Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголд дутсан бизнесийн соёл

Монгол Улсад бизнесийн соёл дэлхийн жишгээс хоцрогдсон нь анзаарагддаг. Зах зээлийн нийгэмд шилжээд дөнгөж 30 жил болж буй учраас ийм байхаас аргагүй гэж зөвтгөдөг судлаачид бий. Түүхэн хөгжлийнхөө жамыг л дагаж яваа салбар гэж үү. Сүүлийн 30 жилд мэдээллийн технологид хувьсгал болж, асар хурдтай хөгжсөний үр шимийг монголчууд бусдаас дутахааргүй хүртэж байна. Мэдээллийн технологийн эринд 30 жил урт хугацаа. Үүгээр мэдээллийг бусадтай зэрэг авч, адилхан дэвшилт технологи ашиглаж байгаа тул эн тэнцүү сэтгэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийллээ. Бизнест технологи, ноухауг нутагшуулахад маш хялбар болжээ. Гэвч бизнесийг харах хандлагын өөрчлөлт маш удаан байна гэж залуу үеийнхэн дүгнэдэг. Монголын бизнесменүүдийн гажууд хандлагыг илэрхийлдэг олон жишээ бий. Гурван жишээгээр манай бизнесийн соёлд дутаж буй хандлагыг баримжаалж болно.
ТЕНДЕР ДАГАСАН КОМПАНИ
Монголд тендерт орж үзээгүй компани бараг байхгүй биз. Ямар нэгэн байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын тендерт ялах гэж хичээцгээнэ. Ялахын тулд компанийн захирлууд яам, тамгын газрынхны хөлд бөхөлзөнө. Гарыг нь хүндрүүлнэ. Тендер дагасан компаниудын ийм үйлдэл авлига, албан тушаалын гэмт хэргийг өөгшүүлж, төрийн тогтолцооны гажуудлыг улам гааруулсаар байгаа. Шударга бус үйлдэл нь нэгэндээ “10 хувийн” гэх хоч өгөх хүртэл ил цагаандаа гарчээ. Тендер “зохицуулж” өгөөд сайд, дарга нар үнийн дүнгийнх нь 10 хувийг өөрийн халаасанд хийдэг гэх.
Тендер дагах нь бизнесийн загвар болтлоо хөгжчихсөн. Өөрөөр хэлбэл, зөвхөн төсвийн хөрөнгөөс тендер авч үйл ажиллагаа явуулдаг компаниуд бий болсон гэсэн үг. Тендер авч чадахгүй бол тухайн компани ажилгүй сууна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалт, ажил үйлчилгээг гүйцэтгэх нь хялбараар мөнгө олох арга. Компани өөрөөсөө хөрөнгө гаргахгүй. Төсвөөс мөнгө гаргуулаад, түүгээр бүтээн байгуулалт хийгээд үлдсэн мөнгийг нь ашиг болгоод авчихна. Зах зээлийн судалгаа хийх, санхүүгийн дарамт үүрэх гэх мэт зовлон эдлэхгүй. Тиймээс Монголын компаниуд тендерт “хайртай” байдаг.
Улсын төсвөөс сүүлийн найман жилд долоон их наяд төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийжээ. Жилд 800-900 тэрбум төгрөгийн тендер зарласан гэсэн үг. Ийм мөнгөн дүнтэй бүтээн байгуулалт хийлгэж байхад “тендер дагасан бизнес” загвар үүсэхээс ч яах вэ. Манайдаа л “акул” гэгддэг шилдэг 100 аж ахуйн нэгжийн эхний 20-д багтдаг холдинг компаниуд хүртэл жижгүүдтэй тендер булаацалддаг нь ичмээр. Засгийн газрын нэгэн агентлаг 20 ширхэг компьютер худалдаж авах тендер зарлахад манай том компани ялсан тохиолдол бий. Явган хүний зам тавих, авто замын хашлага солих гэх мэт жижиг компаниуд хийчих ажлыг манай томчууд бас л шүүрчихсэн байдаг.
Манай том гэгдэх компаниуд хэдхэн сая төгрөгийн өртөгтэй жижиг тендерийг багацуулд үлдээгээд, эдийн засагт үр нөлөө ихтэй том төсөлтэй ноцолдож баймаар юм. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж хүмүүс ам уралдан ярьдаг. Хөл дээрээ тогтсон, олон тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг компаниуд үйлдвэрлэл эрхлэхээс илүүтэй тендерт дурладаг нь дээр дурдсанчлан хялбараар мөнгө олох боломжийг “дангаар” ашигладагтай холбоотой. Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэвэл тэднээс хөрөнгө мөнгө, ур ухаан шаардах учраас хойш суудаг биз. Тендерийн төлөө уралцан тэмцэлдэх соёлын гажуудал манай бизнесменүүдэд бий.
Улсын төсөв зохиоход орон нутгийн засаг, захиргааны удирдлага жил бүр нийт 3-4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийх санал гаргадаг. Тэд эдэлгээний хугацаа нь дуусаагүй, хэвийн ажиллаж буй барилгыг нурааж, шинээр барих санал ч гаргадаг юм. Төсөвт тусгуулан, тендер зарлуулж чадвал компани орлоготой, албан тушаалтан “10 хувьтай” гэсэн горим үйлчлээд байх. Тендер дагасан компаниудын хатгаасаар төрийн засаг, захиргааны байгууллага, хувийн хэвшлийн дунд хуйвалдаан үүсэж, ийм гажуудал гардаг нь илэрхий мэдрэгдэх болжээ.
“ДАЙСНУУД”-ЫН ЗАХ ЗЭЭЛ
Төмөр хийцийн үйлдвэрлэлийн томоохон компани хэдэн жилийн өмнө тоног төхөөрөмжөө шинэчлэх хөрөнгө оруулалт татахаар нэмэлт хувьцаа арилжихаар зэхэж байв. Гол хөрөнгө оруулагч нь хувьцаа гаргахаар ихээхэн идэвхтэй ажиллаж байтал хэн нэгэн “Нэмж хувьцаа гаргаж, өөрийн эзэмшлийн хувийг багасгаад хэрэггүй. Компанийн хувьцааны 1-2 хувийг цуглуулчихсан хүн ингэж ч, тэгж ч ажилла гээд олон зүйл яриад байдаг юм. Нэгэнт компанийн хувьцааны 70 гаруй хувийг эзэмшиж байгаа юм чинь үүнийгээ бууруулахгүйгээр өөрийн дураар ажиллах хэрэгтэй” гэж зөвлөжээ. Нээрэн ч хэн нэгэн хяналт тавиад салахгүй байх вий гэж болгоомжилсон мөнөөх “гол хүн” санаачилгаасаа няцсан. Энэ бол Монголын бизнесменүүдийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хүндэлдэггүй, тэднийг хөрөнгө оруулагч, хамтран ажиллагчаа гэж хардаггүйн илэрхийлэл.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын дийлэнх нь хувьцааны 70-аас дээш хувийн төвлөрөлтэй. Өөрөөр хэлбэл, нэг хөрөнгө оруулагч, нэгдмэл сонирхолтой этгээдүүд буюу гэр бүлийн гишүүд тухайн компанийн хувьцааны 70-аас дээш хувийг эзэмшдэг гэсэн үг. Тус биржид хувьцааны төвлөрөл нь 90-ээс дээш хувьд хүрсэн компани олон бий. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд олон улсын жишгээр бол улирал бүрийн санхүүгийн тайлан, бизнесийн гэрээнийхээ мэдээллийг нийтэд байнга дэлгэж байх үүрэгтэй. Гэтэл шаардлага тавилаа ч манай хувьцаат компаниудын удирдлага үүргээ биелүүлдэггүй. Биржид бүртгэлтэй 200 гаруй компанийн тал нь л хагас жилийн болон оны эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлдэг. Хувьцааны төвлөрөл үүсгэдэг нь компанийг дархан эрхтэйгээр удирдах гэсэн хандлага юм.
Дэлхийн шилдгүүд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож, олон нийтийн компани болсон. Тодруулбал, дэлхийн шилдэг 100 компани бүгд хувьцаа гаргаж, олон нийтийн эзэмшлийнх болсон билээ. Тэгвэл манай улсын шилдэг 100 компани бүгд хязгаарлагдмал хариуцлагатай байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Томоохон холдинг компаниуд хөрөнгийн биржид бүртгүүлэхээс зайлсхийсээр ирсэн. Биржид бүртгүүлээд, олон хөрөнгө оруулагчтай хувьцаат компани болчихвол хяналтад ороод, дураараа ажиллаж чадахгүй гэж эзэд нь болгоомжилдог байх. Нөгөөтээгүүр, бүрдүүлсэн хөрөнгө, олсон ашгаа бусадтай хуваалцахгүй гэсэн аминч үзэл давамгайлдаг байж мэднэ. Хөрөнгийн зах зээлд хөл тавибал дайсантай болно гэж айдаг хөрөнгө оруулагч олон бий. Олон нийтийн компанийн гол хөрөнгө оруулагчид нь аль болох их хувьцаа төвлөрүүлж, дангаар засаглах бодолтой байхад гэр бүлийн бизнесээ хэн хөрөнгийн зах зээлд гаргах вэ.
Монголын томоохон компанийн захирлууд банкны зээлийн хүү өндөр байна гэж шүүмжилдэг. Банкнаас өөрөөр мөнгө босгох зохицуулалттай зах зээл бол үнэт цаас. Хувьцаа гаргаж, хөрөнгө босгоод, олон хүнтэй ашгаа хуваалцаад бизнесээ томруулж болно. Гэвч хяналт сайтай, нээлттэй зохицуулалттай зах зээлд хөл тавихаас тэд айдаг. Шударга, нээлттэй, хүртээмжтэй байдлаар бизнес эрхлэх сонирхолгүй байгаа нь Монголын бизнесменүүдийн соёлын хоцрогдол мөн.
АШГИЙН ТӨЛӨӨХ ХОШУУРАЛ
Манайхан бизнесээ тогтвортой үргэлжлүүлнэ гэхээс илүү гэнэтийн их ашгийн төлөө хөөцөлддөг. Газрын наймаа цэцэглэнгүүт бүгд Улаанбаатарын “элэг, бөөр, дэлүүнээс” хумсалсан. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын ашигт малтмалын салбарыг сонирхож эхлэнгүүт бизнесменүүд бүгд сугандаа лиценз хавчуулав. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэнгүүт бүгд барилгачин боллоо. Бизнесменүүд анхны хуримтлалаа бүрдүүлсэн бизнесээ улам хөгжүүлэн, дэлгэрүүлээд, шинэ стандарт нэвтрүүлээд явна гэж байхгүй. Хадгалсан хуримтлалаараа аль л ашигтай гэсэн бүрт хөрөнгө оруулах гэж зүтгэдэг гажигтай.
Үйл ажиллагаа нь тогтворжсон компаниуд жижиг бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд орон зай олгох дургүй. Жижиг үйлдвэр бизнесийн шинэ санаа хэрэгжүүлээд, хөл дээрээ тэнцэж ядаж байтал томууд нь хөрөнгөөр давамгайлсан хүч тэнцвэргүй өрсөлдөөн үүсгээд нухчин дарчихдаг. Жишээ нь, хэрчсэн гурилын жижиг үйлдвэрүүд байгуулагдаад ажиллаж байлаа. Гэтэл гурилын үйлдвэрүүд хэрчсэн гурилын том цех нээгээд, нөгөөдүүлийг зах зээлээс шахчихсан.
Том компаниуд уурхай, дэд бүтэц гэсэн өртөг бага шингээдэг, өндөр ашиг өгдөг салбар луу хөрөнгө оруулж давуу тал эзэмшихийг хичээнэ. Илүү ашигтай бизнест хэн нь эзэн суух вэ гэж хоорондоо хэрэлдэнэ. Үүндээ улстөрчдийг татан оролцуулж, улс төр, бизнесийн бүлэглэл үүсгэнэ. Ямар ч хамаагүй аргаар их ашиг олохын тулд хуулийг уландаа гишгэж, авлигын сүлжээ “нэхнэ”. Их ашиг олох ёстой гэсэн ганц зорилго нь Монголын хөгжилд ихээхэн саад болж байгаа.
Итали гутлаараа, Швейцар цагаараа дэлхийд алдартай. Тэнд гар хийцийн урлал хийдэг жижиг үйлдвэрүүд хэдэн үе дамжин нэг л зүйлийг сайн хийхийн төлөө ажиллаж ирснээр бусдаас ур ухаан, технологиороо түрүүлсэн. Өдгөө дэлхийн шилдэг брэнд болж, үнэ цэн нь өндрөөр үнэлэгдэж байна. Япон, Солонгосын дэлхийн нэртэй брэндүүд ч уйгагүй хөдөлмөр, олон сорилтыг давсан тасралтгүй, тогтвортой үргэлжилсэн бизнесийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон. Цайны газрыг ч илүүд шунахгүйгээр тогтвортой ажиллуулах дуртай тэдний онцлог дэлхийд инновац бүтээсээр ирлээ. Энэ бол бизнес соёлын “амт”.
Монголын бизнесменүүд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлд хөрөнгө оруулахаас цааргалдаг. Тэд дэлхийтэй өрсөлдөж, “бяр”-аа үзэхээс цэрвэдэг байх. Өндөр ашиг өгөхгүй ч хожим эх орных нь хөгжилд нэмэртэй үйлдвэрлэл, инновацын төсөлтэй тэд зууралдахгүй. Тэгэхийн оронд гадаадын аль нэг брэндийн албан ёсны борлуулагч болох нь ашигтай гэж үзнэ. Тендер дагаж, улсын төсөв “цөмнө”, нээлттэй, ил тод, шударга хамтран ажиллахаас зугтана, зөвхөн өнөө, маргаашийн ашгийн төлөө үхэн хатан тэмцэнэ. Монголын бизнесменүүдийн дүр төрх ийм болой.
Т.Энхбат
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ