Хархорин суманд хүнсний ногоо тариалах хүсэл сонирхолтой ахмадууд нэгдэж, “Баяншанх” бүлийг байгуулан 0.3 сот газарт тариалалт хийж байна. Ч.Чулуундорж ахлагчтай тус бүлд Ч.Пагамсүрэн, О.Доржпалам, Ц.Таня, М.Тунгалаг, Т.Лхам нарын ахмадууд багтах бөгөөд 78 настай А.Сэрээтэр гуай хамгийн ахмад гишүүн ньаж.
Тэд өнгөрсөн жилийн 8 дугаар сард тарьсан өнжмөл сонгиноо хавар эрт 5 дугаар сард хураан авч, орон нутгийн бөөний төвд борлуулсан нь хэрэглэгчдэд эрэлт их байсан тул энэ жил тариалалтаа нэмэгдүүлсэн байна. Хавар, зун, намрын улиралд халуун,хүйтэн, салхи шороог үл хайхран хөдөлмөрөөрөө хоршсон ахмадууд бүх төрлийн хүнсний болон нарийн ногоо тариалахын зэрэгцээ маалингын үр, булцуут цэцгийн цай туршиж тарьсан нь амжилттай ургаж, савлан худалдаанд гаргахад бэлэн болжээ.
Тус бүлийнхэн 2018 онд байгуулагдан анхны ургацаа тарьж байсан бол 2019 онд “Өв түншлэл” үзэсгэлэнд амжилттай оролцон саримсаараа тэргүүн байр эзэлж, шагналын мөнгөөрөө усалгааны асуудлаа шийдсэн бөгөөд энэ жил Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээрээ ногоо хатаагч төхөөрөмж авч сонгино, лууван, хүрэн манжинг хатааж савлаж борлуулахаар бэлтгэл ажлаа хангасан гэнэ.
Цаашид саримсны тариалалтын талбайгаа нэмэгдүүлэх, төмснөөс бусад хүнсний ногоогоо савлагаатай болгох зорилго тавин ажиллаж байна.