АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гадаад бодлогын талаар үг хэлэхдээ өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжилсэн утгатай зүйл олныг ярьсан боловч нөгөө талаас тухайлбал, дундаж давхаргынханд анхаарал хандуулах гэх мэт зарчмын хувьд цоо шинэ хандлагыг илэрхийллээ гэж “Foreign Policy” сэтгүүлд бичжээ.
“Энэ нь Ерөнхийлөгч асан Дональд Трампыг ихээхэн шүүмжилсэн үг байлаа. Байден Америк гадаад бодлогын төвд эргэн ирж байгааг дэлхий нийтэд зарлав” гэж тус сэтгүүлд онцлон тэмдэглэсэн байна. Тус хэвлэлд бичсэнээр, Вашингтоны засаг захиргааны одоогийн тэргүүний мэдэгдэл нь санхүүгийн корпорацуудын (Уолл-Стритийн эсрэг) нөлөөг эсэргүүцдэг Ардчилсан намын популист үзэл санааг илэрхийлсэн байлаа.
"Байден үймээн самуунтай Трампын ерөнхийлөгчийн дөрвөн жилийг дэлхий дахинд мартуулж, АНУ-ыг дахин дэлхийн тэргүүлэгч гүрний хувиар харуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн" гэж хэвлэлд бичжээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч "Германд цэргээ үлдээх эсвэл Хятадад шахалт үзүүлэх тухай мэдэгдсэнээс бусдаар Европтой харилцах харилцаанд учирсан хохирлыг хэрхэн арилгах гэж байгаа талаар ярьсангүй”.
Нийтлэлийг бичигчийн үзэж байгаагаар, Байден үндэсний аюулгүй байдлын шинэ зарчим нэвтрүүлсэн нь дундаж давхаргын сайн сайхан байдлын талаар байв. “Ажилчин ангидаа гол анхаарал хандуулсан нь хамгийн чухал зүйл байв. Одоо гадаад, дотоод улс төрийн хооронд тодорхой хуваагдал байхгүй болно" гэж сэтгүүлд тэмдэглэжээ.
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг