Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сөгдөх, сөрж босох хоёр адилхан зориг шаарддаг


Монголчуудын оршин амьдарч буй одоогийн нийгмийг ардчилсан гэж тодорхойлдог ч үнэндээ бол анархи нийгэм болох замдаа улам л шуударсаар байна гэх эмзэглэл төрөх боллоо. Бид үнэндээ аливаа зүйлийн утга агуулга, нарийн нандин хүн чанараасаа алсран холдсоор л байна. Бид талархаж, чин сэтгэлээсээ уучлалт гуйж, эсвэл бүр ойлгон хүлээн зөвшөөрч чадахаа байжээ. Ийм эмзэглэлийг сүүлийн үед улс оронд өрнөж буй үйл явдлууд улам бүр батлах болов.Орчин үед сошиал ертөнц бидний зан чанар, жудаг ёсны толь болсон нь нууц биш. Тэндээс бид өөрсдийн ёс суртахуун, үнэт зүйлийнхээ уналт, тусгалыг олж хардаг. Сошиал орчинд нэгийгээ бид боорлон идэж, мөчлөн тасдахаас ч буцахгүй ноход шиг дайрдаг болоод удлаа. Ингэхдээ бид тухайн зүйлийн агуулга, утга учир, жинхэнэ мөн чанарыг нь танин мэдэхээсээ түрүүнд өнгөн хэсгийн өчүүхэн хөөс төдий хэлбэрийг барин авч, ганц хоёр өдрийн сэдэв болон шуугиад өнгөрдөг хэв ёс тогтжээ. Үүний жишээг маш олон зүйлээс харж болно. Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын гаргасан үйлдэл, хэлсэн үгтэй холбоотой хоёр тохиолдлын тухайд ч нийгмийн тэрхүү хөөсөн дунд умбах шиг болов.Юун түрүүнд, түүний авлигачдыг жигших тухай хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгнээс үүдэлтэй шуугиан. Тэрбээр Монголд авлига газар авсныг тэвчин хүлцэх аргагүй болсон гэдгийг залуу хүний хувьд мэдэрч, үүний эсрэг залуучуудаа уриалахыг л хүссэн нь мэдээж. Учир нь, авлига залуучуудын боломжийг хулгайлж, улс орны хөгжлийг хойш татаж байгаа хамгийн том дайсан. Үүнийг жигшин үзэх нь ганц түүний биш, Монголын иргэн бүрийн үүрэг. Манай улс авлигын индексээр 180 орноос 111 дүгээр байрт жагсаж байгааг өөрчлөх хүмүүс нь залуучууд гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм ч учраас Монголын залуучуудын төв байгууллага нь үүний эсрэг ямар нэгэн байдлаар тэмцэх л учиртай. Харин эсрэгээрээ тэмцэхгүй, хүлцэн тэвчих нь гэмт хэрэг.
Монголын өнөө үеийн залуучууд адил тэгш боломжоор хангагддаг, эрх тэгш нийгмийг ирээдүйдээ бий болгон хүлээлгэн өгөх учиртай. Норвеги улсын Ерөнхий сайд асан Енс Столтенбэри “Бид баялагтай баян болохоосоо өмнө нийгмийн шударга ёсыг тогтоочихсон байсан юм” гэж хэлсэн байдаг.
Шударга ёс бол тогтвортой хөгжлийн үзэл санааны суурь, эх үндэс. Шударга ёс жинхэнэ утгаараа тогтсон тохиолдолд хөгжлийн чиг хандлага, улс үндэстний хөгжлийн загвараа зөв тодорхойлж чаддаг. О.Гэрэлт-Од үүний төлөө тэмцэхээ илэрхийлж, залуучуудаа уриалж, авлигын эсрэг аяныг эхлүүлэхийг хүссэн. Гэвч тэр үгэндээ “Авлига авсан нь баримтаар болон шүүхээр тогтоогдсон хүмүүсийг нийгэм даяар жигшүүлэх үйл ажиллагааг МЗХ-ноос явуулна” гээд хэлчихсэн нь мөнөөх өөнтөгч нөхдийн мэрэх сэдэв болж орхисон. Нэг ёсондоо нохдын дунд яс хаясан шиг л хэрэг явдал болж хувирав. Авлигатай тэмцэх, түүнийг үл хүлцэх тухай уриалга нь ор тас гээгдээд, харин О.Гэрэлт-Од гэгч залууг хуучин нийгмийн КГБ-ийн зандалчин аятай гутаан доромжилж эхэлсэн. Ердөө л нэг хэлсэн үгнийхээ төлөө залуу хүн нийгмийн дайсан болж хувирах ийм жигшилт нийгмийг бид бүтээснээ тухайн үед хэн ч олж хараагүй нь хачирхалтай. Шүүхээр авлига авсан нь тогтоогдсон хүнийг жигших тухай яриа нь хүмүүнлэг ёсноос гажуу хийгээд аливаа нэг хүнийг хийсэн үйлдлийнх нь төлөө нийгэм даяараа жигшин зэвүүцэж, давхар ял үүрүүлж болохгүй гэж шаагих атлаа ердөө л нэг үгнийх нь төлөө нийтээрээ хэн нэгнийг хэмлэн барьж идэх шахсан нь саяхны хэрэг ээ.
Удаад нь Монголын залуучуудын холбооны мөнөөх Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од бас нэгэн шуугианы эзэн болоодхов. Санаа зорилго нь ямар ч тохиолдолд буруу гэж хэлэх аргагүй үйлдлүүд нь ийнхүү бусдын хэл амны зугаа болж хувирах аж. Юу гэвэл, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Монголын боксын холбоо шигшээ багаасаа хөөж, удахгүй болох Дэлхийн аваргын тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргаснаас үүдэж, олон нийтийн дунд чамгүй хөл хөсөөн өрнөөд байв.Үнэндээ энэ бол ердөө л нэг мэргэжлийн холбооны дотоод асуудал. Гэвч олон нийт Э.Цэндбаатарын ярилцлага болон Токиогийн олимпод үзүүлсэн харамсалтай ялагдлаас нь болж, түүнийг Дэлхийн аваргын тэмцээнд оролцуулах ёстой гэсэн байр суурийг илүү дэмжиж байлаа. Ингээд Монголын залуучуудын холбоо үүн дээр өөрийн залуу тамирчны эрх ашгийг хамгаалахаар шийдсэн аж. Хэдийгээр Монголын залуучуудын холбоо хамгийн том төрийн бус байгууллагын нэг боловч мэргэжлийн холбооний дотоод шийдвэрт мэдээж хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжгүй. Үүн дээр нэмээд, Э.Цэндбаатарын гаргасан сахилгын асуудал нь тийм ч өршөөн хэлтрүүлээд, өөгшүүлээд байхаар зүйл биш. Энэ бүхнийг бодолцсоны эцэст О.Гэрэлт-Од Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн хувиар тун ч зоригтой бөгөөд эрсдэлтэй алхам хийсэн юм. Тэр Э.Цэндбаатарыг батлан дааж, мэргэжлийн холбоо болон дасгалжуулагчдаас нь Дэлхийн аваргын тэмцээнд оролцуулж өгөхийг хүсэхдээ өвдөг сөгдөн байж гуйлтаа уламжилсан билээ.Монголын боксын холбоо болон Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудад хандаж “Э.Цэндбаатар өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, монголчуудаасаа уучлалт гуйж, хоёр охиныхоо нэрээр амлалт өгсөн. Тиймээс бусад байгууллагынхаа дотоод журмыг хүндэтгэж хүсэлт гаргаж байгаа юм. Дэлхийн аваргад явах хүртэл нь Монголын боксын холбоотой хариуцлагын гэрээ байгуулж, бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж батлан даана” гэж хэлжээ. Хамгийн гол нь түүний сөгдсөн явдлыг зарим хүн сүрхий онцолж, гутамшигтай, сул дорой үйлдэл болсон гэж онолдож буй.
Энэ бол үнэндээ гутамшигтай үйлдэл огт биш, харин ч бахархалтай үйлдэл байлаа. Өмнө нь залуучуудын байгууллага нь залуу хүнийг ийнхүү батлан дааж байсан тохиолдол гарч байсангүй. Түүгээр ч зогсохгүй өөрийн байгууллагын нэр хүнд, ихэмсэг бардам байдлаасаа илүүгээр хэн нэгэн залуугийн эрх ашгийг хамгаалахыг зорилго болгосон нь харин ч бахдам үйлдэл байв.
Шулуухан хэлэхэд, өнөөдөр ямар нэгэн албан тушаал, сэтэр зүүсэн хэн бүхэн өөрсдийгөө хэт өргөмжлөн ихэд санаж, бусдын өмнө сөгдөн хүсэлтээ илэрхийлэх нь байтугай, хариуцлагатайхан шиг уучлал хүсэхийг ч дорой явдал гэж үзэх болсон. Гэтэл О.Гэрэлт-Од харин ч энэ мэтийн “хувийн бардам зандаа хүлэгдсэн”, “нэр хүндийн довоо сахисан” арчаагүй нэгэн биш байж таарав. Тэр өөрийгөө ихэд бодож, өргөмжилж, хамартаа орчин цагийн их зангийн арчдас нялсан залуучуудаас их өөр хүн юм. Түүнээс өөр хүн байсан бол тэнд нэгэн залуу хэлмэгдэн хохирч, тэвхдүүлэн борхирч, тэмцээн уралдаанд орох эрхээ боогдуулахыг тэгтлээ ч анзаарах албагүй бөгөөд анзаарсан ч өмнөөс нь “хөлөө хугачиж”, хүндээ унагаж, өвдгөө нугалах байсан эсэхэд эргэлзэнэ. Яг үүн шигээ залуу хүн бүрийн өмнөөс сөгдөх, сөгдөөд болохгүй бол сөрж босох тэнхээтэй яваарай, залуус минь.
Д.Бат-Ирээдүй


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ