны компаниудаар зөөлгөдөг” гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Түүнд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд нь ангийн найз болох Шуурхай удирдлагын төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга, хошууч Т.Бат-Идэртэй хамтран ийм үйлдэл хийдэг. Тухайлбал, буяны компаниуд болох “Ач тус” эмнэлгийн дарга н.Лхагва-Очир, түүнчлэн “Түмэн буян”, “Дөл буян”, “Дэлгэрэх Ариун буян” зэрэг компанийн удирдлагуудтай ажлын бус цагаар уулзан, төлбөртэй шарил зөөх дуудлагыг хэрхэн компаниудад шилжүүлэх талаар аман хэлцэл хийж, урьдчилгаа мөнгийг бэлнээр авдаг байсан. Түүнчлэн “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-ийн удирдлага, санхүү хариуцсан дарга нартай хамтран үүсгэн байгуулсан “Түргэн тусламжийн амилуулах нийгэмлэг” ТББ-аар дамжуулан төлбөрт сургалтууд зохион байгуулдаг. С.Ариунболд ажлаасаа халагдсан ч буцаад 103-ын даргаар томилогдсон гэхчлэн дурдагдаж байв.
Шуурхай удирдлагын төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга, хошууч Т.Бат-Идэртэй  холбоотой мэдээлэл жил гаруйн өмнө ийнхүү хэвлэлд гарч байсан тул бид ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын төвөөс “АТГ-ын мэдээлэлд дурдагдсан 14 албан тушаалтан дотор танай байгууллагаас албан тушаалтан холбогдсон уу” гэдгийг тодруулахад “Бид мэдэхгүй байна. Манайд ийм мэдээлэл ирээгүй” гэв. 
Тэгэхээр АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн дээрх хэрэг нь  хэвлэлээр дурдагдсан С.Ариунболд нарын асуудал уу, эсвэл шинээр бий болсон нөхцөл байдал уу гэдэг тодорхойгүй байна.  Шүүхийн шатанд хэрхэн авч үзэхээс дараа дараагийн мэдээлэл олон нийтэд ил болох биз ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ