Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Ганбаатар: МАН, МАХН нэгдсэн ч би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ


МАН, МАХН нэгдэх асуудлыг ярьж байна. Та МАХН-аас сонгогдсон ганц гишүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би үүнийг дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр энэ бол намын гишүүдийн олон ургалч үзлээр шийдэгдэх асуудал. Би өөрөө МАХН-ын нэг гишүүн, намын дэд дарга. Манай нам УИХ-ын сонгуульд ИЗНН, Уламжлалын нэгдсэн намтай хамтарч орсон. Дараа нь орон нутгийн сонгуулиар АН-тай стратегийн түншлэл гэж мөн хамтарч орсон. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-тай нэгдэж орох гэж явж байгаа нь бидний байр суурь, жанжин шугам ийм хол, хол үсэрч болохгүй. Гишүүд дэмжигчдийн жанжин шугам гэж байдаг. Манай намынхан МАН-тай нэгдэх, эсэхийг гишүүд, дэмжигчдээсээ асууя гэж байгаа. Тэрэнд нь би хувь нэмэр оруулж, МАН-тай орж болохгүй, МАН бол Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг сандайлаад суучихсан, Монгол орноос уул уурхайн баялгийг нь хулгайлсан. Тиймээс ийм намтай нийлж болохгүй, хулгайлсан ажлыг зохион байгуулсан удирдагч нар нь өнөөдөр МАН дотроо байгаа. Тэр хүмүүс нь гараагүй байхад баялгийн эх оронч үзлийг барьдаг МАХН үзэл бодлоосоо ухарч, өөрчлөгдөж болохгүй, бид жанжин шугаман дээрээ байх ёстой. Тиймээс би МАН-тай нэгдэхийн эсрэг байгаа. Манай хамт олон өчигдөр энэ асуудлыг хэлэлцсэн.
Хоёр нам нэгдэх, эсэх асуудал хэзээ эцэслэн шийдэгдэх бол. МАН 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болох зорилго тавьсан гэдгээ албан бусаар мэдэгдээд байгаа. Үүний тулд том өрсөлдөгчөө, нэг үгээр таныг зайлуулахын тулд хоёр намыг нэгтгэх гээд байна уу?
-Сэтгүүл зүйн салбарын ажилтнууд та нар нийгмийн судсыг барьж байгаа хүмүүсийн хувьд улс төрийн прогноз хийлгүй яах вэ. Монголын ард түмний надад итгэдэг итгэл, ялангуяа, Эрдэнэтчүүдийн бидэнд өгсөн итгэл, МАХН-ыг парламентад суудалтай, Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэх мандатыг өгсөн. Үүнийг бид ямар нэгэн байдлаар хэсэгхэн хувь хүний эрх ашгийн төлөө наймаалцдаг, худалддаг юм манай намд байхгүй гэдэгт би одоо ч итгэсэн хэвээрээ байгаа. Харин МАН өөрийг нь ялах магадлалтай, хамгийн том өрсөлдөгчөө зайлуулах нэг хэрэгсэл болгож, манай намын зарим нэг хүмүүстэй нэгдэх яриа хийсэн гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Би арай ч ийм тэнэг юм болохгүй байх гэсэн итгэсэн хэвээрээ байгаа.
-Та энэ асуудлаар Н.Энхбаяр даргатай ганцаарчилж уулзаж, парламентад энэ намыг төлөөлж байгаа хүний хувьд байр сууриа илэрхийлсэн үү?
-Би Н.Энхбаяр даргыг энэ асуудал дээр намынхаа гишүүд, дэмжигчдийн санаа бодолтой тууштай хамт байгаа гэж итгэж байгаа. Харин манай нам дотор өнөө, маргаашийн албан тушаал, эрх мэдлийн төлөө үзэл бодол, үнэт зүйл, намын олон хүмүүсийн итгэл үнэмшлээ худалдахыг хүсч байгаа залуус байж болно. Энэ аль ч намд байдаг зүйл. Би ганц л зүйл хэлэхийг хүсч байна. 10 гаруй жил маш их гадуурхагдаж, баялгийн их оронч үзэлтэй, монголчуудынхаа төлөө дуу хоолойгоо гаргасны төлөө МАХН-ын маш олон гишүүд, дэмжигчид гадуурхагдаж, хавчигдаж, золиослогдож явсан. Тэр олон хүний сэтгэл, хөдөлмөр, зүтгэлийг арилжааны хэрэгсэл болгож болохгүй гэдэг дээр манай олон гишүүн санал нэг байгаа байх.
-МАН, МАХН-ын үзэл баримтлал ойртож байгаа учраас нэгдэх асуудлыг МАХН хүлээн зөвшөөрч байгаа гэж Э.Эрдэнэжамъян дарга хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан байсан. Наанаа ийм тайлбар хэлж байгаа ч цаанаа 3-4 дэд сайд авах, СХД-ийн нөхөн сонгуульд Э.Батшугарыг нэр дэвшүүлэх тохироо хийж байгаа юм биш үү?
-МАН, МАХН хоёр социол демкорат үзэл бодолтой гэдгээ цаасан дээр бичдэг. Гэхдээ МАН бол 100 хувь эсрэг, уул уурхайн баялгийг цөлмөн дээрэмдэгчдийн нам болсон. Монголын төрийн албан тушаалуудыг худалддаг нам болсон. Намайг энэ үгийг хэлсний төлөө тэд шүүх, цагдаа,  хүчний байгууллагууддаа хандах эрхтэй. Харамсалтай нь тэд чадахгүй. Яагаад гэхээр миний ярьж байгаа үнэн учраас. Тэдний халаасанд бүх шүүх, хяналтын байгууллага байгаа ч гэсэн би өнөөдөр хэлсэн энэ үгэндээ хатуу зогсоно. Тэдэнд ямар нэгэн үзэл бодол байхгүй, мөнгөний, уул уурхайн баялгийг худалддаг нам болсон. Ийм намтай, баялгийн эх оронч үзлийг дэмждэг, шинэ дээд Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нам үүнийгээ орхиод нийлэх гээд байгаа юм уу, эсвэл МАН бүх луйварчдаа хаячхаад бидэн дээр орж ирэх гээд байгаа юм уу гэдэг нь ард түмэнд тодорхой байх ёстой. Бид үзэл баримтлалаа орхиод хэдэн сайдын төлөө арилжаад явах гэж байгаа гэвэл Монголын ард түмний нүүрийг яаж харах юм бэ. Энэ асуудал дээр би байр сууриа ил тод хэлж байгаа. МАХН-ын удирдлагууд миний байр суурьтай ижил байгаа гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа.
-Танай нам МАН-тай нэгдэх, эсэхээ гишүүдээсээ асууя гэж байгаа ч эцсийн шийдвэрийг Н.Энхбаяр дарга гаргана биз дээ?
-Гайгүй байх аа. Би МАХН-ын удирдлага, хамт олонд итгэж байна. Яагаад гэвэл маш олон жил тэмцэл хийгээд, хоорондоо нягтарчихсан гишүүд дэмжигчдээ хүндлэх байх.
-Хоёр намын удирдлагын түвшинд ажлын хэсэг байгуулж байгаа гэсэн. Та тэр ажлын хэсэгт орсон уу?
-Би ороогүй. 100 хувь эсэргүүцсэн. Ажлын хэсэгт парламентын гишүүнээ заавал оруулъя гэдэг саналууд гарч байсан. Гэхдээ би учраа хийлсэн. Анхнаасаа би 100 хувь эсрэг байгаа. Удаа ч үгүй тэр ажлын хэсгээс манайхан хөөгдөөд ороод ирвэл би тэр дунд баймааргүй байна. Дараа нь бас хөөгдөхөд нь хувь нэмэр оруулсан гэж цоллуулмааргүй байна. 2012 онд би гишүүн болсон. АН-ын үед ч би тэдэнтэй үзэлцэж байсан. Монголын хамгийн боловсролгүй хүн болтлоо муулуулж, доромжлуулсан. Тэр үед АН-тай нэг хөнжилд орж, хамт засаг барьснаараа 12 жил нар хараагүй. Өнөөдөр МАН-тай бас нэг хөнжилд орно гэдэг тийм ч сайн зүйл биш. Аль ч нам бай, эрх барьж байгаа улсууд хулгай, дээрэм тонуул хийж, уул уурхайн баялгаасаа цөм иддэг. Би ганцхан МАН-ыг ярьсангүй. АН ч эрх барьж байхдаа ёстой даварч байсан шүү.  Өнөөдөр 62-ын бүлэг бас дэндүү даварч байгаа. Дэндүү даам гарч байна. Үүнийг хэлж, засч залруулж, ард түмэнд хоточ нохой шиг байгаарай гэж Эрдэнэтчүүд санал өгсөн болохоос чонотой нийлсэн нохой шиг байгаарай гэж хэлээгүй.
-Хэрвээ хоёр нам нэгдэх албан ёсны шийдвэр гарвал таныг намаасаа гарна гэдэг байр суурь илэрхийлсэн гэсэн. Хэрвээ танай нам МАН-тай нэгдчихвэл яах вэ гэдгийг та улстөрчийнхөө хувьд тооцож байгаа байх?
-Энэ их урвалт шарвалт, эрх мэдлийн наймааны үед ингэчихвэл яах бол, тэгчихвэл яах бол гэж их гүн бодвол стресст ороод богино насална шүү дээ, аюултай. Мөнх тэнгэр мэднэ. Өвөг дээдэс минь тэнгэр дээрээс харж байгаа гэж бодож их амар байдаг. Хоёрт, би “Та бидний эвсэл”, Эрдэнэтчүүдийгээ 2024 он хүртэл төлөөлнө.  Ямар ч байсан Эрдэнэтийн ард түмэн “Та бидний эвсэл”-ийг сонгосон. Түүнээс биш энэ итгэлийг аль нэг эрх баригчид худалдаарай гэж сонгоогүй. Тиймээс би 2024 он хүртэл “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл байна гэдэгтээ хатуу итгэлтэй байгаа. Үүний төлөө бүх алхмуудаа хийнэ.
Би намын хурал дээр дөрөвхөн зүйл хэлсэн. Нэгд, Магнайбаярыг та нар бүгд үзэж ядаж байсан. Харааж байсан. Эцсийн эцэст Магнайбаяр буруугүй юм байна. Булган сүүлтэй юм байна. Та нар тэр хүүхдийг хараагаад хэрэггүй шүү. Хоёрт, та нар хэлэлцээрт оръё гэж байгаа юм байна, ажлын хэсэг байгуулж байгаа юм байна. Та нарт би нэг англи үг хэлчье. Арслан, хонь хоёр хэлэлцээрт орж болдоггүй юм. Арслан, хонь хоёр хэлэлцээрт орлоо л бол удахгүй хонь мах болдог гэдэг үг мэдэх үү та нар. Гуравт, та нар намайг дараагийн О.Баасанхүү болно гэж дандаа харцаараа хардаг байсан. Би хэзээ ч хүний итгэж байгаа итгэлийг худалдахгүй. Гэхдээ намайг зовоож байсан. Үл итгэсэн нүд рүү харж байгаад итгэсэн юм шиг ажиллана гэдэг тийм ч сайхан зүйл биш. Та нар тийм нүдээр намайг хардаг байсан. Би хэзээ ч тийм хүн болохгүй. Харин би дотроо баасан хүү болохгүй гэж дотроо андгайлж байсан. Гэтэл өнөөдөр та нар бүгд О.Баасанхүү болох юм гэж би даанч бодсонгүй. Би үзэл бодолдоо, энэ олон ядарсан гишүүддээ үнэнч үлдье. Та нар албан тушаалтайгаа явж болно. Дөрөвт,
-Хэрвээ танай нам МАН-тай нэгдчихвэл та МАХН-ын гишүүн хэвээрээ байх уу?
-Тэгвэл би “Та бидний эвсэл”-д хэвээрээ байна.
-Та улстөрчийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, цаашилбал Ерөнхийлөгч болох амбицтай. Гэтэл энэ боломжийг чинь намын удирдлагууд тохиролцоо хийгээд байхгүй болгож байна. Улстөрчийнхөө хувьд шатаж байгаа биз дээ?
-Шатаж байгаа. Хүмүүс ойрын үед “чи дуугаа өндөрсгөж битгий яриарай” гээд байгаа. Гэтэл өөрийн эрхгүй цаанаасаа дуу өндөрсгөөд байна. Би аль болох л намдуу ярих гээд байгаа. Гэхдээ л олон жилийн миний хөдөлмөр шүү дээ. Маш олон жилийн хөдөлмөр, боорлуулсан, зодуулсан, зодолдсон хэцүү, хүнд жилүүдийг өнгөрөөлөө. 17 жил уул уурхайн баялгаа Монголын ард түмэнд өгье, ингэж байж бид өргүй болно, мал аж ахуйдаа хөрөнгө оруулалт хийнэ, монгол орон үйлдвэр ажлын байр бий болгоно гэдэгт би одоо ч итгэдэг.
Таван хошуу малыг бэлчээрээр нь зарах гэж үг байдаг. Бэлчээртээ аз жаргалтай байгаа мэт боловч бэлчээрээр нь тэр чигт нь гаднын наймаачинд өгчихдөг наймаа байна.
-МАХН МАН-тай нэгдчихвэл та өөр намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй байх уу?
-“Та бидний эвсэл”-д хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь хэвээрээ байгаа. Нэгдсэн байсан ч би дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Эрх баригчид таныг дэвшиж болохгүй гэдэг хуулийн гаргалгаа гаргачих юм биш биз дээ?
-Тэгж ярьж байна. Гэхдээ Монголын ард түмэн ялна. Надад мөнх хөх тэнгэр, Монголын ард түмэн байгаа. Эдэнд хууль шүүхийн байгууллага, уул уурхайгаас орж ирсэн овоолоостой их мөнгө байгаа. Хэн ялахыг мөнх хөх тэнгэр мэднэ. Мэдээж ард түмэн ялна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ