Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Түмэндэмбэрэл: Улсын наадмын үзүүр түрүүнд үлдэх сэн гэсэн мөрөөдөлтэй явдаг


Булган аймгийн Орхон сумын харъяат даншигийн заан, аймгийн арслан, ХХЕГ-ын харьяа “Хилчин” спорт хороо, хилийн цэргийн 0208 дугаар тусгай ангийн ахлагч, “Булган хан” дэвжээний “Кардешн” ХХК-ийн бөх Б.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа. Түүний уран барилдаан бөх шимтэн  үздэг түмний сонирхлыг татдаг, улсын цолд ойрхон бөх хэмээн нэрлэдэг билээ.
 
-Булган хангай нутаг олон сайхан хүчтэнтэй. Төрсөн нутгаасаа түүчээлэн гарч  буй идэр залуу хүчтэнүүдийн нэг нь та. Тиймээс  таны удам судраас тань ярилцлагаа эхлэе? 
-Тийм ээ, Булган аймаг гэхээр хамгийн түрүүн айраг л санаанд буудаг. Тэр тусмаа хүний өсөж төрсөн нутаг юу юунаас илүүтэй сайхан.
Манай сум уул ус нь жигдэрсэн сайхан нутаг. Хөл хорионы үед нутагтаа бэлтгэл сургуулилтаа хийж байна. Сумын маань төв Орхон голынхоо хөвөөн дээр оршдог. Улсын цолтой бөхчүүд ч бишгүй төрсөн. Тухайлбал, улсын заан М.Гомбодорж, харцага Ж.Бор, аймгийн хурц арслан Пүрэвдорж гэсэн хүчтэн бий. Харин миний хувьд айлын том хүүхэд дороо хоёр дүүтэй. Манай аав ээж хоёр хоёулаа бөхийн удамтай. Аавын аав нь аймгийн хурц арслан хүн байсан. Харин ээжийн ах нь сумын заан цолтой, чөлөөт бөхийн залуучуудын улсын шигшээд барилддаг байсан гэнэ лээ.
 
-Та багадаа өөр мэргэжилтэй болох тухай мөрөөддөг байв уу? 
-Хүүхэд байхдаа уул уурхайн инженер болно гэж боддог байлаа. Энэ мөрөөдөл маань том болох тусам өөрчлөгдсөн л дөө. Учир нь хөдөөний хүүхэд бид үе тэнгийн хүүхдүүдтэйгээ барилдаж ноцолдож өсдөг миний барилдахыг харсан  нутгийн хүмүүс бөх болно шүү, сайн бөх болно гэж хэлдэг байсан нь намайг бөхөд дурлуулсан. Түүнээс болсон юм уу бөх болох ёстой юм байна гэсэн бодол суусан юм шиг байналээ. Харин миний эзэмшсэн мэргэжил гэвэл Батлан хамгаалахын их сургуулийг төрийн захиргаа, удирдлагаар төгссөн.
 
-Та хэзээнээс эхэлж бөхөөр хичээллэх болов? 
-Хүүхэд байхаасаа л самбо, жүдо бөхөөр барилддаг байсан. Анхны медаль авч байсан минь огт мартагддаггүй. Арван жилийн сурагч байсан учир сэтгэлд тод байдаг байх. Нэг өдөр аав минь сургууль дээр ирээд хичээлээс чөлөө аваад барилдуулна гээд дагуулаад явлаа. Тухайн барилдаан нь манай аймагт зохиодог байсан аймгийн хурц арслан А.Ганболдын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах барилдаан байв. Тус тэмцээнд медаль авах үгүйгээ мэдэхгүй барилдаж хамгийн анхны мөнгөн медалиа хүртэж их баярлаж байлаа. Түүнээс гадна өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд орж байсан. Харин үндэсний бөхөөр дагнаж бэлтгэл сургуулилтыг 2010 оноос хойш хийж эхэлсэн дээ.
 
-Сумын заан цолыг хэзээ хүртэв? 
-Сумын заан цолыг Орхон сумандаа 2012 онд хүртсэн. Өмнөх жил нь буюу 2011 онд сумынхаа наадамд түрүүлнэ гэсэн зорилго тавиад түрүүлж чадаагүй их харамсаж байлаа. Миний бодлоор сумын заан цол хамгийн хайрламаар сайхан цол шиг санагддаг. Учир нь улсын аварга, арслан цолтой хүмүүсийн хамгийн анхны цол нь ихэвчлэн сумын начин, заан байдаг. Үүнээс гадна бөхийн өргөөнд зохиодог сумын заан цолтой бөхчүүдийн барилдаан үнэхээр үзүүштэй, түргэн шуурхай, уран хурц өрсөлдөөн ихтэй барилдаан гардаг тул үзэгчид илүү сонирхож үздэг байх. Би сумын заан цолтой барилддаг байхдаа тэр барилдаанд гурван удаа түрүүлсэн.
 
 
 
Э.Сумъяабат арслан бид хоёр багаасаа найзалсан нэг сум, нэг багийн хоёр нэг жил сумын заан болсон. Мөн нэг жил аймгийн арслан болсон нь бид хоёр хамт байх ёстой юм шиг байгаа юм.
 
 
 
-Та даншигийн заан цолтой бөх. Энэ наадмын барилдаанаа эргээд нэг дурсвал? 
-2016 онд даншигийн заан болж байлаа. Тэр наадамыг сайхан наадам болсон гэж боддог. Учир нь даваа болгон нь сугалаагаар барилдсан. Дээр үеэс л даншиг наадамд манай Булганы бөхчүүд их сайн барилддаг байсан юм билээ. Тухайлбал, даншигийн аварга Намхай, Лувсанжамбаа гэсэн ах дүү хүчтэн байсан. Тиймээс тэр юм уу тухайн жилийн наадам манай аймгийн бөхчүүдэд их ээлтэй болж өнгөрсөн. Би тухайн наадмаар тав давчихаад их баярласан. Учир нь тавын даваанд  Б.Суманчулуун ахтай таарч барилдаад давж байсан. Бид хоёрын барилдаан их сонирхолтой болж байлаа. Би ардаа алдчихаад уначихлаа л гэж бодсон. Тэгсэн чинь барилдааны явцад би ширвээд давсан. Харин зургаагийн даваанд  Д.Тогтохжаргал арслантай таарч барилдаад давсан. Долоогийн даваанд Говь- Алтай аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан гээд үеийнхээ сайн залуугаар давж үзүүр түрүүнд үлдсэн. Үзүүр түрүүнд Р.Пүрэвдагва арслантай барилдаад өвдөг шороодсон. Ер нь том жижиг гэлтгүй бүх наадамд ижилхэн бэлтгэл хийсэн бөхчүүдтэйгээ барилдаад үзүүр, түрүүнд үлдэнэ гэдэг сайхан л даа. Учир нь тухайн барилдаан бүхэн онцлогтой. Тэр тусмаа улсын наадамд ч төрийн наадмын үзүүр, түрүүнд үлдэж тэр торгон мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг. Мөн Булган аймагтаа хоёр үзүүрлэж заан цолоо батласан. Мөн бүх цэргийн наадмаар нэг үзүүрлэсэн. Сүүлдээ хүмүүс намайг “зааны набор” гэдэг болсон. Энэ нэрэндээ их дуртай. Учир нь улсын заан цол авахыг бэлгэдсэн юм болов уу гэж боддог. Миний хүрэхийг хүсдэг цол улсын заан. Ер нь ямар ч цолтой байсан түүндээ дүүрэн байх сайхан.
 
-Э.Сумъяабат арслан та хоёр их сайхан нөхөрлөдөг. Харин дэвжээн дээр хэд таарч барилдаж байв? 
 -Тэгэлгүй яах вэ. Э.Сумъяабат арслан бид хоёр багаасаа найзалсан нэг сум, нэг багийн хоёр нэг жил сумын заан болсон. Мөн нэг жил аймгийн арслан болсон нь бид хоёр хамт байх ёстой юм шиг байгаа юм. Найз нөхөд, хүмүүс амжилт үзүүлэх тусмаа бие биедээ илүү түшиг тулгуур болж явах ёстой юм болов уу гэж боддог. Нөхөрлөлийн үнэ цэн үүнд байдаг байх. Харин дэвжээн дээр бид хоёр олон таарч барилдсан. Тоолж үзээгүй, унаж даваад л явдаг. Т.Өсөх-Ирээдүй харцагын нэг нэвтрүүлэг байдаг шүү дээ. Харцага “Биеэрээ ч бөх, билэг оюунаараа ч бөх байх ёстой” гэж хэлдэг, үүнтэй санал нийлдэг.
 
-Бөх сонирхогчид таныг багшийнхаа мэхийг их сайн хийж барилддаг бөх гэдэг. Таны барилдааны онцлог юу вэ? 
-2011 онд улсын заан Д.Баасандорж багштайгаа уулзаж шавь нь болж байсан. Одоо ч удирдлаганд нь бэлтгэлээ хийж байна. Багшаасаа дэвжээний ах нараасаа үлгэр дууриал авдаг. Харин миний барилдааны онцлог гэвэл цуцаа багатай хутгах, мушгих, тонгорох, хагалж өшиглөх мэхийг голчлон хийдэг. Барилдааны тал баруун.
 
-Мэдээж бөх хүнд олон наадмын барилдаан нь сэтгэлд үлддэг байх. Харин түүний дотроос хамгийн их хүч шавхсан барилдаанаа дурсвал? 
-Тэгэлгүй яах вэ. Бөхчүүд бид барилдаан бүрээсээ сургамж авч үлддэг. Хамгийн хүч шавхсан барилдаан бол 2018 оны аймгийн арслан болдог жилийн наадам. Тус наадмын үзүүр, түрүүнд энэ зун улсын харцага цол хүртсэн Б.Зоригтбаатартай таарч барилдсан. Тухайн барилдаанд би эрхий хуруугаа тулгачихаад өрсөлдөгч бөхөө барьж авч чадахгүй байсан. Өвчтэй гартаа баахан хөлдөөгч цацаад барилдсан. Дотроо түрүүлж чадахгүй нь дээ гэж бодоод бараг нулимс гарах гээд байсан шүү. Тэгээд сэнжиг атгачихаад тавихгүй байж байгаад хонгодоод давж байсан. Хүн өөрөө хүсвэл юу ч хийж чаддаг юм байна гэж бодож байлаа.
Харин жаахан харамсалтай нь өнгөрсөн жилийн хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Т.Довчинсэмбээ арслантай хийсэн барилдаан. Би жаахан хариуцлагагүй барилдсан. Хөдөлмөрөө үнэлэх барилдаан дээр хариуцлагагүй барилдсандаа харамсдаг. Аливаа юм цаг хугацаатай шүү дээ. Цаг нь болоогүй байсан юм байлгүй гэж бодсон. Ер нь спортоор хичээллэх их тэвчээр, хатуужлыг, ах захаа хүндлэх юманд хүлээцтэй хандах буруу муу зуршлаас хол байх гээд олон ач тустай гэж боддог. Мөн бие бялдартай болно. Энэ жил түүхэн ойтой болохоор хариуцлагатай барилдана гэж бодож байна.
 
-Залуу бөхийн хувьд өнөөдрийн бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ? 
-Бэлтгэл сургуулилт барилдаан гээд ярих юм бол одоо мэргэжлийн түвшин рүү явж байна. Жилийн турш бөхчүүд байнгын бэлтгэлтэй байна. Улсын болон сумын цолтой бөхчүүд ижил түвшний бэлтгэл хийж байна. Түүний хэрээр өрсөлдөөн бол үнэхээр өндөр түвшинд хүрсэн. Үүнийгээ дагаад бөхийн холбоо менежмент тал дээрээ анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Тухайлбал сүмо энэ тэр шиг барилдаан дээр бооцоо тавьдаг ч юм уу тэрнээсээ бөхчүүдэд тодорхой хувь өгдөг ч юм уу тиймэрхүү байвал илүү сонирхолтой байна байх. Зарим хүний бодож байгаа  шиг олон өрөө байранд амьдраад, үнэтэй машин унаад байх нь ховор. Тийм нэг цөөхөн хэсэг байдаг байх. Гэвч бүгд тийм биш.
 
 
А.ДоржхандЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ