Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж оторт байгаа малчдаа эргэж явна. Тус аймаг 6546 малчин өрх, 2.8 сая толгой мал сүрэгтэй. Манай аймгийн 107 өрхийн 63000 гаруй мал сүрэг өөр аймагт оторлож байгаа. Ийм амаргүй цагт аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүний эмч, малын эмч нарын хамтаар оторчдоо эргэж явна. Цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан эхний ээлжинд Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн нутагт оторлож яваа малчин өрхийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсож байна. Цогт-Овоо сумын малчин Х.Бямбацогтынх гэхэд өнгөрсөн жилийн 10 сард нутгаасаа гарсан, сумаасаа хамгийн хол оторлож яваа юм.
Тэрээр Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт зусаж байна. Х.Бямбацогт эмч нар явж буйд талархлаа илэрхийлж, шаардлагатай эм тариа, эмчилгээгээ заалгаад авчээ. Тэрээр сум сууринаас хол учраас тэр бүр мал сүргээ орхиод явж болохгүйн дээр цар тахал гээд явж чадахгүй ийм цагт малчид, оторчдоо эргэж төрийн үйлчилгээг малчны хотонд хүргэж буйд талархаж байна гэлээ.