Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сорилт уу, сонгууль уу?!


Төсөвт тодотгол хийхээр болсон. Засаг төсөл оруулж, эрхэм гишүүд хэлэлцэж байна. Энэ тодотголоор хэмнэлт хийнэ. Засгийн газар ингэж шийджээ. Тодруулбал, энэ 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулна. Үүнтэй хамт Төсвийн хэмнэлтийн тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Эдгээрийг дагаад Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж байгаа юм.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чуулган дээр мэдэгдсэнээр, хэрвээ УИХ-аас Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор баталж өгөөгүй бол өнөөдөр өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийн өсөлтийн огцом цочрол дахин үүсэх байжээ.Гэсэн ч эдийн засгийг дахиад хамгаалах шаардлага үүсчээ. Тиймээс дээрх хулийн төслүүдийг өргөн барьсан гэж байна.
 
 
Засгийн газрын өргөн барьсан хуулийг дөрвөн онцлогтой хэмээн Ерөнхий сайд тайлбарлав. Тэрбээр “...Нэгдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн дагуу дараах хэмнэлтийг хийнэ. Хоёрдугаарт, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжинэ. Гуравдугаарт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулна. Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулна” гэв.
 
 
Уг нь энэхүү дөрвөн “онцлог” тус бүр нь ковид хийгээд Орос, Украины зөрчилдөөний нөлөөгөөр үүсээд байгаа хямралыг гэтлэхэд тустай гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч буй аж. Наад зах нь баахан орлогч, дэд захирлуудыг цөөлсөн нь хийхээс аргагүй алхам болж байна. Мөн том оврын тэрэг, албан тушаалтнуудын зардлыг хасч байгаа нь бас л шаардлагатай арга хэмжээ юм.
 
Нөгөөтэйгүүр Засгийн газар хуулиар олгогдсон эрхийн хэмжээнд хэмнэлт болоод хямралын эсрэг нэлээд шийдвэрийг гаргасан.  Уржигдар л гэхэд Засгийн газрын ээлжит хуралдаанаар дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болгосон. Харин өргөн барьсан дээрх хуулийн төслүүдийн хүрээнд хэмнэж болох зардлуудыг хасч, төрийн хариуцлагыг нэмэгдүүлэх боломжуудыг УИХ гаргаж өгөх үү гэдэг анхаарал татаж байна. Учир нь хэмнэлтээр гишүүдийн сонгогдсон тойрогт төсөвлөгдөөд байсан конторын барилга, наадмын талбай, соёлын төв, спорт заал, цогцолбор, усан бассейн, конторын тоног төхөөрөмж, конторын их засвар, Айргийн өргөө, орон нутгийн тохижилт, нийтийн эзэмшлийн зам талбай  зэрэг нийт 33 төслийг хасч байгаа юм байна. Эдгээрээс тойргийнхыгоо авч үлдчих гэсэн гишүүд бий.
 
Мөн төрийн хариуцлага, ажлын бүтээмжтэй холбоотойгоор төсөлд 2022 оны тавдугаар сарын 1 гэхэд гэрээ нь хийгдээгүй тендерүүдийг цуцлахаар оруулсан. Гэвч гишүүд үүнийг хагас сараар сунгаж “...2022 оны тавдугаар сарын 15” гэсэн хугацаа тавьчих гээд хоорондоо “ярилцаж” буй аж.
 
Уг нь ямар ч засаг ахиухан төсвөөр ажиллахыг хүсдэг. Харин УИХ бага зардлаар ихийг бүтээлгэх гэж хэлэлцдэг номтой. Гэхдээ энэ төсвийн тодотгол дээр засаг өөрөө хамаг байдгаа танаад оруулжээ. Харин УИХ үүнийг нь хэр зэрэг “нэмэх” бол гэдэг одоо асуудал болж мэдэхээр болоод байна.
 
Ер нь бол энэ удаагийн төсвийн тодотголд гишүүд хоёр байр сууриар хандаад байгаа нь төслүүдийг хэлэлцэх явцаас ажиглагдаж байна. Нэг хэсэг нь үнэхээр эдийн засгийн сорилтын өмнөх улсаа бодож байх юм. Нөгөө хэсэг нь УИХ-д дахиад нэр дэвших, өөрөөр хэлбэл ирэх сонгуулиа харж асуудалд хандаж байгаа нь харагдаж байна. Нэг үгээр хэлбэл, төсвийн тодотгол УИХ-аас “...Сорилт уу, сонгууль уу” гэдэгт хариулт хүлээж байна.
 
 
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ