Словакийн шадар сайд, Эдийн засгийн сайд Рихард Сулик Оросын "Спутник V" вакцины худалдан авалтаас үүдэлтэй засгийн газрын хямралын улмаас огцрох өргөдлөө өгчээ.
Одоо Словакийн Ерөнхий сайд Игор Матович ч албан тушаалаасаа огцрох ёстой, үүний дараа шинэ засгийн газар бүрэлдэх боломжтой гэж Сулик мэдэгджээ.
Өмнө нь Словакийн Ерөнхий сайд Игор Матович эрх барих эвслээ аврах, Засгийн газрын хямралыг шийдвэрлэхийн тулд албан тушаалаа огцрохыг зөвшөөрч байсан юм. Тэрбээр албан тушаалаасаа огцроход бэлэн ч Засгийн газрын гишүүн хэвээр үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.
Түүнчлэн "Энгийн хүмүүс ба хараат бус хувь хүн" намтай хамтран эрх баригч эвсэл бүрдүүлдэг хоёр намын төлөөлөл болсон Эдийн засаг ба хуульзүйн сайд нарыг "нөхцөл байдлыг намжаахын тулд" албан тушаалаасаа огцрохыг Словакийн Ерөнхий сайд зөвлөж байсан юм.
Словакийн Засгийн газрын хямрал
Словакийн Ерөнхий сайд Игор Матович эрх баригч эвслийн түншүүдтэйгээ зөвшилцөлгүйгээр "Спутник V" вакциныг нийлүүлэх тухай гэрээг Оростой байгуулсан нь тодорхой болсны дараа дуулиан дэгдэж тус улсад Засгийн газрын хямрал нүүрлэжээ.
Европын холбоонд багтдаг энэ улс Европын холбогдох байгууллагаас зөвшөөрөөгүй вакцин худалдан авах болсон нь ихээхэн шуугиан, шүүмжлэлийг дагуулж, сайд нар эхнээсээ огцорч эхэлсэн юм. Гуравдугаар сарын 12-ны өдөр Словакийн Эрүүл мэндийн сайд Марек Крайчи огцрох өргөдлөө өгчээ.
Ерөнхий сайд Европын холбоо болон НАТО-ын бүрэлдэхүүнд багтдаг улсынхаа засгийн газрын хүсэл зоригийг үл харгалзан Европын холбоонд бүртгэгдээгүй вакцины 2 сая тунг авахаар Москватай тохиролцсон нь ийнхүү засгийн хямрал нүүрлэх шалтгаан болжээ.