Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонез улсад талбайн теннисний 16 хүртэлх насны "Fed Cup" тэмцээнд оролцсон гурван охин дасгалжуулагчийнхаа хамт эх орондоо ирж чадалгүй 40 хонож байна. Тэдгээр охидын аав ээж нар охидоо авчрахад тусламж хүсэж УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өчигдөр захидал хүргүүлжээ.
"Тусгай нислэгээр охидоо ирүүлэх бүхий л боломжийг хайсан ч Истанбулаас ирэх нислэгт багтаагүй. Токиогоос ирэх зорчигчдын жагсаалтад багтсан ч охидын маань нэрс хасагдсан" гэж захидалд өгүүлжээ.
Тамирчин Ч.Маралгоо, Х.Номин Г.Есүгэн нар хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн дээрх тэмцээний эхний тойрогт Гуам улсын багийг 3-0-ээр хожсон байна. Гэвч шинэ коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас тэмцээн зогсжээ.
Өнөөдрийн 13.30 цагийн байдлаар, Индонез улсад шинэ коронавирусээр 1528 хүн өвчилж, 136 хүн амиа алдаж, 81 хүн эдгэрчээ.
Охид хариуцаж явсан дасгалжуулагчаас өөр харгалзах хүнгүйгээр харийн нутагт гацаад буйд эцэг эх нь санаа нь зовниж, Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хандаж захидал бичсэнийг уламжилж байна.
С.МөнхбаатарЭх сурвалж: Монцамэ агентлаг