Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-д нэр дэвшигчдийн сэтгэцийн эмгэгтэй эсэхийг хэн ч шалгахгүй хуультай

Ёс суртахуун тань бие даасан уу, нэр дэвшигчид ээ 
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 208 бие даагч, 15 нам, дөрвөн эвслийн 600 орчим нэр дэвшигч гээд нийтдээ 800 орчим горилогч нэр дэвшинэ гэдэг урьдчилсан тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллэсэн. Мөн энэхүү 800 орчим горилогчийн нэг нэр дэвшигч нь дунджаар тойрогтоо 474.4 сая төгрөг зарцуулна гэж тооцвол энэ жилийн УИХ-ын сонгуулийн өртөг түүхэндээ анх удаа 474 тэрбум төгрөгт хүрнэ ээ гэсэн үг. Мэдээж дэвшигчдийн бэл бэнчингээс гол зүйл нь шалтгаалах бөгөөд зарим нь тойрогтоо тэрбум тэрбумаар нь хаях чадалтай байхад нэг хэсэг нь хувийн боломж бололцоонд түшиглээд хялбарчилсан сурталчилгаа хийх нь ч бий. Гэхдээ энэ удаад дээрх 800 нэр дэвшигчийн төлбөрийн чадвараас илүү ёс суртахуун болоод хувь хүнийх нь төр түших ур чадвар, хандлагын асуудлыг хөндөхийг чухалчлав. 
Учир нь, яг өнөөдрийн байдлаар нэр нь тодроод байгаа бие даагч 208 нэр дэвшигчийн тухайд өөрийн үйл хөдлөл, үг хэл, хандлагаараа олонд алдаршсан горилогч цөөнгүй байхын дээр тэдэнтэй зэрэгцэн төдийгөөс өдий хүртэл буюу сүүлийн 30 жилийн турш Монголын улс төрд дархлагдсан нэр бүхий туршлагатай улстөрчид ч олноороо тодрох.
Энэ нь нэг талдаа тэдний өөртөө итгэсэн хүч болоод нөлөөллийг илтгэх ч нөгөө талд төлөвшил, ёс суртахууны үнэ цэн, итгэл даах чадвар гээд УИХ-ын гишүүн хүнд байх ёстой наад захын зүй ёсны шалгуурт тэнцэх үү, тэнцэж байсан уу гэдэг асуултын хариуг эргэн харахад хүргээд байгаа юм. Тэр дундаа, улстөрч байна гэдэг нь өөрөө бүрэн дүүрэн УИХ-ын гишүүн болж чадна гэсэн баталгаа биш бөгөөд нийгэмд идэвхтэй дуу хоолой хүргэдэг туршлага нь ч олны итгэлийг хууль тогтоох засаглалд итгэл төгс даагаад гарахын баталгаа болж чадахгүй гэдгийг сонгогч та бид хаа хаанаа бодолцож үзэх хэрэгтэй болов уу. 
Тэр дундаа, сэтгэл зүйн тогтвортой байдал, төлөвшлийн тухай асуудлыг энд хөндөхгүй байхын аргагүй бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд “Нэр дэвшигч нь сэтгэцийн эмгэгүй байх. Тухайн нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй гэдгээ Сэтгэцийн эрүүл мэндийн төв /СЭМҮТ-д/ шалгуулж, эмчийн бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Түүнээс гадна нэр дэвшигч нь бүрдүүлэх ёстой материалуудыг хуурамчаар үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эрх зүйн зохицуулалттай” гэдэг заалт оруулахаар төсөл боловсруулагчдын төвшинд яригдаж байсан бөгөөд Засгийн газраас энэхүү саналыг оруулж ирж байсан удаатай.
Хэдийгээр энэ заалт олонхийн саналаар унасан ч нэр дэвшигчдээ багийн зарчмаар тодруулдаг нам болоод эвслийн хувьд дор бүрнээ энэ заалтыг харгалзан үзэхэд гэмгүй юм. Учир нь, сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийн ёс суртахуун нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулах болсны дээр эргэж буцдаг хандлага, үг хэлнээсээ урвадаг урвалт, ёс бус үг хэллэг, зан харилцааны доголдол зэрэг нь сэтгэл зүйн хувьд ачаа даах улстөрч мөн эсэхэд эргэлзэхэд хүргээд буй нь бодит үнэн. 
Харамсалтай нь, яг өнөөдрийн тухайд аль аль нам, эвслээс нь нэр дэвшигчиддээ тавих шалгуур үзүүлэлтийг тодорхой зарлаагүй байгаа бөгөөд зөвхөн Ардчилсан нам л “Намд 100 сая төгрөгийн хандив тушаах. Дахин сонгуульд шаардагдах зардлаа орон нутгийн намд өгөх бэл бэнчинтэй байх” гэдэг шалгуур тавьсан нь олонд ил болсон. Нэг ёсны тус намын нэр дэвшигчид тавигдаж буй хамгийн чухал шалгуур нь “Мөнгөтэй байх”. Харин бусад нь дараагийн асуудал болон хувирчихаад буй. 
Тэгвэл Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд “Манай нам нэр дэвшигчдээс мөнгө, хандив авахгүй. Зөвхөн ёс зүй болон олон нийтийн дундах рейтингээр нь шалгуур тавина. Ёс зүйтэй, итгэлтэй, ажил амьдралын туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ” хэмээн зарласан. Мөн энэ удаагийн парламентаас УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, Н.Номтойбаяр болон Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нар ёс зүйн хариуцлага хүлээж бүрэн эрхээсээ татгалзсан нь хариуцлагатай нэр дэвшигч хайж буй гэх МАН-ын даргын үг үнэний ортой болохыг гэрчилж байж болох. 
Гэхдээ асуудал энэ гурван хүнээр дуусахгүй бөгөөд тэрээр “ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон, хуулийн хариуцлага хүлээсэн УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэхгүй” гэж зарласан нь МАН-ын намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнийг хэн хэн байх вэ гэдэг оньсого нийгэмд үлдээгээд удлаа. 
Гол нь, МАН-ын ч, АН-ын ч... ер нь бусад нэр дэвшигчдийн ч хэн нь хэн бэ гэдэг асуултыг тавьж саналаа өгөхдөө сонгогчид та бид нэг зүйлийг бодож шалгуур тавих ёстой болчихоод байна. Энэ бол юун түрүүнд “ЁС ЗҮЙ НЬ БИЕ ДААСАН УУ” гэдэг асуулт.
Хувь хүнийхээ хувьд сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, үг ярианы хэрэглээ зөв соёлтой, зан суртахуун хувиралгүй, үйл хөдлөл нь тэгш төлөв, эрх ашгийн эрэмбэ нь зөв, авлига хээл хахуулиас ангид байж чадах гээд бие даасан улстөрч байж чадах уу гэдгийг харгалзаж саналаа өгөхгүй бол эргээд 2020-2024 оныг сонгосон УИХ, сонгогдсон УИХ-ын гишүүдээ шүүмжилж, тэдний эсрэг жагсах, хашгирахад л зориулаад дуусах магадлалтай. Тиймээс ийм харуусалд дахин нэгдэхгүйн тулд ядаж л хурдан морь, хүчит бөхөө шинжилдэг тэр ардын нарийн ухаанаа арга билэг төгс ашиглах хэрэгтэй болов уу. Монгол уламжлал, ёс заншил талаасаа гэхэд монголчууд хурдан морио гэхэд гадна харагдах байдлаас нь гэхэд манлай эрүү хөмсөг бүгд яс, нуруу гэдэс хөх булчин омруу дөрвөн туурай их байх хэрэгтэй зэрэг 51 шинжээр шинждэг уламжлалтай бол хүчит бөхөө хүзүү нь толгойныхоо бүслүүртэй адил бүдүүн, хацрын яс овгор, хоёр түүшүү нь том, нүүр нь дөрвөлжин хэвтэй, шүд бахим, чигжүү, толгойн үс нь дух руугаа түрж ургасан, дух багатай, нүд онигор, чих нь хулгардуу, хамар нь монхор зэрэг 32 шинжээр тодруулдаг айхтар гярхай ард түмэн гэдгээ бодож үзэх хэрэгтэй юм. Яг үүн шигээ сонгогч та бид улстөрчдөд, тэр дундаа УИХ-ын сонгуульд өрсөлдөх 800 нэр дэвшигчдээ  ёс зүйтэй, зөв төлөвшилтэй зэрэг зүй ёсны шалгуур үзүүлэлтийг тавьж байгаад саналаа өгөх цаг нэгэнт ирснийг сануулая. Ёс зүйтэй, хариуцлагатай, итгэл даах, амьдралын туршлагатай, төлөв төвшин, хэлсэн ярьсандаа үнэнч... 
А.Ананд
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ