Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдыг Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэлээ.
Зэвсэгт хүчний Хамгаалалтын ротын XII, XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ИБНАУ-д олон үндэстний “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж байгааг хэллээ. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд цэргийн багууд ИБНАУ-д үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ анх удаа гадаадын цэргүүдийг нисдэг тэрэг, их бууны чиглэлээр сургаж дадлагажуулсныг онцлон тэмдэглэв. Алба хаагчдын хуримтлуулсан цэргийн хээрийн дадлага, ажиллагааны туршлага Зэвсэгт хүчний хөгжилд ихээхэн дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Цагийн байдал болон цаг агаарын хүнд нөхцөлд ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр жишээ үзүүлсэн цэрэг эрс, тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд талархал илэрхийллээ.