Улиастай суманд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хатуу хөл хориог үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
-“Тосонцэнгэл суманд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр 23.00 цагт хуралдсан аймгийн Шуурхай штабын хуралдаанаар Улиастай сум дахь тэг зогсолтын хугацааг үргэлжлүүлэхээр болсон. Түүнчлэн Улиастай суманд батлагдсан тохиолдлын дам хавьтлын 300 иргэнд өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ. Шинжилгээ хийх явуулын таван баг 10.00 цагаас 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Харин аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчлүүлж буй 10 иргэний биeийн байдал хэвийн байна” гэв.