Амралт, зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн иргэд гэр бүл, найз нөхдөөрөө хөдөө орон нутагт зорчих урсгал нэмэгддэг. Гэтэл зуны улиралд зам тээврийн осол эрс өсдөгийг дараах тоон мэдээллээс харж болно. Тухайлбал 2018-2021 оны дунджаас харахад жил бүрийн 6-9 сард орон нутгийн замд гарсан ослын улмаас 250-350 орчим хүний амь нас хохирч 700-1500 хүн гэмтэж бэртдэг аж. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ арга хэмжээний талаар Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Н.Ариунтөгсөөс тодрууллаа.
Тэрээр ”Цагдаагийн байгууллагаас энэ онд зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Зуны улиралд зам тээврийн ослын улмаас амь нас, эд хөрөнгөө алдаж буй хүмүүс багагүй бий. Тиймээс бид жил бүрийн зуны улиралд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг юм.
Зам тээврийн осол, бусад осол гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа, түүнчлэн иргэн хүний үүрэг хариуцлага, сонор сэрэмж нэн чухал. Тиймээс “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг ЭМЯ, ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ, ТЦА болон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран 6 сарын 20-оос 9 сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Эрүүл мэнд эрсэдвэл бүх зүйл эрсэддэг. Ийм учир иргэд та бүхэн гарч болзошгүй зам тээврийн ослоос өөрийгөө болон хайртай дотын хүмүүсээ урьдчилан сэргийлж хурдаа тохируулж, хамгаалалтын бүс зүүж анхаарал болгоомжтой яваарай" гэв.