Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын “иргэний дайн” АН-ыг “сүйрүүлж” байна

Парламентын ээлжит сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Ирэх зургадугаар сарын 24-ний өдөр монголчууд сонголтоо хийх ёстой. Коронавирусийн улмаас улс орон даяар мөрдөж байгаа хөл хориог тавдугаар сарын 31-ний өдрийг сунгачихлаа, өчигдөр. Харин сонгууль хойшлуулах талаар одоохондоо эрх баригчид ам нээгээгүй байна. Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр мэдээлэл хийхдээ сонгуулийн үеэр тусгаарлалтад хүн байлгахгүйг зорьж байгаа гэсэн. Тэгэхээр сонгууль болдгоороо болох нь ойлгомжтой биз. Зургадугаар сарын 24-нөөс өмнө гэнэтийн ноцтой асуудал үүсчихдэггүй л юм бол.
Нам, эвслүүд дор бүрнээ сонгуульд бэлтгэж, идэвхитэй болж эхэллээ. Бие дааж өрсөлдөх зорилготой 208 хүн ч Аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэв. Тэр дундаас бие даана гэдгээ ил тодоор АН-ын хууччуул мэдэгдсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа гээд хөвөрнө. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга тэргүүтэй АН-аас нэр дэвшихийг хүссэн ч боломж олдоогүй зарим хүмүүс бие даахаар болсон. Бие даагчдын төлөөллийг харахад л АН хүчээ яаж тарамдаж байгаа нь мэдэгдэж байна.
Энэ байдал руу хэн оруулав. Үндсэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын хөшигний цаадах “дайн” АН-ыг “сүйрүүлж” байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоёрдугаар сарын 13-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч, АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр очив.  Түүнийг очсон даруйд АН жаахан сэхээ орж, Тавантолгойн IPO-гоос авахуулаад олон ч акцыг хийж байна. Мөн Зи даргыг АН руу очсоноос хойш нэг тодорхойлолт дагасан нь “жинхэнэ дарга” гэдэг тодотгол. Бүх асуудлыг З.Энхболд мэдэж, зохицуулаад байна гэж АН-ын зарим хууччуул бухимдаж байгаа. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө талынханд нэр дэвших боломжийг олноор нь авч өгөхийн тулд Тамгын газрынх нь “гал тогоо”-г тултал барьж байсан “эзэгтэй”-гээ нам руу явуулсан биз. 
АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгөх үеэрээ “АН-ын нэр дэвшигчдийн дөрөвний гурав нь цоо шинэ хүмүүс. Ингэж ардчилсан нам залуучууд, эмэгтэйчүүд, шинэ үеэ дэмжиж байна. Над шиг гишүүн байсан хүн арван хэд л бий. Одоогийн гишүүдийг оролцуулаад 7+10 гаруй гэхээр цөөхөн” хэмээн хэлсэн. Түүний хэлсэн үнэн ч байж магадгүйг бие даахаар шийдсэн хууччуулын жишээ харууллаа. 
Нөгөө талд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талынхан АН-д нөлөөллөө алдахыг хүсээгүй нь тодорхой. 2019 оны хоёрдугаар сард тэрээр “Ц.Элбэгдоржийг хулгайч болгож харагдуулах нь Х.Баттулгыг хулгайч биш гэж харагдуулахаас хэцүү байгаа. Тийм учраас маш их мөнгө зарж байгаа” гэх мэтээр ярилцлага өгч, Х.Баттулга гэдэг нэрийг 100-гаад удаа хэлсэн байдаг юм.  Дараа нь хууль хяналтын байгууллагаас дуудахад зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очно хэмээн цахим сүлжээгээр мэдэгдчихээд, дараахан нь гадаад руу яваад алга болсон. Бараг л хагас жилийн хугацаанд гадаадад байж, “Х.Баттулгын шүүхэд очихгүй ээ” хэмээн ярьж байв.
Гэвч энэ сарын 3-ны өдөр тэрбээр тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн юм. Ирэхийнхээ өмнөх өдөр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж, “Хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөнө” хэмээн мэдэгдэж, хөөрхөн шуугиулаад авсан. Түүнийг ирдэг өдөр Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “1990 оны Элбэгээ хэвээрээ байна, тэр ардчиллаа аврахаар ирлээ” хэмээн жиргэж, нэг тал гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхэн түүнийг коронагаас айгаад, эсвэл зангиагаа зүүж, гутлаа тослоод хуулийн байгууллагад очихоор биш сонгуулийн “дайн”-д орохоор ирснийг баталж байх шиг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талд байгаа АН-ын хуучин “бурхи”-нууд олон байна. Ерөнхий сайд асан М.Энхсайханаас авахуулаад цөөнгүй хүнийг нэрлэж болно.
“Сэдвийн гүнд” гэдэг нэвтрүүлэг гараад байгаа. Д.Сосорбарам, Баабар, Э.Бат-Үүл, Да.Ганболд, М.Энхсайхан гээд хэдэн хүн суучихаад, намаа, Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд, цаашлаад АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг муулдаг. Сүүлд С.Баярцогт нэгдсэн харагдана билээ. Гэтэл өчигдөр бие даагчдын нэр задрахад С.Баярцогт гуайн нэр дурайж байлгүй яахав. Тэдний ихэнх нь Ц.Элбэгдоржийн талд “дайтаж” байгаа нь ойлгомжтой. Эхнээсээ зарим бие даахаа мэдэгдчихлээ. Харин дундуур нь Н.Алтанхуяг тоон дотор үсэг гэгчээр бие даах гээд ороод ирж байгаа нь сөргөлдөгч талууд хоёр биш гурав байгааг илтгэж байх шиг.
Ямар ч байсан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр АН дотор өрнүүлж байгаа "иргэний дайн” сонгуулийн өмнө АН-ыг сайхан харагдуулахгүй байна. Ерөнхийлөгч асных нь хийж байгаа дайралт намаа хорлох чиглэлийг бариад байх шиг. Э.Бат-Үүл баатар нь З.Энхболдынхоо нэр дэвшсэн тойрогт очиж үзнэ ч гэж байх шиг. Хэний өрсөлдсөн тойрогт хэн очиж саналыг нь хуваах тактик барих нь удахгүй тодорхой болох байх. Тийм цохилтыг хэр олон газарт өгч, хорлон сүйтгэхийг хэн мэдлээ.
Эцсийн эцэст хоёр, гуравхан хүний хоорондын “дайн” энэ том намыг муухай харагдуулж эхэллээ. Уг нь тэд бүгдээрээ зайлаад, зайгаа бариад, залуучууддаа боломж олгох байсан юм. Тэгсэн бол АН нэр цэвэр, боловсрол өндөртэй, мэргэшсэн хуульч, эдийн засагч, эрдэмтэй, доктор зэрэгтэй залуучуудыг өмнөө барьж, зөв сурталчлаад дайрсан бол ард түмэнд таалагдах байлаа. Одоо ч бүх юм өнгөрсөн гэсэн үг биш. Гэхдээ л АН-ыг атгандаа оруулах гэсэн томчуудын “дайн” нэр цэвэр залуусын нэрийг сэвтээх гээд байна. Энэ байдлаараа АН ялна гэж найдалтгүй.  
Эх сурвалж: shuurhai.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ