Хур бороо орох бүрд усанд автаж, зам талбай “живдэг” үзэгдэлд бид нэгэнт дасчээ. Олимпод уртын харайлтын тамирчид бэлтгэх гэсэн тусгай бодлогоор хотын ус зайлуулах шугам сүлжээг муу хийж гүйцэтгэдэг гэсэн хошигнол ч бий. Хотын гудамжаар балетчин шиг дүүлж бас өлмий дээр дэнчигнэн, харайлтын тамирчин мэт холоос үсэрч явсаар нэгэн зуныг өнгөрөөнө. Ус зайлуулах шугам сүлжээ засварлах ажилд төсөвлөх мөнгө жил бүр өсдөг ч замын эвдрэл гэмтэл, борооны дараах тогтоол ус энэ хотын “шүдний өвчин” болсон хэвээр байна. Ингээд ус зайлуулах шугам сүлжээний эвдрэл яагаад үүсдэг талаар сурвалжилга бэлтгэлээ.
Борооны дараа зам талбай нь нэлэнхүйдээ усанд автдаг манай хотод энэ жил автозамын засвар арчлалтын ажилд нийт 9.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Өчигдөрхөн орсон түр зуурын борооны дараа хотын хэсэг бүрд тогтоол ус тунаж явган хүн явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ.
Баянбүрдийн тойргын ойролцоо байрлах Жонон мал эмнэлгийн хойд талын замд борооны ус нэлээд тогтсон байв. Явган хүний замын хэсэгт борооны ус ихээр тогтсон тул автобусны буудал орж ажилдаа явах гэсэн хүмүүс тэр их усыг тойрох гэж хэрэндээ хичээж буй нь харагдана. Тогтоол усыг гатлах гэж нэлээд явдал болж байж гарсан нэгэн эрхмийг автобусны буудал дээр таарав.
ГУТЛААРАА УС ТУУЛАХ, МАШИНД ДАЙРУУЛАХЫН АЛЬ НЭГИЙГ СОНГОХ хэмжээнд БАЙНА
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Дашням “Зам засварын ажлыг чанартай л хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ганц бороо орсоны дараа их хэмжээний ус тогтчихдог. Хэрэв бороо орох бүрд ус тогтдоггүй бол засмал зам ч ингэтлээ их эвдрэхгүй шүү дээ. Аадар бороо ороод хаа сайгүй үер тогтчихсон үед гэрээсээ гарах ч хэцүү шүү дээ. Хүүхдүүд бол ийм үед гадуур явах хэцүү байдаг байх. Жил бүр засаж сэлбэж байна л гэдэг ч нэг мөсөн гүйцэтгэлтэй юм хийвэл асуудал шийдэгдэх байх даа” гэв. Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талын замд түр зуурын борооны дараа ус их хэмжээгээр тунасан нь явган хүн явах аргагүй болгож машин зам, хашаа, явган хүний зам гурвыг нэлэнхүйд нь дүүргэсэн байна. Үүгээр гарахын тулд нэг бол гарцгүй газраар зам гарах, хашааны төмрөөс зүүгдэн байж цааш явах эсвэл гутлаа тэр чигт нь норгож тууш явах сонголттой тулна. Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр энэ жилийн зургаадугаар сард өмнө жилийн мөн үеэс харьцангуй их хэмжээний хур бороо орох төлөвтэй байгаа.
ЗУРГААН САР ГАРУЙ ЗАССАН УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ ЗАСАЛ АВСАНГҮЙ
Хотын хэмжээнд ус зайлуулах шугам хоолой засварлах ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцаж ажиллаад удаж буй. Тус байгууллага нь Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 158 км далан суваг, 185.3 км борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар нөхөн сэргээлт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг зохион байгуулан ажилладаг аж. Харин энэ онд 2022 онд автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар нөхөн сэргээлтийн ажлыг таван байршилд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар хоёр байршилд засварын ажлыг бүрэн дуусгажээ.
Мөн өнгөрсөн онд хотын хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд нийт зургаан байршилд шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүний нэг нь нарны гүүрний дагуух замын борооны усыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талд шинээр хийсэн нассос станцаар шахаж зайлуулна гэсэн байдаг. Өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн хөл хорионы үеэр түр саатан нэлээд асуудалтай тулсаны эцэст есдүгээр сард дуусгасан тус ус зайлуулах хоолой ажиллахгүй байгааг ганц борооны дараа тунасан их хэмжээний ус гэрчилнэ.
НИЙСЛЭЛИЙН НИЙТ ЗАМЫН ДӨРӨВНИЙ НЭГ НЬ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМГҮЙ
Мөн жил бүр л ус зайлуулах шугам хоолойг засдаг ч бороо орох бүрд бөглөрч борооны ус хальж гардаг асуудлыг лаг шавар болон хоолойнд бөөгнөрсөн хог хаягдлаас болсон гэж үздэг. Тиймээс энэ асуудлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад, “Түр зуурын усархаг бороо ороход авто зам талбай усанд автаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Энэхүү асуудлыг шийдвэрлэж эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор НЗДТГ, Нийслэлийн замын хөгжлийн газрын авто зам талбайн ус зайлуулах шугам угсралтын өргөтгөл шинэтгэлийн ажлуудыг эхлүүлээд байна. Лаг шавар үүсэх гол шалтгаан нь үерийн ус юм.
Их хэмжээний бороо орсны улмаас үерийн усаар зөөгдсөн лаг шавар ус зайлуулах хоолой, шугам сүлжээг таглаж байгаа. Тийм учраас тухай бүрд нь цэвэрлэж, арчилж явахаас өөр арга үгүй” гэв. Энэ жил зургаан дүүргийн 80 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4747 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн хэмжээнд 800 гаруй км хатуу хучилттай зам байгаагаас 190 км зам нь ус зайлуулах шугам сүлжээтэй байгаа. Түүнчлэн борооны ус зайлуулах шугам сүлжээний засвар ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээнд 2019 онд 2.5 тэрбум төгрөг, 2020 онд хоёр тэрбум төгрөг тус тус төсөвлөжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин