АН өнгөрсөн сонгуулиас хойш албан ёсны дарга ч үгүй, шинэчлэл ч үгүй, намын үйл ажиллагаандаа ямар ч өөрчлөлт гаргасангүй явсаар хагас жилийн нүүрийг үзлээ. “С.Эрдэнийг АН-ын даргын сэнтийгээс буулгачихвал “манай намд жинхэнэ шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх гээд байна” гэж ам уралдан хэвлэлийн хурал зарлаж байсан залуусынх нь ч сураг алдраад удлаа. УИХ-д суусан 11 гишүүн нь сөрөг хүчнийхээ нэр, нүүрийг бодож, чуулганы хуралдаанд хааяа нэг үг хэлж харагдана. Бусдаар АН бүлх залгисан юм шиг нам гүм байна. Тэгвэл хэдхэн хоногийн дараа АН “амь” орж эхлэх бололтой. Учир нь, тус намын Үндэсний бодлогын хороо энэ сард хуралдаж, Их хурлынхаа товыг тогтоосныг УИХ дахь АН-ын бүлгээс энэ даваа гарагт зарлалаа. Тодруулбал, АНын X Их хурал энэ сарын 18, 19-нд цахимаар хуралдана. Үүнээс өмнө буюу энэ сарын 17-нд Үндэсний бодлогын хороо нь цахимаар хуралдаж, Их хурлын дарга, тэргүүлэгч, хэлэлцэх асуудал, редакц, тооллогын комиссыг батлах аж. Ийнхүү Их хурлаараа намын даргаа сонгож, АН-ын Үндсэн дүрмийг шинэчилнэ. Өөрөөр хэлбэл, АН мөхөх үү, сэхэх үү гэдэг чухал алхмыг X Их хурлаараа шийднэ гэсэн үг. Тус намд шинэчлэл хийж чадах сайн удирдлага сонгож, Үндсэн дүрмээ шинэчилж чадвал АН мандан бадарна. Эс бөгөөс улам хүндрээд буй намын доторх зөрчил, хангарал нь туйлдаа хүрч нурах сонголт тэднийг хүлээж байна. Харамсалтай нь, энэ тухайд гэрэл харагдахгүй байгаа юм. Шинээр боловсруулсан Үндсэн дүрэм нь өмнөхөөсөө дээрдээгүйгээр барахгүй АН-ын одоогийн үйл ажиллагааг дүрмийн бус байна гэж намын гишүүд нь ам уралдан шүүмжилж эхэлсэн.
АН ШИНЭЧЛЭЛИЙГ АЛГАСАЖ, ЭРС ӨӨРЧЛӨГДӨНӨ ГЭВ ҮҮ
“Манай намын хувьд хоёр том ялагдал хүлээсэн учраас ямар нэгэн байдлаар шинэчлэл бус, эрс өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн” хэмээн АН-ын даргын үүргийг гүйцэтгэгч Ц.Туваан хэлжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шинэчлэл гэж ярьсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн өөдтэй алхам хийж чадаагүй АН шинэчлэлийг алгасаж, эрс өөрчлөлт хийхээр сэтгэл шулуудсан байна. Ямартай ч АН энэ удаагийн Их хурлаараа намын дүрмээ шинэчилж, Дээд шүүхэд хүргүүлэхээр төлөвлөжээ. АН намын дүрэмдээ өөрчлөлт оруулахаар 44 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан гишүүдийнхээ гар дээр хүргүүлсэн. Гэтэл шинээр боловсруулсан Үндсэн дүрэм намын гишүүдийн шүүмжлэлийг дагуулж эхлээд байна. Төсөлд намын ялагдлын гол хүчин зүйл болсон дотоод хагарал, хуваагдлыг арилгах үүднээс намын даргын дотоод сунгааг болиулах, санхүүгийн ил тод байдлыг сайжруулж, энгийн гишүүдэд очдог санхүүгийн дарамтыг үгүй хийж татвар, дэнчингүй болгох зэрэг өөрчлөлтийг оруулсан байна. Ийнхүү дэнчин, татварыг үгүй хийж, намыг Санхүүгийн хяналтын хороотой болгож, намын даргын эрх мэдлийг багасгаж, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг бэлэн болгоод байгаагаа АН зарласан. Дээрх өөрчлөлтийг АНын дарга асан С.Эрдэнэ “шаардлагагүй өөрчлөлт” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа шүүмжилсэн.
Тэрбээр “АНын Үндсэн дүрмийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж. Тэр ажлын хэсэгт ХҮН-д байсан, УИХ-д бие дааж нэр дэвшсэн хүнээс эхлээд янз бүрийн маш олон хүн орсон байна билээ. Өөр нам, “гудамжинд” байсан хүмүүс гарч ирээд АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг гардаад, санаачлаад явж байгаа нь сонин харагдаад байгаа юм. Яагаад 200 гаруй мянган гишүүнтэй энэ том нам, энэ намын үйл ажиллагаанд олон жил үр бүтээл, идэвхтэй оролцсон гишүүдээсээ ажлын хэсэг бүрдүүлж болоогүй юм бэ.
Яагаад заавал өөр намд байсан, эсвэл намынхаа үнэт зүйл үзэл санаанаас урваад, бие даагаад Үндсэн дүрэм зөрчөөд явчихсан хүмүүсийг оруулж ирж, намын амин судас болсон Үндсэн дүрмийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт оруулж ажиллуулаад байгаа юм бэ. Үндсэн дүрмийн агуулгыг харахад тийм ч их шинэ зүйл байхгүй. Яг л хуучин руугаа явж байна. Бид Үндсэн дүрмээ 2019 онд өөрчилснөөс хойш жил гаруй л хугацаа өнгөрч байхад дахиж өөрчлөх шаардлагагүй. Дүрэмгүй тоглож байгаа нөхөд дүрэмдээ захирагдаж ажилла” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Энэ мэтээр намын гишүүд нь шинэ дүрэм боловсруулсан ажлын хэсгээс нь эхлээд шүүмжлээд байгаа юм. Тиймээс АН-ын Үндсэн дүрмийн шинэчлэл дээр нэлээд маргаан үүсэх дүр зураг харагдаж байна. УИХ-ын сонгуульд АН-ыг удирдаж оролцсон С.Эрдэнэ намаа ялагдал хүлээлгэж, арай ядаж 11 суудалд хүргэсэн хариуцлагаа хүлээж огцорсон. АН-ын тамга, тэмдгээ намын дэд дарга Ц.Туваанд түр шилжүүлснээр АН түр орлон гүйцэтгэгчтэйгээр өнөөдрийг хүрээд буй. Уг нь АН даргын сунгаагаа явуулахаар халуун намраар л нэр дэвшигчдээ бүртгэж, Их хурлын товоо хэдэнтээ зарласан ч цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос болж хойшилсоор өдийг хүрсэн. Энэ нь тэртээ тэргүй хэрүүл, хагаралтай, эв зүйгээ олохгүй байгаа АН-д цаг хожих боломж байсан ч байж болох юм. Ямартай ч АН шинэчлэлээ эхлүүлэх цаг хугацаагаа товлочихлоо. Тиймээс шинэчлэлээ эхлүүлэх үү, “амь” тасрах уу гэдгийг гишүүн, дэмжигчид нь хоног тоолон хүлээж байна.
АН-ЫГ ШИНЭ ХҮН ТӨЛӨӨЛЖ ЧАДАХ УУ
АН-ын Үндэсний бодлогын хороо нэгэнт Үндсэн дүрмээ боловсруулчихсан. С.Эрдэнийн шүүмжлэлтэй, шүүмжлэлгүй батлах нь тодорхой. Үүний дараагаар шинэчилсэн дүрмийн дагуу намын даргаа сонгоно. Намын удирдлагууд огцорч, АН төдийгүй нийслэлийн АН-ын хороо нь ч үүрэг гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс намын дотор ил, далд өрсөлдөөн үргэлжилж буй. Намын дарга биш юм аа гэхэд нийслэлийн АН-ын хорооны даргад горилсон нэгэн ч бий. Ямартай ч эхний ээлжид намын даргаа сонгох нь энэ улс төрийн хүчний хувьд хамгийн чухал ажил. АН дүрэмдээ намын даргын дотоод сунгааг болиулсан. Сунгаа намын гишүүдийг дотор нь хагалж, задлах сөрөг талтай гэж үзсэн учраас шат шатанд нь тухайн нэгжийг удирдахыг сонгох эрхийг нь өгчээ. Харин намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулж, дөрвөн жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно. Хуучин дүрмээр бол АНын даргад нэр дэвших хүнийг нийт гишүүдээс марафоноор сонгодог байсан. Тэгвэл дүрмийн шинэчилсэн төслөөр намынхаа даргыг хоёр шатнаас сонгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, намын даргад нэр дэвших хүмүүсээс хоёрыг нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхоор үлдээж, намын Их хурлаар сонгодог байхаар дүрмийн өөрчлөлтдөө тусгажээ. АН-ын дотоодод дарга, цэргийн суудлын маргаан үеийн үед оршсоор ирсэн. Энэ удаагийн талцал, хэрүүл ч үүнтэй холбоотой. АН-ын дарга болохыг хүсэгчид цөөнгүй байна. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ ил тод хэлсэн.
Тэрбээр, “АН-ын даргад нэрээ дэвшүүлж буйгаа зарлаж “Манай намд эмэгтэй дарга өмнө нь байгаагүй. Эмэгтэйчүүд үргэлж эрэгтэй дарга гарахад арын албанд нь ажиллаж байсан. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлэхээр зориглож байна. Нам бол сайн дураараа нэгдэж буй хүмүүсийн бөөгнөрөл байж, ард түмэн хүлээн зөвшөөрдөг юм байна.
Тиймээс манай намд 100 сая төгрөгийн дэнчин төлөхгүйгээр, яг тойргийнх нь иргэдийн хүссэн хүнийг дэвшүүлдэг бүтэц, зохион байгуулалт хэрэгтэй. Би Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга болохдоо дэнчинг байхгүй болгосон. Хамгийн сайн шийдэл мөнгөгүй үед л гардаг” гэж ярилцлага өгч байсан юм. Тэрбээр намын дарга болох давуу талаа дэнчингээр үнэлж буй. Түүнээс гадна АН-ын даргын сунгаанд 10 орчим хүн өрсөлдөх хүсэлт гаргасан гэх мэдээлэл бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр өрсөлдөх аж. Түүний хувьд 2016 онд намын даргын сунгаанд өрсөлдөж байсан бол энэ удаад дахин АНын даргад өрсөлдөж намынхаа үйл хэрэгт оролцохоор горилж байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Өвөрхангай аймгийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл нар нэр дэвшихээр зэхэж байгаа аж. Эдгээрээс Ж.Батсуурь залуу гишүүддээ боломж олгохоор шийдсэн үү, ямартай ч нэрээ татсан байна. Мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин АН-ын даргын сунгаанд оролцоно. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэг намын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн. Тэрбээр “АН-аас гарч явсан, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй хүмүүсээ урина” гэж хэлж байлаа. АН-ын ҮБХ-ны гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин намын даргын сунгаанд өрсөлдөхөө ч мөн мэдэгдсэн. Түүнийг Ерөнхийлөгч сойж байгаа гэх яриа бий. Гэхдээ үүнийг тэрбээр няцаасаар байгаа юм. “Хэрэв намын дарга болбол, шинэчлэлийг хэлбэр төдий бус нийгмийн хүсэн хүлээж буй институт болгохын тулд би эрс шинэчлэлтийг хийнэ” хэмээж байсан удаатай. Мөн хуульч О.Алтангэрэл, Д.Пүрэвдаваа нар АН-ын даргад нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн нэр дуулдаж байсан ч бас л нэрээ татсан сурагтай. Ийнхүү олон хүн АН-ын даргад горилж явна. АН-ын жирийн гишүүн, дэмжигчдийн хувьд зөв хүнээ намын даргаараа сонгож, цоо шинэ үзэл баримтлалаар цааш явах чин хүсэл бий. Энэ чин хүслийг дээрх горилогчдоос хэн нь биелүүлж чадах вэ гэдгийг цаг хугацаа харуулна. Ямартай ч өмнөх дарга С.Эрдэнийн хаанчлал өнгөрсөн сонгуульд АН-ыг ялагдалд хүргэснээр дуусгавар болсон. Тиймээс шинэ дарга тодорсон цагаас АН-ын шинэчлэл эхлэх учиртай. Гэхдээ шинэ үеийн төлөөллөө сонгох уу, “хуучин бууны хугархайнуудаа” эргэн сонгож, хагарал, хэрүүл дундаа мөнхөд орших уу гэдэг нь энэ удаагийн АН-ын Их хурлаас шалтгаалах юм.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин