Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадын эрчим хүчний хомсдол: Засгийн ухаан гүйж, нүүрснээсээ "од шүүрч" чадах уу


БНХАУ-д нүүрсний хомсдлын улмаас эрчим хүчний хямрал хэдэн өдрийн өмнөөс үүсээд буй.  Ялангуяа урд нутгийн Жилинь  зэрэг 20 гаруй муж хэрэглэгчдээ эрчим хүчээр хангаж чадахгүйд хүрч, зарим албан газрууд лааны гэрэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, гар утасны сүлжээ ч доголдож эхэлсэн юм.  Түүнчлэн эдийн засаг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг үйлдвэрүүд ч тоног төхөөрөмжүүдээ унтрааж, ажилчдаа богиносгосон цагаар ажиллуулж байгаа гэнэ. Хамгийн ноцтой нь  үүнийг дагаад үйлдвэрлэл, худалдаа, тээврийн салбарууд доголдон удааширч байгаа нь олон сөрөг үр дагавар дагуулж болзошгүй байна.
Энэ хямралыг зөөллөж  эрчим хүчний хангамжаа тасалдуулахгүйн тулд Бээжин Оросын эрчим хүчний компаниудаас экспортоо нэмж туслахыг хүссэн байна. Тухайлбал, Оросын эрчим хүчний монополь экспортлогч компани Интер РАО өнгөрсөн Лхагва гарагт Хятадын талаас эрчим хүч яаралтай нийлүүлэх хүсэлт хүлээж авснаа мэдээлжээ.
Хятад улс нийт эрчим хүчнийхээ талаас илүү хувийг нүүрснээс гаргаж авдаг. Гэвч сүүлийн үед нүүрсний нөөц багасч одоо 20 хүрэхгүй хоногийн нөөцтэй байгаа нь түүхэн дэх хамгийн бага хэмжээ юм байна.  Зарим албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоо байгаа нөөц нь улсыг ердөө хоёр долоо хоног тогтой байлгаж хүрэхтэй үгүйтэй байгаа аж.
БНХАУ-ын нүүрсний нийлүүлэлт буурч үнэ нь эрс өсчээ. Зарим мэдээллээр эрчим хүчний нүүрсний үнэ хоёр дахин өссөн гэх мэдээлэл бас байна. Харин  Zhengzhou биржид эрчим хүчний нүүрсний үнэ 5.3 хувиар өсөж, тонн нь 1297 юань хүрсэн гэжээ.
Сүүлийн мэдээллээр БНХАУ-ын Засгийн газар Төрийн өмчит эрчим хүчний компаниуддаа хандан "Ямар ч үнээр хамаагүй өвлийн эрчим хүчний нөөцөө бүрдүүлэх"-ийг мэдэгдэж, үүрэг даалгавар болгосныг эх сурвалжууд мэдээлж байна.  
Дотооддоо үүссэн энэ хямралыг тогтворжуулахын тулд ОХУ, Монгол, Индонез улсаас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын Жилинь мужийн захирагч уриалсан байна. Тэрбээр нүүрсний нийлүүлэлтийг хангахад хэд хэдэн нийлүүлэлтийн суваг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Урд хөршид нүүрсний хэрэгцээ болон үнэ ингэж өсөөд байна. Энэ бол Монгол Улсын хувьд атгаж авах боломж гэдэг нь тодорхой. Учир нь нүүрсний экспорт   эдийн засгийн гол зүтгүүр болж,  зэсийнхээс даваад буй. Үүнд саад болж байгаа нь цар тахал. Гэхдээ халдвараас илүү бидний урагшгүй үйл ажиллагаа.
Экспортынхоо гол гарцын  бүс нутгийн халдвар хамгааллын дэглэмийг хангаж чадаагүй, УОК “эдийн засаг” гэх нэрийн дор  халдвар хамгааллын дэглэмийг бүр зөнд нь орхисноос халдварын тархалт  буурах биш нэмэгдээд байна.
Үүний улмаас урд хөрш хэдийгээр хэрэгцээ нь их байгаа ч гэсэн халдвараас сэргийлж хилээ хэд хэдэн удаа хаасан. Энэ хэрээр нүүрсний экспорт тасалдаж, Монгол улс экспортын орлогоо алдсаар ирлээ.  Өөрөөр хэлбэл, Засгийн газар  эдийн засаг гэж ярих хэрнээ эдийн засгаа өөрсдөө  сөхрүүлсээр ирлээ. Бүхнийг вакцинд даатгаж, вакцинжуулалтаа дагалдуулан хийх халдвар хамгаалалтын менежментийг ор тас  орхигдуулснаас үр дүн гэх юмгүй болчихож байгааг халдварын өнөөгийн байдлаас харж болно.
Монгол Улсын нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна. Ялангуяа нүүрснээс.
Урд хөршид бий болоод байгаа  энэ боломжийг ашиглаж, нүүрсээ “чулуу” болгоход  Засгийн газрын “гүйх ухаан” одоо л хэрэгтэй байна.  
2021 онд төлөвлөснөөр бол Монгол Улс 28.5 сая тн нүүрс экспортлох зорилготой байсан.Харин хүлээгдэж буй гүйцэтгэлээр 15.9 сая тонн нүүрс гаргана гэсэн тооцоолол байна.  Ер нь бол гаргаж л чадаж байвал эрэлт нь их, үнэ нь өндөр байна.  Ийм үүлэн чөлөөний нар шиг үе тийм ч удаан үргэлжлэхгүй байх.  Ашиглаж чадвал од шүүрэх цаг ирчихээд байна даа.
Г.Хан
http://www.toim.mn/article/2967757a
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ