Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймгийг аялал, жуулчлал, соёлын төв болгоно


Б.БЯМБАЖАРГАЛ
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллалаа.  Ерөнхий сайд өчигдөр аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар танилцууллаа. Ерөнхий сайдын томилолтын багт УИХ, Засгийн газрын зарим гишүүд ажиллаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улс орон өөрийн алсын хараатай, хаана очих цэгээ мэддэг байх ёстой. Иргэдийн оролцоон дээр тулгуурласан төлөвлөгөө бол хамгийн хүчтэй төлөвлөгөө байдаг. Баян-Өлгийн залуус ирээдүйн хөгжлөө хэрхэн төсөөлж байгааг мэдэж хамтдаа төлөвлөгөө гаргах нь зүйтэй гэж үзсэн. “Алсын хараа-2050” урт хугацааны зорилгыг дэвшүүлж Монгол Улсын цаашдын 30 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлоод байна. Үүний хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэнэ" гэдгийг онцоллоо.
Уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн 45 мянга гаруй залуусын төлөөлөл Засгийн газрын гишүүдээс орон нутгийн цаашдын хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар хариулт авлаа. Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн байдлыг сайжруулах, төгрөгийн ханшийг чангаруулах шаардлагатай байгаа талаар асуултад УИХ-ын гишүүн Э.Батшугар “Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болсон. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудаа өргөжүүлэх шаардлагатай. Үүнийг дагаад Монгол Улсад орж ирэх валют нэмэгдэнэ. Ингэснээр төгрөгийн ханш чангарах боломжтой. Төлбөрийн тэнцэл эхний нэг сард 360 сая төгрөгийн алдагдалтай гарсан. Манай улс уул уурхайн гол бүтээгдэхүүний экспортоо Хятад улстай хийдгийн улмаас Монгол Улсад эдийн засгийн таагүй нөхцөл байдал үүссэн. Цаашид шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж бүтээн байгуулалтын ажил эхэлснээр валютын урсгал нэмэгдэнэ гэж харж байна” гэв. Түүнчлэн орон нутагт ажлын байрыг нэмэх, залуусын ажиллах, амьдрах боломжийг хангах хүрээнд ХНХ-ын дэд сайд С.Зулпхар “Баян-Өлгий аймагт ажилгүйдлийн түвшин өндөр. Гэвч ажлын байр хангалттай бий. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 35 мянган хуульч бэлтгэсэн. Гэтэл шинэ хуульчдыг багтаах ажлын байрны нийт багтаамж 7000  байдаг. Нөгөө талд, ойрын жилүүдэд хүнд машин механикийн жолоочийн эрэлт, хэрэгцээ их байгаа ч ажиллах хүч бага байгаа. Тиймээс шаардлагатай ажлын байруудад богино хугацааны сургалт явуулж мэргэшүүлнэ” гэсэн юм.
Мөн Баян-Өлгий аймагт амьдарч буй халх, дөрвөд, урианхайчуудын соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд анхаарч Соёлын яамнаас контент бүтээж өгөх хүсэлт тавилаа. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 90 гаруй хувийг Казах түмэн эзэлдэг. Үлдсэн арав гаруй хувийг урианхай, дөрвөд, халх иргэд цөөнх болон амьдардаг. Тиймээс үндэсний цөөнхийн соёлын өвийг хамгаалах, түгээхэд анхаарч ажиллахыг Соёлын сайд Ч.Номингоос хүсэхэд “Хүсэлтийг хүлээж авч байна. Соёлын биет бус өвийг экспедиц 21 аймгаар тойрч судалгаа хийнэ. Үүний хүрээнд соёлын биет бус өвийг судалж түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэв.
Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийг аялал жуулчлал, соёлын төв болгон хөгжүүлэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ААН-үүдийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангах, халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар онцгойлон анхаарч байгаа. Орон нутгийн онгоцны буудлыг олон улсын зэрэглэлтэй болгохоор ажиллаж байна. Ингэснээр аялал жуулчлал хөгжиж валютын урсгал сайжирна. Цаашид 25 мянган гадаадын жуулчдыг Баян-Өлгий аймагт авчрах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ