Үндэсний "Номын баярын өдөр”-ийг Улсын болон орон нутгийн онцгой комисс, ЭМЯ-наас гаргасан шийдвэр, журам, зөвлөмжийг баримтлан энэ сарын 7-27-нд Баянхонгор аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус арга хэмжээ ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг дэмжих, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах, зохиолчийг алдаршуулах зорилготой.
“Номын баяр-2021" арга хэмжээний хүрээнд “Сургамжит өгүүллэг”-ийг уран яруу унших цахим уралдааныг зохион байгуулжээ. Аймгийн Нийтийн номын сан, Хөгжимт драмын театр, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Зохиолчдын холбоотой хамтран явуулсан тус уралдааныг 6-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн насны ангиллаар шүүн, шилдгүүдийг шалгаруулсан байна.
Уралдааны оролцогч хүүхдүүдэд аймгийн ХДТ-ийн жүжигчин СТА Д.Бямбаням мэргэжил арга зүйн зөвлөгөөг zoom программаар өгчээ. Уг уралдаанд аймгийн төвийн Номундалай, Номгон, Эрдэм, Соого Сейкео, Баян-Ойт сургууль, Баянговь, Гурванбулаг, Богд, Жаргалант, Баацагаан, Баянцагаан, Галуут зэрэг сумын 64 хүүхэд оролцсон байна.
Ийнхүү шалгаруулахад, 6-9 дүгээр ангийн төрөлд Гурванбулаг сумын 6 дугаар ангийн сурагч Г.Эмүүжин, 10-12 дугаар ангийн төрөлд Номгон ахлах 12 дугаар ангийн сурагч Б.Алтангэрэл тус тус тэргүүлжээ.
Тус уралдааны шагналыг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн 1.0 сая төгрөгөөр ивээн тэтгэж, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг "Шижир учиг" урлангаас нийт оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан байна.