Хамрын хийд, ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн музейг үзэхээр иргэд олноороо зорчдог. Энергийн төв хэмээн ихэд хүндэтгэн дээдэлдэг Хамрын хийд дулаан цагт олны хөлд дарагддаг хэвээрээ.
Гэр бүлээрээ Хамрын хийдэд аялснаас хойш Дорноговь аймагт гурав дахь удаа очих боломж тохиов. 2019 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус аймагт барьж буй газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг ашиглалтад оруулах ёслолд оролцсон юм. Үйлдвэрийг БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Харин үйлдвэрийн дэд бүтэц болох цахилгаан дамжуулах шугам, хүнд даацын авто зам болон төмөр замыг Монголчууд өөрсдийн хөрөнгө, хүн хүчээр барьсныг сурвалжилж байв.
Харин энэ удаад Дорноговь аймгийн төв Сайншандаас 90 км-ийн зайтай орших “Бадрах Энержи” компанийн туршилтын үйлдвэртэй (үйлдвэрлэлийн туршилттай) танилцахаар нийслэлээс арваад сэтгүүлч зорьж очлоо. Бид Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр орой нь суугаад өглөө 07.00 цагт бууцгаав. Сайншандын вокзалаас ураны Зөөвч-Овоо ордыг түшиглэн байгуулсан кэмп хүртэл машинаар хоёр цаг орчим явдаг аж.
Энд 1954 онд жилдээ 50 мянган тонн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ажиллаж байв.Сайншанд сум ихээхэн тэлж, орон сууцны хэд хэдэн хотхонтой болж, зам дагуу олон мод тарьжээ. Энэ онд Сайншандад халдвартын томоохон эмнэлэг барьж, удахгүй ашиглалтад оруулна гэж зам зуур жолооч танилцууллаа. Удалгүй сумын төвөөс гарахад Зүүнбаян дахь газрын тосны үйлдвэр ажиллаж байсныг илтгэх эвдэрч хуучирсан барилгууд, нуранги үзэгдэнэ.
Энд 1954 онд жилдээ 50 мянган тонн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ажиллаж байв. Мөн Зүүнбаянд олон зуун цэрэгтэй, манай улсын хамгийн том цэргийн анги байрлаж байлаа. Харин одоо штабын барилгууд ашиглах аргагүй болтлоо хуучирчээ. Аймгийн төвөөс зайдуу оршдог тул хуучин барилгуудыг нураалгүй, тэр чигт нь орхисон бололтой.
1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 км төмөр зам ашиглалтад орж, жонш олборлох гурван үйлдвэр Дорноговьд байсан талаар dornogovi.gov.mn цахим хуудсанд танилцуулжээ. Тэгэхээр Дорноговь аймаг аль социализмын жилүүдэд манай улсын эдийн засагт түүхэн үүрэг гүйцэтгэдэг байжээ. Гэвч цэргийн ангийг хааж, газрын тосны үйлдвэр дэлбэрснээс хойш олон мянган хүн оршин сууж байсан Зүүнбаян эзгүй, эл хуль болсон аж.
2017 оноос Сайшандад салхин парк барих ажил эхэлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг барих ажил 2019 онд Алтанширээ суманд эхэлснээр Дорноговь эргээд олон нийтийн анхааралд өртөж, эдийн засгийн тулгуур хөгжлийн нэг болох эхлэлийг дахин тавьсан юм.
УРАНЫ САЛБАРЫН СУДАЛГАА АХИСАН ТҮВШИНД ХҮРЛЭЭ
“Бадрах Энержи” компани Дорноговьд нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Энэ төсөл Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд иржээ. Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” компани 2017 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн байна.
Францын төрийн өмчит “Орано” групп Монголоос гадна Канад, Казахстан, Нигерт уран олборлодог, ураныг газар дор уусган олборлох шилдэг технологи, нөү хауг эзэмшдэг компани юм. Уран олборлох, боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж, нүүрс хүчлийн хий бага ялгаруулан цахилгаан үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг байна. Орано групп ураны салбарт 70 жилийн туршлагатай, уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг, гурван улсад дөрвөн уурхайд олборлолт явуулдаг аж.
2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар Орано группийн Монгол улс дахь салбар орд илрүүлж, нөөц тогтооход 250 сая ам.доллар буюу 544 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.
Цооногийн зурагТуршилтын талбай, эдгээр цооногоор ураныг уусган авах хүчилжүүлсэн уусгагч шингэнийг газрын гүн рүү шахна.Зөөвч-Овоо орд
Харин “Бадрах Энержи” Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөлтэй. Тус компани 2017-2020 онд 17.8 тэрбум төгрөгийн татвар, 6.8 тэрбум төгрөгийн тусгай зөвшөөрлийн төлбөр тус тус төлжээ.
Цөмийн энергийн тухай хуульд зааснаар Засгийн газар ураны ордын 34 хувийг шууд эзэмших эрхтэй. Иймд Орано группээс зарцуулсан, 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын 34 хувийг Монголын Засгийн газар төлөх үү гэсэн асуулт үүснэ. Энэ асуултад “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Бямбадолгор “үгүй” гэж хариулсан юм. Тэгэхээр одоог хүртэл хийсэн хөрөнгө оруулалтыг Францын тал 100 хувь хариуцна.
“Бадрах Энержи” ХХК нийт 104 ажилтантай. Тэдний 96 хувь нь Монголчууд, ажилтнуудын 30 хувь нь орон нутгийн иргэд гэв. Үйлдвэрлэлийн туршилтын талбайд Франц, Казахстаны хоёр мэргэжилтэн, 50 гаруй монголчууд ажиллаж байгаагийн тал нь Сайншанд, Улаанбадрах сумын залуус байв.
МОНГОЛ УРАНЫ БҮРТГЭГДСЭН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД 12 ДУГААРТ БАЙНА
“Бадрах Энержи”-гийн мэргэжилтнүүд ураны түүхий эд болох шар нунтаг гаргаж авах туршилтаа эхлүүлж, 719 өдрийн турш ажлын зогсолттой осолгүй ажиллаж байна гэж хөдөлмөрийн аюулгүй байдлын менежер С.Мөнхбаатар бидэнд танилцуулав. Туршилт өнгөрсөн долдугаар сар эхэлжээ. Нэгэнт эхлүүлсэн туршилтыг зогсоож болдоггүй, зогсвол ураны хүдрээ алдах эрсдэлтэй юм байна.
- Зөөвч-Овоо орд (93,291 тонн),
- Дулаан-Уул (6,260 тонн уран) ордуудын бүртгэсэн нөөц манай улсын албан ёсоор бүртгэгдсэн ураны нөөцийн тэн хагасыг бүрдүүлдэг.
Эдгээр ордыг илрүүлснээр Монгол 293 мянган тонн ураны бүртгэгдсэн нөөцөөрөө 12 дугаарт оржээ. Дэлхийд жилд нийт 60 мянган тонн уран олборлодог. Казахстан, ОХУ, Нигери, Канад улсууд хамгийн их уран олборлож буй орнуудыг тэргүүлж байна. Дэлхийн ураны нийт нөөц 7.6 сая тонн.
Зарим иргэн шар нунтаг хүний болон малын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Иймд “Бадрах Энержи” компани малчдын худгаас тогтмол дээж аван, шинжилгээ хийдэг гэв. Малчдын худаг ихэвчлэн 15 метрээс бага гүнд байрладаг бол газар дор уусган олборлох цооногууд 150-200 метрийн гүнд байрладаг байна. Мөн малчдын гэрийн гадаа цацрагийн шарлагын тунг хэмжих зөөврийн хэмжилтийн багажууд байрлуулжээ.
“Бадрах Энержи”-гийнхэн хээрийн ангийн хүнсний хэрэгцээний бүх махаа нутгийн малчдаас авч, хүнсэндээ хэрэглэдэг юм байна.
2021 онд компанийн зүгээс ажилтнуудадаа 1584 цагийн ажлын байрны болон цацрагийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулжээ. Туршилтын үйлдвэрийн ажилчид дотоод болон гадаад шарлагын тунг хэмжих хоёр багажийг хувцсандаа зүүгээд ажлаа хийх үүрэгтэй.
Манай улсын стандартаар цацрагтай ажиллагсад жилд 20м3в-аас илүү цацрагийн мэргэжлийн шарлагын нэмэлт тун авах ёсгүй. Харин “Бадрах Энержи” компанийн мөрддөг дүрмээр энэ үзүүлэлт 10м3в-аас хэтрэх ёсгүй аж. Энэ нь ионжуулагч цацрагийн удаан үйлчлэлийн аюулыг үнэлэх, цацрагийн нормчлолын үед хэрэглэдэг эквивалент тунгийн нэгж юм.
2021 онд ажилтнуудын авсан хамгийн их мэргэжлийн шарлагын нэмэлт тун 2.25 мЗв байжээ. Хүн цээжний рентген зураг авахуулахад 0,3 мЗв шарлага авдаг, компанийн ажилтнуудын авсан хамгийн их нэмэлт шарлагын тун нь найман удаа цээжний рентген авахуулсантай тэнцэх хэмжээний шарлагын тун гэв.
Улаанбаатарын оршин суугчид байгалиас буюу нар, сансрын туяа, хөрс, хад чулуунаас ялгарах байгалийн цацрагаас жилд 1.5 мЗв шарлагын тун авдаг.Энэ тун дэлхийн дэвсгэр түвшний цацраг идэвхийн жилийн дундаж үзүүлэлтээс (2.4 мЗв) бага байна. Сонирхолтой нь Улаанбаатарын оршин суугчид бид байгалиас буюу нар, сансрын туяа, хөрс, хад чулуунаас ялгарах байгалийн цацрагаас жилд 1.5 мЗв шарлагын тун авдаг байна.
Зөөвч-Овоо, Дулаан-Уул/Өмнөт ордын талбайн дэвсгэр түвшний цацрагийн хэмжээ нь 0.03-0.17 микроЗв /цаг байдаг. Хүмүүс жилд 365 хоног, өдөрт 24 цаг төслийн талбайд амьдарлаа гэж үзэхэд нэг хүний жилд авдаг хамгийн их тун нь 1.5 мЗв байна. Энэ нь дэлхийн дэвсгэр түвшний цацраг идэвхийн жилийн дунджаас (2.4 мЗв) бага юм байна.
- 1 грамм уранаас 2.8 тонн нүүрснээс гаргах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг.
- Зөөвч-Овоо ордын ураны агуулга: тонн тутамд 200-220 грамм (буюу 200 – 220 ppm)
- Дэлхийд олборлож буй ураны 57 хувийг газар доор уусган олборлох технологиор олборлодог. Энэ технологиор Зөөвч-Овоод үйлдвэрлэлийн туршилт хийж байна.
- Ураныг уусган авах, хүчилжүүлсэн уусгагч шингэн бэлдэхдээ соруулж авсан гүний усанд 4-20 гр/л концентрацтай хүхрийн хүчил нэмдэг. Нэг литр усанд дунджаар 4-6 гр хүхрийн хүчил буюу кофены халбагаар 1-3 хүхрийн хүчил нэмж уусгах шингэн бэлддэг. Тухайн уусгагч шингэн дэх хүхрийн хүчлийн концентрац нь ашиглалтын шатнаас хамаарна. Уусгалт, олборлолт жигдэрсэн үед уусгах шингэн бэлдэхдээ 100 л усанд 1 л хүхрийн хүчил нэмдэг.
Дорнод аймгийн Мардайн ордоос ураны хүдрийг тэр чигээр нь, боловсруулалгүй ЗХУ руу гаргаж байсан түүх бидэнд бий. Харин “Бадрах Энержи” ураны салбарын судалгааг нэг шат ахиулан, газар дор уусган олборлох аргаар уран олборлон, түүнээ боловсруулж шар нунтаг гаргаж эхэлжээ. Энэ аргыг хэрэглэснээр урантай шууд харилцах шаардлагагүй.
Зөөвч-Овоо элсэнд тунасан орд. Иймд элстэй, ураны хүдрийг эхлээд шингэн төлөвт оруулна. Дараа нь шахуургаар гарган, боловсруулдаг аж. Манай улсад энэ аргыг анх удаа хэрэглэж байгаа ч байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай энэ технологийг бусад улсад 50-иад жилийн өмнөөс нэвтрүүлжээ.
Зөөвч-Овоо ордод энэ аргыг ашигласнаар ямар гарцтай байх, эдийн засгийн үр ашиг нь ямар хэмжээнд байхыг тооцох судалгаа, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байна. Үүний дараа талууд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, шар нунтгийн олборлолт эхэлнэ. Ирэх оны эхэнд туршилт дуусаж, гэрээ байгуулах үйл явц нэг жил үргэлжлэх болов уу гэж “Бадрах Энержи” компанийнхан таамаглаж байна.
Үүнтэй зэрэгцээд үйлдвэр байгуулах, ажилчдын байр барих шаардлагатай. Ингээд 2029 оноос ураны олборлолт эхлэх таамгийг хийжээ. Энэ үед үйлдвэрт 800 хүн байнга ажиллаж, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсдын тоо 200-д хүрнэ гэв. Мөн Зөөвч-Овоо ордыг 20-30 жил ашиглах тооцоо гарчээ. Тэр цагт атомын цахилгаан станцууд шар нунтгийг худалдан авах ба ОХУ, БНХАУ-ын станцууд манай хамгийн боломжит худалдан авагчид юм. Гэхдээ эцсийн байдлаар хэлэхэд эрт. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр олон зүйлийг талууд тохирно.
Өнөөдрийн байдлаар олон улсын зах зээлд нэг паунд буюу 430 гр шар нунтаг 60-70 ам.долларын үнэтэй байна. 2029 онд үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын уул уурхайн салбарт шинэ тоглогч бий болж, бид нүүрс, зэсээс гадна шар нунтгийн экспортоос гадаад валютын орлого олох нь. Мөн Францын төрийн өмчит компанитай хамтарсан төсөл эхлүүлснээр хоёр орны харилцаа одоогийн улс төрийн хамтын ажиллагаанаас эдийн засгийн, харилцан ашигтай түншлэл рүү шилжих гэх мэт олон талын үр ашигтай.
Төгсгөлд нь онцлоход “Бадрах Энержи” бүх хог хаягдлаа энгийн болон аюултай, мөн бага цацраг идэвхт хэмээн ангилдаг. Бага цацраг идэвхт хог хаягдалд лабораторын хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл болох бээлий, шүүлтүүр зэрэг багтана. Тэдгээрийг хяналтыг хийж аюулгүй хадгалж байна. Эдгээр нь цөмийн станцын, өндөр идэвхт цацрагийн хог хаягдлаас ихээхэн ялгаатай.
Манай улс өнөөдрийн байдлаар бага цацраг идэвхт хог хаягдлын зохицуулгыг тухайн талбай дээр хадгалах хүртэл хийхээр заасан журамтай ба дараагийн шатны менежментийг нарийвчилсан зохицуулга байхгүй байна Иймээс цаашид дараагийн шатны менежментийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай байгааг хувийн хэвшлийнхэн ч хүлээж байна. Бага цацраг идэвхт хог хаягдалд эрүүл мэндийн салбарын буюу хорт хавдрын эмчилгээ хийдэг эмнэлгүүдийн хог хаягдал, геофизик болон гаалийн байгууллагуудад ашигладаг үүсгүүрт багажны ашиглахаа больсон үүсгүүр ч хамаардаг байна. Бусад улсад энэ төрлийн хогийг саармагжуулсны дараа устгах эсвэл нэгдсэн хяналт мониторинг бүхий газарт хадгалах арга хэмжээ авдаг аж.
https://gogo.mn/r/yoev2