Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргасан судалгаагаар бэлчээрийн доройтлоос шалтгаалан нэг малчин өрх жилд 1,8 сая төгрөгийн орлого олох боломж алджээ.
Өнгөрсөн жилийн аймгийн бэлчээрийн дундаж аж ахуйн ургацаар нэг га талбайд 3.7 центнер байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний төв тогтоосон байна. Бэлчээрийн энэ төлөв байдлыг нэг хонин толгойд шаардагдах талбайгаар тооцож үзвэл 1.57 га болж, бэлчээрийн даац 3.8 дахин хэтэрч, бэлчээр дэх тэжээлийн хангамж 26.4 хувь болж буурсан нь мал сүргийн онд оролт, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ буурах үндсэн шалтгаан болж байна. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаагаар бэлчээрийн даац хэтэрч, ургамлын зүйлийн бүрдэл хомсдож, ургац багассанаар бог малын дундаж амьдын жин 14-16 кг-аар буурсан үзүүлэлт байна.
Тус аймгийн малчид жилд дунджаар 129.2 мянган бод, 873 мянган бог мал зах зээлд борлуулдаг. Зах зээлийн дундаж ханшаар тооцвол жил бүр 16.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого алдагдаж, нэг малчин өрх 1,884 мянган төгрөгийн алдагдалд орж байгаа гэсэн тооцоо гарч байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар дүгнэж байгаа юм.
2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 3,395.9мянган толгой мал тоологдсон нь хонин толгойд шилжүүлснээр 100 га бэлчээрт 244.4 толгой мал ногдож байгаа нь улсын дунджаас 5.9 дахин их байна.