Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш эмнэлгүүд ор дэлгэж, коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж байна. Энэ удаа бид Коронавирусийн эрчимт эмчилгээний сэхээн амьдруулах тасаг болон тусгаарлан эмчлэх хэсэгт уушгины эмчээр ажилласан УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн уушгины эмч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.-Сайн байна уу. Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүст гарч буй зовуурь, хүндрэлийн талаар ярилцлагаа эхлүүлье?
-Сайн байна уу. Коронавирусийн халдвар дэлхийд тархаад аль хэдийн хоёр жил өнгөрч, дэлхий даяар өнөөдрийн байдлаар 191 сая хүн өвчилсөн байна. Өнгөрсөн хугацаанд дэлхий даяар эрдэмтийн баг зогсолтгүй судалгаануудыг хийсээр ирсэн бөгөөд эдгээр судалгааны ажлуудын үр дүнгүүд нэмэгдэж тус өвчний талаархи мэдлэг, мэдээлэл өсөн нэмэгдэж байна. Энэ өвчнөөр өвчилсөн иргэд хэдий хугацаанд үргэлжлэн зовуурьтай байдаг вэ, зовууриуд хэр хугацаанд үргэлж байна вэ гэх мэт маш олон судалгаанууд хийгдэж байна.
Их Британи, АНУ, ДЭМБ-аас гаргаж байгаа зөвлөгөөнүүдэд нэгдсэн тодорхойлолт байхгүй ч вирусийн халдвар оношлогдсоноос хойшхи хугацаанаас нь хамаарч цочмог ковидын үе, цочмогдуу үе, ковидын халдварын архаг хам шинж хэмээн ангилж байна.
Уг өвчний хүнд хэлбэрээр өвчилж зарим эд эрхтэнүүдэд эргэшгүй өөрчлөлт орсонтой холбоотойгоор соривжилт үүссэний дараа гарсан өөрчлөлтөөс шалтгаалсан үргэлжилсэн зовуурь илэрч байгаа тохиолдлуудыг хамааруулж үздэг. Судалгаануудад нийт Ковид-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн 1/3 орчимд нь үргэлжлэн хүндээс хөнгөн хэлбэрийн зовууриуд илэрч байна. Эдгээр зовууриуд нь мэдрэл сэтгэцийн, амьсгалын эрхтэний, зүрх судасны эрхтэн тогтолцоо, цусны бүлэнгийн хүндрэлүүд зонхилон тохиолдож байна.
Мэдрэл сэтгэцийн зовуурьт зан төлөвийн өөрчлөлт, танин мэдэхүйн алдагдал буюу аливаа зүйлийг бодож сэтгэх, ухаж ойлгох чадвар удаашрах, амьсгалын эрхтэн талаас удаан хугацаанд үргэлжлэх цээж давчдах, амьсгаадах, бүрэн амьсгал авч чадахгүй байгаа мэт санагдах, уушгины ямарваа нэг вирусийн халдварын дараах гаралтай өөрчлөлттэй холбоотойгоор удаан хугацаанд хий ханиалгах шинж тэмдэг илэрч байна.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны хувьд цээжээр өвдөх, хөндүүр оргих, урт амьсгалахад цээж хөндүүрлэх, зүрх орчимд хөндүүрлэх, зүрх дэлсэх, хэм алдах, шинжүүд илэрдэг.
Харин цусны бүлэнгийн хүндрэл нь судасны хөлийн судасны өргөсөлттэй, хавдартай хүмүүс, эсвэл аливаа нэг эд эрхтэнд нь суулгац байршуулсан буюу судсанд стент байрлуулсан, диализд ордог судасны суулгацтай, судас орлуулах мэс засалд орсон иргэд, зүрхний хэм алдагдалтай иргэдэд илүү тохиолдож байна.
Ковид-19 халдвараар хүндээр өвчлөөд эдгэрсэн хүмүүст урт хугацааны зовуурь ихээр илэрч байна
-Ямар хүмүүст зовуурь хамгийн ихээр илэрч байна вэ?
-Ер нь хүндээр өвдсөн хүмүүст урт хугацааны зовуурь ихээр илэрч байна.
Хүндээр өвдсөн хүмүүст амьсгалын эрхтэн талаасаа хүнд хэлбэрийн уушгины хатгаатай өвчтөнүүдийн 42-66 хувьд нь амьсгаадах, амьсгал давчдаж буй мэдрэмж төрөх, гүйцэт амьсгал авахгүй байгаа мэт болох зовууриуд сараас дээш хугацаагаар илэрч байгааг судалгаанд дурдсан байна.
Дээрх зовууриуд нь хэр их амьсгалын дутагдалтай байсан бэ, өвчтэй байх хугацаанд хэр их амьсгалын аппаратын дэмжлэгтэй байсан, хүчилтөрөгчийн эмчилгээ хэр их шаардлагатай байсан бэ гэдгээс илүүтэй хамаарч байна гэсэн үр дүн дэлхий нийтэд судалгаагаар гарсан. Эрчимт эмчилгээнд амьсгалын аппаратанд орж эмчлүүлсэн удаан хугацаанд амьсгалын аппараттай байсан 1800 орчим өвчтөний 52 хувь нь бүрэн эдгэж амьсгалын дутагдалгүй хэвийн амьдралтай эргэж орсон бол 6.6-6.9 хувь нь үргэлжилсэн хүчилтөрөгчийн дэмжлэг нэмэлтээр зайлшгүй шаардлагатай үлдэж байна гэсэн судалгаанууд мөн нийтлэгджээ.
Мөн бүлэнгийн хүндрэл үүсэх байнгын эрсдэлтэй бүлгийн иргэд буюу чихрийн шижин, зүрх судасны өвчтэй иргэд цус шингэлэх эмийн эсрэг заалтгүй бол 1-6 сарын хугацаагаар уух шаардлагатай. Учир нь эдгээр хүмүүст тархины цус харвалт, зүрхний шигдээс болж бөглөрөх эрсдэлтэй байдаг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдийн 20 орчим хувьд нь цээжээр өвдөх зовуурь илэрсэн байна, тав орчим хувьд нь зүрх дэлсэх зовууриуд удаан хугацаагаар үргэлжлэн илэрсэн.
Энэ нь халдварын үед вирус цусаар эргэлдэх явцдаа зүрхний булчинг гэмтээсэн гэсэн үг юм. Эмч үзээд эдгээр өөрчлөлтүүд нь ноцтой байна гэж үзвэл эмчилгээ хийлгэх шаардлагатай.
-Ковидын халдварын хүнд хэлбэрээр өвчилсөн иргэд болон гэрийн хяналтанд байж байгаад эдгэрсэн өвчтөнүүд хэзээ хэрхэн эмчид хандах ёстой вэ?
-Хэрэв өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээс гарах үед нь эмч нь давтан үзлэгт хэзээ хамрагдахыг нь хэлж зөвлөдөг. Тухайн хүний хэр хүнд өвдсөнөөс шалтгаалан 7-21 хоногийн дараа цээжний зураг авахуулж, эмчдээ үзүүлээд биеийн байдлаа нягтлуулах шаардлагатай. Яагаад заавал эмчийн үзлэгт давтан үзүүлэх шаардлагатай вэ гэхээр зарим хийгдсэн судалгаануудад дээр хөнгөн хэлбэрээр өвдсөн ч гэсэн 30 орчим хувьд нь өөрчлөлттэй, хатгааны нэвчдэс нь бага хэмжээтэй ч гэсэн үргэлжилэн гүйцэд шимэгдэлгүй байгаа тул үүнийг нягтлахын тулд дээрх цээжний зураг авахуулах болон эмчийн үзлэгт хамрагдахыг зөвлөж байгаа юм.
Тэгэхээр та өвдөөд 10 хоногийн дараа халдвар тараах эрсдэл нь буурсан гэж үзэж үүнээс цааш 4-7 хоног ажиглан түүнээс хойш боломжтой бол уушгины эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Заавал биеэр очиж үзүүлэхгүйгээр телемедицин буюу утсаар зөвлөгөө авах, мөн зарим эмнэлэгт дүрсээ харж зөвлөгөө мэдээлэл өгдөг бөгөөд уг үйлчилгээг сонгож болно. Мэдээж эмчтэй ярилцах явцад эмч нэмэлтээр цусны шинжилгээ өгч үрэвсэлийн идэвхийг хянах шаардлагатай, зураг авахуулах зөвлөмж өгвөл эмчийн өгсөн зөвлөмжийн дагуу арга хэмжээг авах шаардлагатай. Ялангуяа хавсарсан эмгэгтэй хүмүүст зовиур нь урт хугацаанд үргэлжлэх нь элбэг учир эдгээр өвчтөнүүд өөрийн архаг өвчнийг хянахаас гадна ковидын дараа тухайн эрхтэн тогтолцоонд үрэвсэл үүссэн эсэхийг хянах шаардлагатай.
Судалгаанаас хөнгөн өвчилсөн хүмүүсийн 25-60 орчим хувьд нь гуурсан хоолойн тэлэгдэл, архаг үрэвсэлийн үлдэгдэл буюу соривжилт, наалдац их, бага хэмжээгээр уушгинд үлдсэн байгаа нь нотлогдсон.
Тиймээс эдгээр хүмүүст уушгины үйл ажиллагааг нөхөн сэргээх эмчилгээг түлхүү хийх шаардлагатай. Үүнд дасгал хөдөлгөөнийг хөнгөнөөс нь хүндрүү аажмаар өөрт зовиургүй байдлаар дасгаж хийх, мөн эмчийн үзлэгээр нэмэлтээр бичиж өгсөн эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатай.
-Халдвар авсан хүмүүсийн хувьд бусдад халдаачих вий, хүүхдүүд минь л халдвар аваагүй байгаасай гэх бодолд автаад үүнээсээ болоод сэтгэл гутралд өртөх нь тохиолдол багагүй ажиглагдаж байна. Энэ талаар.
-Тэр үнэн. Нийт халдвар авсан иргэдийн 30-40 хувьд сэтгэл түгшилт хэлбэрийн мэдрэл сэтгэцийн өөрчлөлт бүртгэгдсэн. АНУ-д өмнө нь ямар нэгэн мэдрэл, сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй 44,500 орчим хүнийг хамруулсан судалгаанд тус халдвар тусаад эдгэрсэнээс хойшхи 90 дэх хоногт шинээр сэтгэцийн өвчин оношлогдсон байдлыг танилцуулсан. Сэтгэл түгшилийн эмгэг шинээр оношлогдсон тохиолдол 5.8 хувь байсан байна. Зан төрхийн өөрчлөлт буюу уур уцаартай болсон, догширсон, тунимхай болсон, дуугай хураасан, гомдомхой болох гэх мэт нь нийт өвчтөнүүдийн хоёр хувьд шинээр илэрсэн бол 1,9 хувьд нь шинээр нойргүйдэх зовуурь илэрсэн. Харин 65-аас дээш насны хүмүүсийн 1.6 хувьд нь зөнөгрөлийн шинж тэмдэг илэрсэн.
-Коронавирусийн халдвар нь уушгийг маш их гэмтээдэг нь тогтоогдсон. Тэгэхдээ хүмүүс уушгийг 30 минут болоход л эрүүлждэг, цэвэршдэг гэж ярьдаг. Энэ талаар?
-Хүн цэвэр агаараар амьсгалж байгаа тохиолдолд уушгины хийн солилцоо буюу уушгинд байдаг агаарын хэсэг солилцоод цэвэршиж байдаг. Гэтэл коронавирусийн халдвар авсан, үрэвслийн нэвчдэс хатгаатай хүн хэзээ ч тэгж чадахгүй.
Уушгины хатгаа гэдэг нь цусны хийн солилцоо явуулж байгаа цусыг хүчилтөрөгчжүүлэх эрхтэн болох уушгинд вирусын болон бактерийн гаралтайгаар үрэвслийн шингэн нэвчдэс үүсч тухайн хэсгийн үйл ажиллагааг алдагдуулснаар амьсгалын дутагдалд хүргэдэг.
Хатгаа нь хүнд буюу хоёр уушгинд зэрэг үүсч уушгины амьсгалд оролцож буй олон эд эсийг гэмтээгээд ирэхээр хүчилтөрөгчөөр хангах талбайн хэмжээ буурсантай холбоотойгоор амьсгалын хурц дутагдалыг үүсгэдэг. Хүнд хэлбэрийн хатгааны дараа уушгины өвчилсөн хэсэгт соривжилт, наалдац үүсдэг бөгөөд нөхөн сэргэх хүртэл тодорхой хэмжээний хугацаа шаарддаг.
Хатгаа өвчинтэй үрэвсэл үүссэн тохиолдолд хамгийн багадаа 7-10 хоногийн эмчилгээ шаардлагатай.
Ялангуяа, уушгины талбайг ихээр хамарсан, хоёр талын уушгиндаа хатгаатай, амьсгалын дутагдалтай тохиолдолд үргэлжлэн 1–2 сарын хугацаанд эмчилгээг шаарддаг. Энэ хугацаанд үрэвслийн шингэн хэсэг нь шимэгдэж дуусна. Уушгины үрэвслийн дараа хэр их соривжилт үлдэцтэй байх зэрэг нь удаан хугацааны эмчилгээний дараа харагддаг, мөн нэмэлтээр нөхөн сэргээх эмчилгээ хийдэг.
-Коронавирусийн эмчилгээнд хамгийн их хэрэглэгдэж байгаа D,С витаминий талаар?
-Уг хоёр витамин нь хүний биеийн судасны нэвчимхий байдлыг бууруулж өгдөг, мөн дархлааны тогтолцоог дэмжиж байдаг. Ийм учраас тухайн хүмүүсийн суурь дархлааны тогтолцоог дэмжих зорилгоор өгч байгаа.
Архаг уушгины суурь эмгэгтэй хүмүүсийн цусан дахь витамин Д-ийн түвшин хэвийн хэмжээнээс бага байх нь хүнд хэлбэрийн коронавирусээр өвдөх үндэс болж байна.
-Коронавирусийн халдвар аваад уушгины хатгаатай болоод эдгээд гарч байгаа хүн байгаа байх. Эдгээр хүмүүс гэртээ очоод гэрийн ямар дэглэм сахих ёстой байдаг вэ?
-Их хэмжээний хатгаатай ийм хүмүүсийг эмнэлэг буцаахгүй. Амьсгалын дутагдалтай, архаг амьсгалын дутагдалтай биш бол хянаад, цээжний зураг дээр нэвчдэст өөрчлөлт багассан сайжралтай бол үргэлжлүүлэн гэртээ хянаж эмчилгээг үргэлжлүүлж байгаа. Гэрээрээ, архаг суурь өвчтэй ийм хүмүүс бол дахин ирж хянуулж байгаа. Эхний үзлэгийг нь эмнэлэгт, эмч нарт ч юм уу, гэрийн тандалтын баг, түр байгуулсан эмнэлгүүдэд үзүүлээд, зураг аваад, цусны шинжилгээ дээр өөрчлөлтгүй бол дахиад хэд хоног ажиглая, зовиур нэмэгдвэл буцаад ирээрэй гэх зэргээр хянана. Харин үнэхээр их зовиуртай хатгааны өөрчлөлт их, хүмүүсийг бол гэрээр эмчилнэ гэсэн ойлголт бараг байхгүй.
-Эмнэлгээс гараад хэвийн амьдралдаа шилжсэн хойноо уушгиа яаж дэмжих вэ?
-Амьсгалын дасгалууд хийх хэрэгтэй. Уушгины багтаамжийг тэлэх үлээх, уртаар амьсгалаа түгжих, хэрвээ давчдахгүй бол аажим дасгаж дасгалын эрчимийг нэмэгдүүлж ачаалал даах чадварыг сайжруулах дасгалыг хийдэг. Амьсгалын дутагдалтай хүмүүс эхлээд 1–5 минутын хугацаанд хийгээд, давчдах, амьсгаадах зовиур байвал түр амарна. Тэгээд үргэлжлүүлээд ийм дэмжих дасгалуудаа хийж эхэлдэг. Цааш цаашдаа хүмүүсийн ярьж байгаа иогын дасгал, мөн хөнгөн өвдөөд эдгэсэн хүмүүс хөнгөн атлетикаар хичээллэх хэрэгтэй. Тухайн хүн маань чихрийн шижинтэй эсвэл элэгний хатууралтай, бөөрний дутагдалтай ч юм уу онцгой хоолны дэглэм барих шаардлагагүй бол илч тэжээллэг сайтай, амархан шингэдэг, хурц шарсан, хуурсан, амтлагч ихтэй биш л бол ердийн хоолыг хорихгүй. Чихэрлэг, олон амтлагчтай хоол их идэхээр суурь харшлыг сэдрээхээс гадна ханиалгах зовиурыг нэмэгдүүлдэг.
Үүнээс гадна агаар салхинд байх нь илүү зохимжтой. Дээрээс нь, эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс хол биш бол амьсгалын дутагдалтай хүмүүс маань бөгчим, тоосжилт ихтэй орчинд биш цэвэр агаарт байх нь зөв. Цэвэр агаарт гар гэхээр хүйтэн сэрүүнд даарч хөрөөд, бороонд нороод яв гэсэн үг биш, тохиромжтой хэмжээгээр зуслан, лагертаа байж байгаад буцаж ирж болно.
Ярилцлага өгсөнд баярлалаа.