Тус аймгийн Зуунмод сумын “Ротари” клубээс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор найман байгууллагад автомат гар ариутгагч хандивлалаа.
Тодруулбал, Монголын Ротаричууд клубээс “Ковид-19” цар тахлын эсрэг аяны хүрээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Төв аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний 016-р нэгтгэл, Нэгдсэн эмнэлгийн Дотор, Мэс засал, Мэдрэлийн тасгууд, Зуунмод сумын Номт болон Баруун багуудын Өрхийн эрүүл мэндийн төвд автомат гар ариутгагч, амны хаалт хандивлажээ.
Олон улсын Ротаригийн Монгол дахь Ротари мэдээлэл хариуцсан захирал Д.Бэрцэцэг “Монголын Ротаричууд клубээс “Ковид-19” цар тахлын эсрэг аяны хүрээнд нэн шаардлагатай байгууллагууддаа автомат гар ариутгагч хандивлалаа. Өмнө нь манай клубээс аймаг болон Зуунмод сумын Онцгой комисст 2.8 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт, хамгаалалтын хувцас хандивлаж байсан. Цаашид ч “Ковид-19” цар тахлын үед нэн шаардлагатай зүйлээр дэмжлэг үзүүлж ажиллана” гэв.
Ташрамд, РОТАРИ хэмээх хүмүүнлэгийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага анх 1905 онд АНУ-ын Чикаго хотод байгуулагдсан түүхтэй. Ротари нь даян дэлхийд сайн санаа, энх амгаланг бий болгохын төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн, ёс суртахууны өндөр хэм хэмжээнд өөрсдийн хүмүүнлэгийн үйлчилгээг дэлхийн өнцөг бүрт хүргэдэг, шашин болоод улс төрөөс ангид, ашгийн бус, төрийн бус олон улсын байгууллага юм.
Монгол Улс 115 жилийн түүхтэй энэ байгууллагын гишүүн болох эхлэл анх 1995 онд “Улаанбаатар Ротари” нэртэй анхны клуб байгуулагдсанаар тавигдсан байдаг.
1995 оноос өнөөг хүртэлх хугацаанд Монголын Ротари байгууллага 18 Ротари клуб (үүнд 30-аас дээш насныхан хамрагдана), 15 Ротаракт клуб (18-30 нас), 4 Интеракт клуб (12-18 нас) клубүүдээр хүрээгээ тэлж, эгнээндээ 1000 гаруй гишүүдийг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.