Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүлж буй “Цахим шилжилт, хамтын шийдэл ” аяны хүрээнд өнөөдөр /2021.09.23/ дүүргийн нутаг дэвсгэрийн 2022 оны газар төлөвлөлтийн талаарх хэлэлцүүлэг боллоо. Энэхүү арга хэмжээг дүүргийн газар зохион байгуулалтын албанаас санаачлан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон хороодын засаг дарга нарыг хамруулан зохион байгуулав.
Энэ үеэр газрын кадастрын мэдээллийн сангийн цахим системийн нэвтрэлтийн талаар Газар Зохион Байгуулалт Геодези, Зураг Зүйн газрын кадастрын хэлтсийн дарга Б. Баянтүмэн, Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б. Баттулга нар төлөөлөгчдөд танилцууллаа.
Мөн дүүргийн хэмжээнд үүсч буй газрын зөрчил, маргааныг бууруулахад хэрхэн хамтран ажиллах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрхэн баталдаг талаарх ерөнхий мэдээллийг иргэдэд цахим хэлбэрээр түгээх зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэв.
Тодруулбал, иргэдийн дунд газрын үйлчилгээтэй холбоотой асуудлаар бухимдал үүсдэг нь энэ оны газар төлөвлөлтийн талаарх мэдээлэл дутмаг байгаагаас болдог. Учир нь 2022 оны газар төлөвлөлтийг 2021 онд баталдаг ба иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг тухайн онд багтан төлөвлөгөөнд тусгаснаар газрын нийтлэг маргаан, зөрчилтэй холбоотой асуудлуудыг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэх боломжтой байдаг. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгээр 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрхэн зөв, зохистой батлах талаар зөвлөлдөж байгааг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаан хэллээ.