Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ирэх онд тэмдэглэх бөгөөд энэ талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэхээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбаттай ярилцлаа.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг анх хэрхэн илгээж байсан талаарх мэдээллээс ярилцлагаа эхлэх үү. Тухайн үед нэлээд сорилтыг давж байсан гэдэг. Энэ талаар онцлон та юу хэлэх вэ?
-1990-ээд онд манай Зэвсэгт хүчний өнгө төрх хэцүүхэн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харин Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх асуудлыг 1992 оны Үндсэн хуулиар шийдвэрлэж, улмаар "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын дагуу Монгол Улсын "Цэргийн номлол”-ыг 1994 онд анх баталсан бөгөөд улс төр-дипломатын аргаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх зорилтыг тодорхойлж өгсөн. Энэ үед БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгээс Монгол цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээх талаар судалгаа хийж, бэлтгэлийг хангасан тохиолдолд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой гэдэг дүгнэлтийг гаргасан юм. Гэвч, тухайн үед Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны чадавх, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байсан.
Харин 1997 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий батальоныг байгуулж, 1998 онд "Цэргийн номлол”-ыг шинэчлэн "Энхийг сахиулах олон улсын хамтын ажиллагаанд оролцох” үүргийг нэмж оруулснаар 1999 онд Монгол Улсын Засгийн газар "Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай” тогтоол гаргасан юм. Үүний дараа НҮБ-ын байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орныхоо үүргийг гүйцэтгэн энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг оролцуулах, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах боломж бүрдэж, улмаар 2002 онд УИХ-аас "Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг хэлэлцэн баталсан. Энэ нь тайван цагт Монгол Улсын Зэвсэгт хүчнийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах, түүний гүйцэтгэх үүргийг албан ёсоор хуульчлан баталгаажуулсан чухал ач холбогдолтой байсан юм.
Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны ач холбогдол, үр ашиг чухам юу вэ?
-Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын байр суурийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний үндсэн болон хуулиар хүлээсэн бусад үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, гадаад дотоод нэр хүндийг өсгөх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болдог гэж дүгнэж болох юм. Бүр тодруулбал, Монгол цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бодлого, үйл ажиллагаа нь олон сорилт, бэрхшээлтэй тулгарч, тухай бүрд нь зөв, оновчтой шийдвэрлэсний үр дүнд өнөөдрийн "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх ойлголтыг бий болгосныг тэмдэглэж хэлэх хэрэгтэй.
Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ талаар тодруулна уу?
-Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ оролцуулж эхэлсний 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны оролцоог сурталчлах, энхийг сахиулагчдын алдар, гавьяа, түүхэн замналыг мөнхжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2021 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажилдаа ороод байна.
Ажлын хэсгийн даргаар ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ажлын хэсгийн зөвлөхөөр Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, гишүүдэд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон Эрүүл мэндийн яамнаас төлөөлөл томилогдон ажиллаж байна.
Түүнчлэн Зэвсэгт хүчний хэмжээнд 20 жилийн ойн хүрээнд чиглэл бүрээр төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг зохион байгуулах салбар комиссууд байгуулагдан ажиллаж байгаа.
Ойг угтсан ажлын хүрээнд ямар томоохон арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Ойн хүрээнд зохион байгуулах ажил, арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас санал авч, эцэслэн батлуулах шатандаа байгаа. Дээр дурдсан ажлын хэсгийн хуралдааны үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдын алдар, гавьяаг олон нийтэд сурталчлан таниулах, тэднийг алдаршуулах чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран нэлээд ажлыг хэрэгжүүлнэ. Эл ажлын хүрээнд түүхийн ном, гэрэл зургийн цомог, баримтат кино гаргах, НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн баг, ажиллагааны туршлага, сургамжийн хурал, уулзалтууд, "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт сурталчилгааны ажлыг улс орон даяар өргөн хүрээнд зохион байгуулахын зэрэгцээ урлаг, спортын бусад ажлуудыг төлөвлөж байна.
Мөн цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорьсон "Тусгай тасаг” телевизийн реалити шоуг олон нийтэд хүргэхээр бэлтгэж байна. Эдгээр нь үзэгчид төдийгүй цэргийн алба хаагчдын сонирхлыг татсан тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагууд, тэдгээрийн алба хаагчид, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг, цэргийн ажиглагч болон штабын офицер, ахлагч нарын дунд сэдэвчилсэн "Шилдэг лого”, "Шилдэг зурагт самбар”, "Шилдэг богино хэмжээний бичлэг” шалгаруулах уралдааныг зарлаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улс Олон улсын энхийг сахиулагчдын хурлыг зохион байгуулна гэж мэдэгдсэн. Энэ тухайд тодруулбал ...
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцоо”-ны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна гэдгийг мэдэгдсэн.
Энэхүү Олон улсын хурлыг 2022 оны 6 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд "Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоонд тулгарч буй сорил, бэрхшээл, сайн туршлага” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулна. Олон улсын хурал зохион байгуулах дэд ажлын хэсгийн даргаар БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ ажиллаж, Гадаад харилцааны яам, ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн холбогдох бүрэлдэхүүн бэлтгэл ажилдаа ороод байна. Олон улсын хурлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн "Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хэмээх 1325 дугаар тогтоолын хэрэгжилт, эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй сорил, бэрхшээл түүнийг даван туулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, НҮБ-ын гишүүн орнуудад уриалга гаргахад тус хурлын зорилго чиглэгдэж байна.
Хуралд НҮБ-ын гишүүн орнууд, НҮБ-ын үйл ажиллагааг дэмжигч олон улсын байгууллага нээлттэй оролцох бөгөөд Монгол Улсаас Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, ЗХЖШ, Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлэг, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байна.
Мөн 2022 онд "Хааны эрэлд” сургуулийн хүрээнд анх удаа "Эмэгтэйчүүд, Энх тайван ба Аюулгүй байдал” сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Сургалтад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн эмэгтэй цэргийн алба хаагчдын болон Төрийн цэргийн байгууллагуудын эмэгтэй төлөөлөл хамрагдана.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цаашдын оролцооны талаар уншигчдад мэдээлэл өгнө үү ...
-Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс”, мөн Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан "Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, бэлэн байдлын чадавхыг дээшлүүлэх асуудлуудыг тусгасан. Энэхүү Монгол төрийн хөгжлийн урт, дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан байгаа нь Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны хэтийн төлөв нь харагдаж байна гэж ойлгож болно.
Бид энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо чанаржуулан төрөлжүүлэх замаар нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байна. Тухайлбал, удирдах албан тушаалтны тоог нэмэгдүүлэх, төрөл мэргэжлийн цэргийн оролцоог бий болгох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд ойрын хугацаанд мотобуудлага, эмнэлэг, барилга-инженерийн, дунд хугацаанд тусгай хүчин, цэргийн цагдаа, алсдаа агаарын цэргийн салбаруудаа энхийг сахиулах ажиллагаанд илгээх нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг сахиулах ажиллагаанд шинээр оролцуулахаар төлөвлөж буй "Түргэн байрлах хүчний рот”, "Барилга, инженерийн рот”, "Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлэг”-ийн цэргийн багууд НҮБ-аас тавьж буй ерөнхий шаардлагад нийцэж байгаа эсэх, цэргийн багийн үндсэн тоног, төхөөрөмж болон өөрийгөө нөхөн хангах хэрэгсэл нь үүрэг гүйцэтгэх боломжтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх НҮБ-ын "Үнэлгээ зөвлөмжийн үзлэг”-т өнгөрөгч сард зайнаас амжилттай шалгуулаад байна. Тиймээс монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойгоо шинэ ажиллагаа, шинэ цэргийн багийг илгээх ажлаар угтана гэдэгт илтгэл дүүрэн ажиллаж байна.
Ярилцлага өгсөн Танд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье ...
-Баярлалаа. "Соёмбо” сонины уншигчдад болон нийт цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдадаа Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтсан ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо сонин"