Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан багш, сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэндчилгээндээ,
"Хүн бүрийн хүсэн хүлээдэг эрдмийн баярын өдөр ирлээ. Энэ хичээлийн жилдБаян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуульд 25172 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролд 3128 хүүхэд суралцана.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдан сургалтыг танхимаар болон цахимаар хослуулан зохион байгуулахаар бэлтгэж байна.
Хүүхэд багачууд, оюутан сурагчид маань “Ковид-19” цар тахлын уршгаар анги танхимдаа суун суралцаж, хамтдаа хөгжилдөн тоглож чадалгүй хоёр жил шахам болжээ.Гэвч цар тахалтай дасан зохицон, сөрж, тэмцэж ажиллаж, амьдрах шалгуур бидний өмнө тулгарлаа.
Хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ нарийн чанд зохион байгуулан, баримталж чадвал анги, танхимаараа хичээллэх боломж улам л нээгдсээр байх болно.
Үүнд багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд манлайлан үлгэрлэж, үр хүүхдийнхээ эрүүл энхийн төлөө урьд урьдынхаас илүү анхаарал тавих цаг ирснийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Нэн ялангуяа хүүхэд бүрвакциныхаа бүрэн тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай байна.
Энэхүү тун амаргүй нөхцөлд хичээлийн шинэ жилээ эхлэх гэж байна. Гэхдээ бид аливаа бэрхшээл бүрийг даван туулж, үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй, сайн сайхан байлгахын төлөө хичээх ёстой, басхүү үүрэгтэй юм.
Манай аймгийн боловсролын тогтолцоо, арга барилд хийх шинэчлэл мөн энэ хичээлийн жилд шинэ шатанд гарах ёстой.
Сурагчдынхаа хичээлийн хоцрогдлыг арилгахаас эхлээд багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд бидэнданхаарах асуудал олон байна.
Цэцэрлэгт явалгүй 2 жил гэртээ өнжөөд сургуулийн босго шууд алхаж буй бяцхан үрс,үг холбож уншиж амжаагүй байтал дараагийн ангидаа элсэн орж буй хүүхдүүд, тооны хүрдээ мартчихсан бага ангийнханд маань хамгийн их тусламж хэрэгтэй. Тэд ах, эгч нараа бодвол найз нөхдийн хүрээлэлд орж амжаагүй учир тусгайлан анхаарах шаардлагатай гэдгийг онцолж хэлье.
Мөн Ковидын халдвар авч өвдсөн хүүхдийг хэзээ ч гадуурхаж болохгүй. Харин сэтгэл санааны дэмжлэг өгч, хурдан эдгэрэхэд тусалж, халуун дулаан сэтгэл гаргах ёстой юм.
Бид сурах арга барилдаа эрс шинэчлэл хийхгүйгээр цаашид ганц ч алхах боломжгүй гэдгийг энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт харуулсан.
Багш нарын заах арга барил, тэдний боловсрол мэдлэгийн төвшин, удирдан зохион байгуулах чадварт шалгуур тавьж, багш нараа чадавхжуулах нь эхний алхам гэж харж байна. Боловсролын шинэчлэлийг хийхийн тулдтодорхой шат дараалалтай, хүрэх үр дүн, арга замтай цогц төлөвлөгөөний дагуу ажиллах нь зайлшгүй юм. Алдаагаа бид хэрхэвч дахин давтаж болохгүй.
Хүүхдүүд та нар бол эх орны минь ирээдүйн хөгжлийг түүчээлэх эрхэм үүрэг хүлээсэн эзэд билээ.
Боловсролтой мэдлэгтэй байхаас гадна ёс зүйтэй, хүнлэг, шударга иргэн байх нь хамгийн чухал юм. Тиймээс үүх түүхээ судлан суралцаж, эцэг дээдсээ хүндэтгэн хайрлаж, байгаль дэлхийгээ шүтэн биширч, дэлхийн хөгжлийн эрин зуунтай зуузай холбон явахыг хүсч байна.
Эрдмийн их хязгааргүй далайд суралцах Та бүхний минь зам дардан байж, хүсэл тэмүүллийнхээ төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж яваарай.
Өлгий нутгийн цог золбоот охид хөвгүүд болон эрдэмт багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе" хэмээжээ.